
Дэлхий болон бүс нутагтаа бид эдгээр олон салаа үйлдвэрийн төрөлжилтөөрөө ялгарч гарах нь Монголын нэр хүндэд ашигтай. Дээрээс нь Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хараат болж байгаа энэ үед эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн өгөөжийг дээшлүүлэхэд тустай. Онолын тайлбараас зайлсхийж хэлэхэд хэрэглэгчдэд ашигтай болно. Гадаадын бүтээгдэхүүнийг сонгохоосоо илүү дотоодын үйлдвэрлэлээ сонгодог болно. Сонголт хийх төрөл зүйл нь өмнөхөөсөө нэмэгдэнэ. Дурьдаад байвал мундахгүй олон боломж бололцоо эдгээр компаниудаас гарна.
Энэ жил моодонд орсон үгсийн нэг нь Монгол Бренд. Үүнийг хийх юмгүй улстөрчид ч юм уу, монголыг хошгируулах дуртай гадаадын эдийн засагчид ч өгсөн байж болно. Гэхдээ энэ нь тийм ч ор үндэсгүй үг биш гэдгийг санах хэрэгтэй. АПУ компани. Монгол сархадыг дэлхийд таниулж яваа компани. Чингис, Болор, Алтан Түрүү гэх брендүүд дэлхийн томоохон уралдаан наадмуудаас алт, мөнгөн медаль авч явсаныг санах хэрэгтэй. Дэлхийн томоохон зочид буудлуудын текен дээр монгол бренд заларч байгаа нь Монгол орныг сурталчилж байгаа бас нэгэн хэрэг. Сүүлийн техник, технологийн салбарт өөрсдийгөө хангах боломжтой болоход түлхэц үзүүлсэн бренд бол "Могул". Бид өмнө нь зөвхөн Япон, Солонгос, Хятадын компьютер, электрон хэрэгслийг сонгодог байсан бол эх орондоо угсарсан компьютерийг хэрэглэх боломжоор хангагдаад гурван жилийн нүүрийг үзэж байна. Үүнийг 20 жилийн өмнө төсөөлөхөд ч хэцүү байсныг санахад илүүдэхгүй. Ноос ноолууран бүтээгдэхүүнүүд. Энэ бол монголыг сурталчлах нэгэн зүйл. Монголд аялахаар ирсэн гадныхан ноолууран эдлэл, хувцас авдаг заншилтай. Энэ заншлыг чухам хэн тогтоосныг мэдэхгүй ч Монголд тустай хэрэг. АНУ-ын Вашингтон хотод ноолууран эдлэлийн дэлгүүр нээгдсэн нь ноолууран эдлэлийг АНУ-д таниулж байгаа гол хэрэг. Хэрвээ Вашингтонд танигдаад эхэлбэл Сем авгын эх орныг ноолуураар хангах эх үндэс нь тавигдлаа л гэсэн үг. Эдгээрийг таниулахад Алтай Кашмир, Буян, Говь зэрэг компаниудын үүрэг нөлөө маш чухал байсан билээ. Энэ мэтчилэн сайн мэдээллүүд олон бий.
Сайн мэдээллүүдийн хамгийн сүүлийнх нь бид махны чиглэлийн тахиаг Монголдоо анх удаа гаргаж авсан гэнэ. Монгол оронд өсгөсөн тахиаг, шив шинээр нь бид хүнсэндээ хэрэглэнэ. Шинээр нь монголчуудад хүргэх гэнэ. Гоё л мэдээлэл. Хэрэглэгчдийн гар дээр оччихвол брендийн төрөл зүйл дахин нэгээр нэмэгдэж байгаа хэрэг болно. Энэ ч бас сайн л хэрэг.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд гадныхан монголчуудыг сайнаар төсөөлж байсан нь үгүй. Тэд биднийг мориороо сургуульд явж, мал аж ахуйгаа эрхлэн, махыг түүхийгээр нь цохиж явдаг нөхдүүд гэж ойлгосоор ирсэн. Одоо ч зарим нь тэгж бодож байж магадгүй. Гэхдээ уул уурхай, эдийн засгийн өсөлт зэргээр сүүлийн таван жилийн хугацаанд имижээ өөрчлөх багахан ч атугай түлхэцтэй тулгарсан. Олон жилийн турш гадныханы менталитетид суурьшсан монголын талаарх сөрөг ойлголтыг арилгахад ганцхан уул уурхай тус болохгүй нь мэдээж. Тэгэхээр бидэнд юу хэрэгтэй вэ? Яг одоо бидэнд байгаа нэг боломж нь үндэсний үйлдвэрлэл. Олон жилийн туршид салан хөгжсөн эдгээр үйлдвэрийг бид дэлхийд таниулж чадвал дээр дурьдсан зүйлсээс илүү амар боломж бүрдэх учиртай.
Имижийг өөрчлөх зүйл нь монгол брендүүд. Гутал, хувцас, сархад, хүнс гээд бүх л зүйлээр бидэнд дэлхийд танигдах боломж нь байгаа. Бид үйлдвэрлэгчдээрээ л дэлхийд танигдана. Энэ бол бичигдээгүй хууль. АНУ-ыг Apple, Micrisoft, Coca-Cola, Финлянд Улсыг Nokia, Японыг Sony, Nissan, Солонгосыг Samsung, Kia, Оросыг Mazda, Gazprom-оор нь дэлхий нийт таньж байна. Магадгүй бидэнд тэдэн шиг томоохон үйлдвэрлэгчид байхгүй мэт харагдаж байж болно. Гэхдээ яг дэргэд, бидний дунд энэ үйлдвэр хэдийнэ бий болчихсон байж ч болох юм…..