Израиль, Палестин спортын талбарт найрамдав

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Израиль, Палестин спортын талбарт найрамдав

Спорт дэлхий нийтийг нэгэн дээвэр дор багтааж чаддаг агуу зүйл. Тиймээс ч олимпизмийг сурталчлах аян дэлхийн өнцөг булан бүрт хүчтэй өрнөж байдаг. Үүний нэг тод илрэл болж Израиль болон Палестиний тамирчид спортын салбарт энхийн гэрээ байгуулжээ. Италийн Ром хотын сангийн нэрэмжит шагналын Израиль болон Палестиний Олимпийн хороод хүртэх болсон талаар тус хотын захирагч Жианни Алеммано лхагва гаригт хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Шагналыг Израилийн Олимпийн хорооны ерөнхийлөгч Зви Варшавиак, Палестины олимпийн хорооны ерөнхийлөгч Жибрил Ражуб нар өөрсдийн биеэр гардан авах ажээ. Энэ үйл явдал нь Израиль болон Палестин спортын талбар дээр хамтран ажиллах энхийн гэрээ байгуулсантай холбоотой юм. ОУОХ-ны төв байранд уулзалт хийсний дараачаар Лондонгийн олимпод хоёр тал тамирчдаа хамтран бэлтгэл хийлгэхээр болсон байна. “Хүмүүсийн хоорондын зөв уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй. Бид дайны талбараас өөр талбарт бие биесээ илүү сайн мэдэх болно. Ялангуяа спортын салбарт” хэмээн Израилийн олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Эфрайм Зингер ярьжээ.

Палестины олимпийн хорооны ерөнхийлөгч Жибрил Ражуб энэ үйл явдал нь хоёр талын ирээдүйн хамтын үйл ажиллагааны эхлэл гэж найдаж байгаа юм. Тэрбээр Палестины тамирчид, дасгалжуулагчид Газын зурваст ямар нэг асуудалгүй, чөлөөтэй зорчих тал дээр түлхэц өгч байгаа гол хүмүүсийн нэг юм. “Юуны өмнө израильчуудыг Палестины спортын байгууллагуудын тухай мэдэж, танилцахыг зөвшөөрөх хэрэгтэй. Тэгвэл бүх зүйл нээлттэй болно, бүх зүйл боломжтой болно. Би спортод хил хязгаар байдаггүй гэж боддог. Юуны өмнө израильчууд Палестины тамирчдын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хүндэтгэх хэрэгтэй” хэмээн тэрбээр өгүүлжээ. Харин Израилийн олимпийн хорооны ерөнхийлөгч Зви Варшавиак “Палестин болон Израилийн хоорондын асуудалд энх тайван авчирна гэж бид найдаж байгаа. Учир нь спортод ганцхан л хэл байдаг. Хоёр биш, гурав ч биш. Ганцхан хэл. Энэ бол спорт. Хэрэв бид нэг хэлтэй бол бид энх тайвныг бүтээж чадна” гэжээ.

Өмнө нь 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын үеэр  Палестиныг Израилийн баг “мулталж” байсан гэхэд болно.  Хариуд нь Палестины хөлбөмбөгийн холбоо өөрийн багаа 2007 оны аравдугаар сард Сингапуртай хийх тоглолтод явуулаагүй билээ. Гэвч одоо энэ бүх асуудлыг нааштайгаар шийдэх боломжтой болж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж