Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Нээлттэй захидал

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, УИХ-ЫН ДАРГА ДАМДИНГИЙН ДЭМБЭРЭЛ, ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАРЫН БАТБОЛД НАР ТАНАА

 2011 оны 4 дүгээр сар 21                                                               Улаанбаатар хот

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Манай улсын нэр нүүр болж 53 жилийн турш ард түмэндээ үйлчлэн, олон улс, тив, дэлхийн тэмцээнүүд зохиогдож олон үеийн хүүхэд, залуучууд, спортын төрөл бүрийн тамирчдын хичээллэж, амжилтаа сорьж, тэмцээнд оролцож ирсэн Спортын төв ордоны “А” танхимыг 2011 оны 5 сараас эхлэн чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг,  тамирчдын бэлтгэл сургуулилтаа явуулдаг бэлтгэлийн заал болгон зориулалтыг нь өөрчлөн, засч тохижуулах үйл ажиллагаа явуулах гээд байгаад бид сэтгэл ихэд эмзэглэн хүлээн авч, буруушаан эсэргүүцэж байна.

Яагаад Улаанбаатар хотноо “Бөхийн өргөө” нэртэй спортын тусгайлсан ордон байхад ЕБДС-ийн сурагчид, ИДС-ийн оюутан залуучууд, байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын чөлөөт цагаа өнгөрүүлдэг, нийтийн биеийн тамирын гол арга хэмжээнүүд болдог энэхүү газрыг өөрчлөн зохион байгуулах гээд байна вэ. Энэхүү ордны “А” танхимд жилдээ 400 орчим нийтийн биеийн тамир, спортын төрөл бүрийн арга хэмжээ болж, 200.000 гаруй хүүхэд, залуучууд, тамирчид, иргэд, үзэгчид хамрагдан оролцдог хотын төвийн ганцхан байгууламжаа “Бөхийн өргөө-2” нэртэй бэлтгэлийн заал болгох гээд байгааг бид ойлгохгүй өдий хүрлээ. Монгол улс зөвхөн бөхийн спортдоо анхаарч, хөгжүүлэх бодлого барьж бусад спортын төрлөө ад шоо үзэн хаях ямар шаардлага байгаа юм вэ?.

Чөлөөт бөхийн цөөн тамирчдын Лондонгийн олимпод бэлтгэх нэрийн дор спортын бусад 30 гаруй төрөл, спорт тоглоом, нийтийн гимнастик болон бусад  төрлүүдийн спортын гол материаллаг бааз болсон энэхүү заалны үүдийг хаан боогдуулж, нэг ажлаа нөгөөгөөр цохин унагааж, хүний эрх, эрх чөлөөг хаан боогдуулж хязгаарлан зөрчих болов. Нийслэлийн иргэдийн нийтийн биеийн тамирын ажлын 80 орчим хувь нь зөвхөн хотын төвийн СТОрдоны энэ зааланд болдог. Бидэнд өнөөдөр олимпийн медалиас илүү Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжил, залуучуудын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх ажил юуны түрүүнд чухал юм.       
        
Сүүлийн жилүүдэд БТС-ын тухай хууль гарч, УИХ-ын 2009 оны 95 тогтоолоор “Биеийн тамир, спортын хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” тодорхойлон батлаж, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 зарлигаар “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” асуудлыг хөндөн тавьж хүн амын бие бялдрын түвшинг тогтоох сорилтой болж, Монгол улсын Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоолоор мөн л нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай асуудлыг тус тус дэвшүүлэн тавьсан юм. Энэхүү бодлогын үндэс нь “Нийтийн биеийн тамирыг түлхүү хөгжүүлэх” зорилтод чиглэгдэж байгаа ба бид нэн тэргүүний асуудлаа эхэнд нь тавих ёстой. Эсвэл бид төрөөс гаргасан эдгээр бүх шийдвэрээ бүгдийг нь эргэн харж үзэх үү, өөрчлөх үү гэдгийг асуумаар байна.

Спортын төв ордонд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан байгуулсан “Спортын тусгай сургалттай дунд сургууль” үйл ажиллагаагаа явуулан 1000 орчим хүүхэд, багачуудыг хамруулан 17 төрлийн спортын хичээл сургалтаа өдөр тутам энэ зааланд явуулдаг. Төрөөс ач холбогдол өгч байгуулсан энэхүү спортын дунд сургуулиа заалгүй болгох уу зэрэг олон асуудал хөндөгдөн гарч ирсэн.

Яагаад чөлөөт бөхийн тамирчид СТОрдоны хуучин зааландаа эсвэл монгол  бөхийн өргөөндөө бэлтгэлээ хийж болохгүй байна вэ. Бөхийн өргөө байсаар атал түүнийгээ зориулалтаар нь ашиглах хэрэгтэй. Түүнчлэн Буянт-ухаад шинээр баригдсан спортын ордондоо бэлтгэл сургуулилтаа хангаж, СТОрдны засварт Монголын чөлөөт бөхийн холбооноос оруулах гээд байгаа хөрөнгө мөнгөө тамирчдынхаа нөхцөл бололцоог бүрдүүлэх, эрх авах болон бусад тэмцээнүүдэд оролцоход зарцуулж болохгүй гэж үү.

Хотын төвөөс хол баригдсан спортын шинэ ордонд хүүхэд, залуучууд өдөр бүр очиж чадахгүй байна. Ирж очих үнэ өртөгийг нь ч дийлэхгүй мөн цаг хугацаагаа хэмнэх шаардлагатай байгаа ажээ. Ер нь Монголчууд бид нэг ажлаа хийх гэж нөгөө чухал ажлаа унагаадаг дутагдал бий. Иймээс эрхэм та бүхнийг иргэд, олон нийтийн санаа бодлыг судлан үзэж, оновчтой зөв шийдвэр гаргана гэж найдаж байна.

Хувийг: Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, БТСГазрын дарга Ч.Наранбаатар, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Чинбат нарт

Хүндэтгэсэн,

Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга,
олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбат

Монгол улсын хөдөлмөрийн баатар,
Паралимпийн аварга Д.Баатаржав

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч,
Монголын хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч С.Ганбаатар

Монголын залуучуудын холбооны
ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг

Монголын оюутны холбооны
ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл

Үндэсний БТДС-ийн захирал, МУ-ын гавьяат багш,
шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагвасүрэн

БСШУЯ-ны харьяа Спортын тусгай сургалттай
дунд сургуулийн захирал, доктор Ч.Зоригтбаатар

Монголын гандболын холбооны ерөнхийлөгч,
Монголын оюутны спортын ерөнхий нарийн бичгийн дарга,
доктор Д.Жаргалсайхан

Монголын бадминтоны холбооны
дэд ерөнхийлөгч Ч.Бат-эрдэнэ
 
Монголын сагсан бөмбөгийн холбооны
ерөнхий нарийн бичгийн дарга, спортын мастер Б. Дашдорж

Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
 “Их талын дуулиан” ТББ-ын тэргүүн Д.Тэрбаатар

Монголын гимнастикийн холбооны
ерөнхий нарийн бичгийн дарга Ч. Дарьсүрэн

Монголын ширээний теннисний холбооны
ерөнхий нарийн бичгийн дарга, спортын мастер Ч. Амарсанаа

“ТЛЖ” ТББайгууллагын тэргүүн С.Тулга

Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багш,
Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал

Нийслэлийн “Эрдмийн ундраа” цогцолбор” сургуулийн
биеийн тамирын тэнхимийн эрхлэгч,
Монгол улсын гавьяат багш  Д.Гоошоохүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж