
Айлчлалын үеэр ТНБД Д.Цогтбаатар, Кувейт Улсын Гадаад хэргийн дэд сайд ноён Халид С. Аль-Жаралла нар Дипломат төлөөлөгчийн газар байгуулахад газар харилцан олгох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Кувейт Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.
Түүнчлэн, ТНБД Д.Цогтбаатар Кувейтын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Ахмад Рашед Аль-Харунтай уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгыг мөн гардуулав. Ноён Ахмад Рашед Аль-Харун урилгыг баяртайгаар хүлээн авч хоёр улсын худалдаа, бизнесийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Мөн энэ өдөр ТНБД Д.Цогтбаатар Арабын хөгжлийн Кувейтын сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадер, Кувейтын Хөрөнгө оруулалтын агентлагийн Гүйцэтгэх захирал Бадер Аль-Саэд нартай тус тус уулзаж, Кувейт Улсаас Монгол Улсад үзүүлж ирсэн хөнгөлөлттэй зээл, тусламжид талархал илэрхийлж, Кувейтын талын санхүүжилтээр хэрэгжүүлж буй авто замын төслүүд нь Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв. Хоёр тал цаашид эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа ЭСЯ 2009 оны арванхоёрдугаар сард Эль-Кувейт хотноо нээгдэж, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ 2010 оны гуравдугаар сараас эхлэн Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.