
гэр бүлд мэндэлж, язгууртны дэг жаягийг дагаж амьдарна гэдэг хүнд
даваа байх. Учир нь аль ч улсын хааны гэр бүлд хэвлэгдээгүй ч гэсэн
хэдэн зуунаараа мөрдөж ирсэн хатуу дэг жаяг үйлчилж байдаг билээ.
Дэлхийд хамгийн эртнийд тооцогдох хаант ёст улс бол Япон. Японы эзэн
хааны отгон гүнж нь хайр сэтгэлээ даган жирийн хүнтэй ханилснаар хааны
ам бүлийн тооноос албан ёсоор хасагдсан байдаг. Тэгэхээр хааны удмынхан
удам судраа хадгалж, нэр хүндээ хэвээр авч үлдэхийн тулд сэтгэл зүрхний
сонголт хийхээсээ алсыг харсан ашигтай гэрлэлтийг илүүд үздэг аж.
Английн Хатан хааны гэр бүл ч энэ ёсыг тойроогүй, дайрсан байдаг.
Тухайлбал, хоёрдугаар Элизавет Филипп хаантай гэрлэж Чарльз, Анна,
Анрюв болон Эдвард гэдэг дөрвөн хүүхэд төрүүлсэн. Тэрбээр ууган хүү
Чарльздаа хаан ширээгээ гэрээслээд олон оныг үдэж байна. Угсаа
залгамжлах ханхүү Чарльз үзэсгэлэнт Диана гүнжтэй 750 сая хүмүүсийн
өмнө Лондон дахь гэгээн Паулын сүмд хуримлаж байсан түүхтэй. Тэдний
тараасан урилгаар 3700 зочин ирж байсан гээд бод доо.
Зочид
дандаа дэлхийн нэр хүндтэй хүмүүс байлаа. Английн Хатан хааны гэр бүлийн
нэр хүндийг өргөсөн энэ гэрлэлт ханхүү Чарльзийн хувьд тун гунигтай
алхам байсныг дэлхий нийт хожим нь мэдсэн билээ. Учир нь тэр Дианад
хайртай байгаагүй. Дианагийн амьдралын сүүлчийн өдрүүд нууц амраг,
хууран мэхлэлтээр дүүрэн байсан. Энэ тухай зөвхөн Английнх ч биш
дэлхийн хэвлэл мэдээлэл шуугиж байв. Харин Диана гүнж нууц амраг
Додитойгоо харамсалтайгаар амь үрэгдсэний дараа Чарльз Дианагаас өмнө,
бас түүнтэй гэрлэснийхээ дараа ч амраглаж байсан бүсгүйтэйгээ ханилсан
нь түүний нэр хүндийг унагасан билээ. Жигтэй гэрлэлтийн дараа “Англи
улсад хаант ёсыг хэвээр хадгалах нь зөв үү” гэсэн санал асуулга
явуулахад 60 хувь нь “буруу” гэсэн санал өгч байжээ. Ийнхүү угсаа
залгамжлах ханхүү Чарльз хаан ширээнд суух боломжгүй болсон талаар
барууны хэвлэлүүд нэг хэсэг бичиж байлаа.
Харин Чарльзийн том
хүү Уилъямс эцгээсээ дээгүүр нэр хүндтэй нэгэн. Тэрбээр өнгөрсөн оны
сүүлчээр ирээдүйн ханиа сонгосон тухайгаа эцэгтээ мэдэгдсэн. Ханхүү
Чарльз ч хайр сэтгэлийг хааж боож болдоггүйг өөрийн биеэр мэдэрсэн
болохоороо хүүгийнхээ сонголтыг хүндэтгэсэн хэрэг. Тэгээд олон нийтэд
зарласан. Харин энэ сарын 29-нд ханхүү Уилъямсын цуутай хурим болно.
Тэрбээр хайртай бүсгүйтэйгээ ээжийнхээ (Диана гүнжийн) бөгжөөр сүй
тавьсан нь дэлхийг ёстой нэг шуугиулах шиг болсон юм. Үзэсгэлэнт, домогт
Дианагийн бөгж Кэйт Мидлтоны гарт гялалзсан зургийг дэлхийн бүх
сонин, сэтгүүл тэргүүн нүүртээ тавьсан нь үүний нотолгоо.
Залуу
хос 2001 онд гэгээн Андюгийн коллежид суралцаж байхдаа танилцсан гэдэг.
