Өнгөрөгч долоо хоногт ямар кино эрэлттэй байв?

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

Өнгөрөгч долоо хоногт ямар кино эрэлттэй байв?

АНУ, Их Британи, Канадын кино театруудаас олсон ашиг орлогоороо box office-т тэргүүлсэн 10 киног танилцуулж байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрөгч долоо хоногт ямар кино хамгийн их эрэлттэй байж, кино театруудад үзэгчид юуг онцлон сонирхож байсныг, ямар кино багынхан хамгийн их ашгийг олсныг харуулдаг юм.

1. “Despicable Me 2” Universal $24.5 сая.

Жагсаалтыг өнгөрсөн долоо хоногт 24.5 сая ам.долларын ашиг олсон Universal Pictures-ийн бүтээл, шинжлэх ухаан, гэмт хэргийн сэдэвт, инээдмийн  “Despicable Me 2” буюу “Сарыг хулгайлах төлөвлөгөө” хүүхэлдэйн кино тэргүүлжээ. 2010 онд эхний анги нь гарнаас хойш шуугиан тарьж буй уг хүүхэлдэйн кино Америкийн түүхэн дэх хамгийн шилдэг 10 хүүхэлдэйн киноны нэг хэмээж байгаа юм. Шинэ анги эхнийх шигээ гэнэтийн бэлэг болж чадахгүй ч Gru, бяцхан минионууд болон охидоос илүү аюултай дүр байхгүй гэдэгт итгээрэй.

2. “The Lone Ranger” Disney $9.86 сая.

Найруулагч Гор Вербинскийн шинэ бүтээл “The Lone Ranger,” өнгөрсөн долоо хоногт 9.86 сая ам.долларын ашиг олж, бяцхан минионуудын араас нэхэл хатуутай мөшгиж явна. Карибын тэнгисийн зартай дээрэмчний дүрээр нэлээн гаршсан Холливудын царайлаг эр Жонни Деппийн гол дүрд нь тоглосон энэхүү киног түүний өмнөх кинонуудаас хамгийн муу нь гэж зарим кино сонирхогчид хэлж байгаа ч зэрлэг өрнөдийн балмад адал явдлыг өгүүлсэн кино жагсаалтын хоёрдугаарт бичигдлээ. Барууныхны домогт гардаг Лөүнь Рэнжерийн амьдралаас сэдэвлэсэн уг кинонд Америкийн уугуул индиан Тонто ба Лөүнь Рэнжер нарын авилга хээл хахууль хийгээд шударга бус байдалтай хэрхэн гар нийлж тэмцдэг тухай өгүүлж.

3. “The Heat” Fox $6.4 сая.

Өнгөрсөн сард Кувейт, Филиппин, Сингапурт нээлтээ хийсэн инээдмийн кино “The Heat” жагсаалтын гуравт бичигджээ. Сандра Баллок, Мелисса МакКартни нарын тоглосон уг кинонд ууртай Холбооны мөрдөх товчооны ажилтан, хараал урсгагч хоёр хэрхэн хамтрагч болж, гар нийлж буйг харуулна.

4. “Monsters University” Disney $5.2 сая.

Уолт Диснейн бүтээл, “Мангасуудын компани” хүүхэлдэйн киноны үргэлжлэл “Monsters University” буюу “Мангасуудын их сургууль” өнгөрсөн долоо хоногт 5.2 сая ам.долларын ашиг олжээ. Майк Вазовский, Салли хоёрын анх найз болохоос өмнө Мангасуудын их сургуульд танилцсан тухай, уг сургуульд тэнцэж төгсөх хүнд сорилтыг хамтдаа хэрхэн давж буй тухай өгүүлжээ. Нөхөрлөл, зорилгодоо хүрэх чадвар, урам гэж юу байдаг тухай та энэ киноноос мэдрэх болно.

5. “World War Z” Paramount $4.3 сая.

Ертөнцийн төгсгөлийг зөгнөсөн өөр нэг кино “World War Z” өнгөрсөн долоо хоногт 4.3 сая ам.долларын орлого олжээ. Гол дүрд нь бидний хайртай

Холливудын царайлаг эр Брэд Питт тогложээ. Дараагийн уран зөгнөлт кино гарч иртэл ярих юмтай болсон нь энэ.  

6. “White House Down” Sony $3.5 сая.

Бидний дэлгэцийн анд Чэннинг Татум, Жэмми Фокс нарын тоглосон “White House Down,” кино 3,5 сая ам.долларын ашиг олжээ. Охиндоо Цагаан ордонг үзүүлж явсан цагдаагийн ажилтан санамсаргүй хэрэгт татагдан оролцож, охиноо аварч, ерөнхийлөгчийг зэвсэгтэй халдагчдаас хамгаалах ёстой болно. Америкчууд яагаад Цагаан ордноо нурж байгаагаар зөгнөдөг юм бол. Муу ёр байгаа даа.

7. “Man of Steel” Warner Bros. $3.03 сая.

Box office- ийн долдугаарт 3.03 сая ам.долларын орлого олсон  “Man of Steel,” бичигдлээ. Супер баатрын түүх үргэлжилж байна. Найруулагч Зак Снайдер, хөгжмийн зохиолч, Ханс Зиммер нар бас нэгэн гайхалтай бүтээлээ туурвисныг нь дэлгэцнээс үзэх болж байна.

8. “Kevin Hart: Let Me Explain” Lionsgate $2.58 сая.

”Kevin Hart: Let Me Explain,” Нээлтээ хийснээс хойш ердөө хоёр өдрийн дотор 7.4 сая ам.долларын ашиг олсон кино.  Уг баримтат инээдмийн киног  элэглэгч Кевин Хартын аялан тоглолтын турш бүтээсэн байна.

9. “This Is the End” Sony $1.13 сая.

Жагсаалтын есдүгээрт өнгөрсөн долоо хоногт 1.13 сая ам.долларын ашиг олсон “This Is the End,” кино бичигдлээ. Аймшгийн мөртлөө инээдмийн уг кинонд Жеймс Франко, Жона Хилл нар тогложээ. Шинэ байрны үдэшлэг жинхэнэ аймшиг болж хувирна. Гэвч энэ бүхэн маш инээдэмтэй гэдгийг амлая.

10. “Now You See Me” Lionsgate   $673,127.

Жагсаалтын хамгийн сүүлд бичигдсэн “Now You See Me,” кино өнгөрсөн долоо хоногт 673,127 ам.долларын ашиг олжээ. 75 сая ам.долларын хөрөнгөөр бүтсэн уг триллер кинонд Мөрдөх товчооны ажилтан бүлэг илбэчдийн мөрөөр орж, мөшгиж буй тухай өгүүлнэ. Кинонд Морган Фрийман, Вуди Харрелсон, Марк Руффало, Жессе Айсенберг нар тогложээ.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №020

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж