“Чингис хаан” гран-при тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.13-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” гран-при тэмцээн эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй жүдо бөхийн олон улсын “Чингис хаан” гран-при тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Өмнө нь “Чингис хаан-Дэлхийн цом” нэрээр зохиогддог байсан тус тэмцээн энэ удаад зэрэглэл ахиулж, Гран-при болж, өргөжсөн юм. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2013 оны тэмцээн, уралдааны албан ёсны хуанлид “Улаанбаатарын гран-при” нэрээр бүртгэгдсэн тус тэмцээнд 18 орны 145 тамирчин зодоглож байна. Монголын баг тамирчдын хувьд тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд олгогдсон давуу эрхийн дагуу эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд тус тус дөрвөн тамирчнаа сойж буй.

Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 ба 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жинд аваргууд тодорно. Харин маргааш үлдсэн жингийн барилдаан болох юм.

Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор Гран-при тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль хүртвэл 120 оноо нэмэх учиртай билээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж