Нэг хүн дийлдэхээ байх нь ээ. Монгол байтугай дэлхий даяар хашгирч чадахаар “юмтай хүн”. Чингисийн алтан ургийн 30 дахь удам, 29 дэх үеийн бодлого баригч гэж өөрийгөө тодорхойлсон түүнд л маргаашийн Монголыг даатгавал бүх зүйл ОК гэнэ. Бараг л “Монголын нууц товчоо”-ны үйл явдал шиг юм болж монголчууд дэлхийг морин дэл дээрээс эзэгнэх юм байх. Өөрийнхөө байгуулсан Чингис хааны дэлхийн академи гээчийн тэргүүн ерөнхийлөгчөөр өөрийгөө “аравнайлсан” тэрбээр хаврын хавсаргатай энэ өдрүүдэд “цэргүүдээ” дагуулчихсан гарч ирэв. Их хуралдай гэж МАХН-ын Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарын зохион байгуулсан арга хэмжээний хүндтэй зочин нь тэр байсан аж. Хөгжлийн шинэ шат, цаашилбал машин унаа, гар утас, компьютер, интернэтийг үзэн ядсан тэрбээр жил бүр уламжлал болгон нэгэн ёслол үйлддэг. Яг л Чингис хаан иймэрхүү байсан боловуу гэмээр хувцаслачихсан мань хүн их, бага хатад, хүлэг баатруудаа дагуулчихсан овоо тойрч гороолоод л… Киноны зураг авалт юм биш үү гэж зарим нь тэсэлгүй түсхийтэл инээгээд л… Харин энэ жил “Хаантан” маань дүрдээ орчихсон төр улсаа төвхнүүлэхийн тулд шилдэг сайн агт морьд хэрэгтэй, нум, саадаг ч базаахад гэмгүй гэх утгатай зүйл яриад пээдийж явна. Ширэнгэн ойд ингэж “шизорч” байгаа бол ч дүүрч гэхсэн. Харин Улаанбаатарын зүг дэлхий саравчилж байгаа ийм үед төв талбайгаа адуу малын жүчээ шиг болгож, үнэгүй жүжгийн гол дүрд тоглохоо болимоор юм. Хүүхэд, хөгшид айж ичээд гэрээсээ ч гарч чадахгүй байна. Төр улсад ард түмэн гэж юу юм, хамгийн хүчтэй нь гэж өөртөө итгэсэн “Хаантан” П.Даваанямыг нойрноос нь сэрээж, үнэхээр сэргэхээргүй болчихсон юм бол байх естой газар нь аваачмаар юм.
Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин

"Улс төрийн тойм" сонин