Тэдний араас папарациуд байнга мөрдөж байлаа. Уилъямс, Кэйт нар 2007
онд салсан тухайгаа хэвлэлээр мэдэгдэж байсан боловч эцсийн мөчид
хуримын зараа дэлхий нийтэд түгээсэн юм. Катерин Элизабет Кэйт
Мидлтон 1982 оны нэгдүгээр сарын 9-нд Английн хойд хэсгийн баруун
Йоркширд энгийн гэр бүлд төржээ. Тэрбээр айлын том охин бөгөөд хоёр
дүүтэй. Өвөг эцгүүд нь Английн нисэх хүчинд үе дамжин алба хаасан
бөгөөд аав нь одоо ч нисгэгч. Эцэг эх нь охиноо хадамд гаргахдаа
хүргэнийхээ удам судрыг заавал харж байж гэрлүүлнэ гэдэг байж. Гэхдээ
тэд Английн хааны гэр бүлээс хүргэнтэй болно гэж зүүдлээ ч үгүй биз.
Кейт Мидлтоныг “Хайр сэтгэл, харц хоёр нь сохроогүй хамгийн сайхан
бүсгүй” хэмээн “The Times” сонинд өнгөрсөн жил онцолж байжээ. Ер нь тэр
Английн хамгийн азтай бүсгүйгээр шалгараад байгаа л даа.
Одоогоор
сүйт бүсгүйн гарт гялалзаж байгаа сүйн бөгж дэлхийн хэмжээнд хамгийн
эрэлт хэрэгцээтэй болоод байна. Ялангуяа Хятадын зах зээлд энэ бөгжийг
дуурайлган хийж хамгийн их ашиг олж байгаа талаар “CCTV” мэдээлж
байсан. Сүйн бөгж алтлаг шар алмазыг од шиг жижигхэн цагаан
алмазаар тойруулж чимсэн үнэхээр содон бөгж. Гэвч бөгж үйлдвэрлэсэн
компанид ханхүүгийн бөгжийг сураглан ирэх хосуудын тоо өдөр ирэх тусам
нэмэгдсээр байгаа гэнэ. Залуу хосын хуримын урилга өдгөө зочдодоо
очжээ. Хамгийн сонирхолтой нь ханхүү Уилъямс АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг
хуримандаа урихаас татгалзсан явдал юм. Энэ нь бас л дуулиан тарив.
Учир нь Английн Хатан хааны гэр бүлийн баяр ёслолд Америкийн үе үеийн
Төрийн тэргүүнүүд байнга уригдаж байжээ. Тэд ч дуртай нь аргагүй очдог
байв. Харин энэ удаа залуу омголон ханхүү Б.Обамаг тоосонгүй. Б.Обама ч
хуримандаа урина гэдэгт найдаж байгаагаа хэвлэлээр илэрхийлж байсан нь
талаар болов. Гэвч яая гэхэв. Хурим хэдхэн хоногийн дараа болно.
Одоогийн байдлаар хуримын арга хэмжээ нүсэр болох нь тодорхой болжээ.
Хэдэн зуун хөгжимчид, өч төчнөөн зочид төлөөлөгчид, гайхаж бишрэм
хүлээн авалт, дэлхийн олон орны нэр хүндтэй удирдлагууд, хуримын асар
том бялуу, галт үзүүлбэр. Хуримын үеэр задлахаар бэлтгээд буй гэнэтийн
бэлгүүд… Урьдчилан тааварлахын аргагүй гайхамшигт үйл явдлууд мэдээж
олон. Хуримыг нийт дөрвөн хэсэгт хуваагаад байгаа аж. Өглөө нь ёслол
хүндэтгэл, хүлээн авалт, хаалтын ажиллагаа болно. Ёслолын ажиллагаанд
гэр бүлийнхэн болон хамаатан садангууд нь байх бололтой. Харин
хүндэтгэлийн арга хэмжээний үеэр олон улсын Төрийн тэргүүнүүд хүрэлцэн
ирэх аж. Хүлээн авалтын ажиллагаа бусдаас онцгой болох талаар сэтгүүлчид
таамаглаж байна. Мөн хуримын үеэр хааны титмийг ханхүүд ёслол төдий
зүүлгэх талаар гэрийнхэн нь зөвлөлдөж байгаа аж. Уламжлал ёсоор залуу
хосууд бал сараа дэлхийн хаа нэгтээ амрахаар шийдсэн гэдгээ нуусангүй.
Харин хаана вэ гэдэг нь мөн л нууц. Хоёрдугаар Элизавет “Уилъямс бол
айлын том хүү. Түүний хувьд улс төрийн тавцанд гарах цаг болсон. Бид
ийм үзэсгэлэнтэй, ухаалаг бэртэй болсондоо үнэхээр баярлаж байна”
хэмээн “CNN”-ийн сэтгүүлчид ярьжээ. Зарим хэвлэл түүний хэлсэн үгнээс иш
татан “Ханхүү Уилъямст хааны титмийг шилжүүлж магадгүй”гэсэн таамаглал ч
бичиж байгаа. Гэвч мөдхөн хурим болно. Хатан хааны гэр бүлийнхэн дэлхий
нийтэд ямар сюрприз барих бол.
Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин