
Өнгөрсөн зургадугаар сараас хойш Москва хотын Шереметьево олон улсын онгоцны буудалд хөл хорионд байгаа Эдвард Сноуден Венесуэлийн саналыг хүлээж авсан тухай Оросын Төрийн Думын нэгэн гишүүн Твиттер хуудсандаа бичжээ. Гэвч жиргээчний бичсэн зүйл хэдхэн хоромын дараа Твиттер хуудаснаас алга болсон байжээ. Харин дараа нь WikiLeaks Эдвард Сноуден Венесуэлийн саналд ямар хариу өгөхөө шийдээгүй гэж мэдээлсэн юм.
АНУ-д эх орноосоо урвасан, төрийн нууц задруулсан хэрэгт буруутгагдаж буй Эдвард Сноуден 20 гаруй орноос улс төрийн орогнол хүссэний хариуд Латин Америкийн Венесуэль, Болив, Никарагуа зэрэг орнууд орогнол олгоход бэлэн гэдгээ мэдэгдээд байна. Түүнийг ОХУ болон Хятадын тусгай албадад нууц мэдээлэл өгсөн гэж хэвлэлүүдэд бичиж байгаа боловч тэрбээр үүнийг үгүйсгэж байгаа юм.