Кувейт улсад ажлын айлчлал хийв

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Кувейт улсад ажлын айлчлал хийв

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Кувейт Улсын Гадаад хэргийн дэд сайд Халид С.Аль-Жараллагийн урилгаар энэ сарын 10-12-ны өдрүүдэд Кувейт Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Кувейт Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мухаммед Сабах Аль-Салем Аль-Сабах-тай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын тавцан дахь харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, Монгол Улсад айлчлахыг урьсан Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгыг гардуулав. Шейх Мухаммед Сабах Аль-Салем Аль-Сабах урилгыг талархан хүлээн авч, Монгол Улсад айлчлахад баяртай байх болно гэдгээ илэрхийлэв.

Айлчлалын үеэр ТНБД Д.Цогтбаатар, Кувейт Улсын Гадаад хэргийн дэд сайд ноён Халид С. Аль-Жаралла нар Дипломат төлөөлөгчийн газар байгуулахад газар харилцан олгох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Кувейт Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.
            
Түүнчлэн, ТНБД Д.Цогтбаатар Кувейтын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Ахмад Рашед Аль-Харунтай уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгыг мөн гардуулав. Ноён Ахмад Рашед Аль-Харун урилгыг баяртайгаар хүлээн авч хоёр улсын худалдаа, бизнесийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.   

Мөн энэ өдөр ТНБД Д.Цогтбаатар Арабын хөгжлийн Кувейтын сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадер, Кувейтын Хөрөнгө оруулалтын агентлагийн Гүйцэтгэх захирал Бадер Аль-Саэд нартай тус тус уулзаж, Кувейт Улсаас Монгол Улсад үзүүлж ирсэн хөнгөлөлттэй зээл, тусламжид талархал илэрхийлж, Кувейтын талын санхүүжилтээр хэрэгжүүлж буй авто замын төслүүд нь Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв. Хоёр тал цаашид эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа ЭСЯ 2009 оны арванхоёрдугаар сард Эль-Кувейт хотноо нээгдэж, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ 2010 оны гуравдугаар сараас эхлэн Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж