Баяр наадмын үндэсний сурын салбар комиссын гишүүн, Буриад сурын холбооны дэд тэргүүн, буриад сурын Улсын мэргэн, үндэсний сур болон Урианхай сурын спортын мастер Б.Амарсайхантай уулзлаа.
-Буриад сурын харваа дүнгээ гаргажээ. Харваачдын цэц, мэргэ ямар байв?
-Энэ жил үндэсний их баяр наадмын Буриад сурын харваанд 140 гаруй харваач оролцсон. Хамгийн ахмад харваач болох 89 настай, Гарамгай мэргэн Цэвээн гуай сум тавьж ёслолсон бол хамгийн залуу харваач маань 14 настай охин байлаа. Дорнод аймгийн Баян дум сумын "Аш авгад"-ын харваач О.Сүхбаатар 64 суманд 63 онож түрүүллээ. Түүний хувьд өнгөрсөн жил Буриад сурын харваанд түрүүлсэн, энэ жил дахин түрүүлж хошой мэргэн харваач болж байна.
Энэ жил Буриад сурын харваанд шинээр цолтон төрсөнгүй. Туршлагатай харваачид бууриа хадгалж үлдлээ. Эмэгтэй харваанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, "Алдар жем интернешнл" клубын харваач С.Энхтунгалаг 64 сумнаас 52 онож түрүүллээ. С.Энхтунгалаг гурван жил дараалан түрүүлж, гоц мэргэн цол хүртэж байна.
Буриад сурын эрэгтэй, эмэгтэй харваачдын эхний шилдэг тавын оноог доорх хүснэгтээс харна уу.