“Юмтай” хүмүүст эмнэлэг хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

“Юмтай” хүмүүст эмнэлэг хэрэгтэй

Хүүхэд байхад мэдрэл муутай хүмүүс ганц нэг харагддаг байж билээ. Тэр хүмүүсийг ойр тойрныхон их л өрөвдөнө. Тэд ус, талх авах зэрэгт дараалал хүлээж зогсдоггүй, тэр чигээрээ дайрч ороод л аваад гардаг байж билээ. Хавартаа энэ хүмүүс харагдахгүй алга болж, зун, намар, өвөлдөө л явж байгаа нь харагдана. Учир нь хавар  өвчин нь сэдрээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байсан юм билээ. Гэхдээ тэр үеийн жаахан “юм”-тай хүмүүс бусдадаа гэм хор тарьдаггүй байж дээ. Гэтэл өнөөдөр ганц нэг байсан тийм хүмүүс бүр олуулаа болчихож. Дугуй, дугуйгаа олж найзлаад Их хуралдай хүртэл зохион байгуулж байна. Энэ бол нийгмийн гоц үзэгдэл мөн. Гэтэл энэ хүмүүст зориулсан эмнэлэг бараг л байхгүйтэй адилхан байна. Шар хаданд нэг эмнэлэг байдаг юм. Тэнд нь төрийн томчууд очоод хэвтчихдэг бололтой. Ингээд л манай хэдэн “найз”-д олигтой эмнэлэг ч олдохгүй, өөрсдөө ч өвчтэй гэдгээ ч мэдэхгүй улс төржих болов. Эрүүл мэндийн яам гэж байгууллага байх л юм. Хийсэн ажил ч гэж алга даа. Мэдрэлийн өвчтэй энэ хүмүүст анхаарал тавих царай ч алга. Харин сүүлийн үед нэг сайхан мэдээ дуулдах боллоо. Гадны донор орнуудаас манай мэдрэл муутай хүмүүст зориулсан тусгай эмнэлэг барьж өгөхөөр болсон гэнэ. Бүр Шар хаданд сууриа тавиад барилга бариад эхэлж байгаа юм гэсэн. Тэгэхээр удахгүй нийгмийн эмзэг асуудал бол­сон хүмүүст зориулсан эмнэлэг ашиглалтад орох юм байна. Гадны орноос манай улсад Төрийн ордон, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг хэрэггүй гэж үзсэн бололтой.  Харин хамгийн эмзэг асуудал болсон эдгээр хүмүүст зо­риулсан эмнэлэг хэрэгтэй гэж боджээ. Тэд хэзээ ч тооцоо судалгаагүйгээр тусламж, дэмжлэг үзүүлдэггүй. Тоо­­цохын дээдээр тооцож, судлахын дээдээр судалсан л байгаа. Тиймдээ л манайд мэдрэлийн эмнэлэг барьж өгч байгаа юм. Энэ ажлыг нь төр засаг маань сайхан дэмжээд өгөөсэй. Ирээдүйд энэ төрлийн эмгэгтэй олон хүн гарах вий гэдгээс би хувьдаа айж байна. Монголын ирээдүй гэгээн байг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж