
Гамшгийн улмаас 11 мянган хүн амь насаа алдаж, 21 мянган хүн гэмтэж бэртэн 850 мянган өрхийн гэр орон эвдэрч, сүйджээ. Энэ бүхнээс Японы эдийн засагт 112 их наяд иений хохирол учирсан байна. Газар хөдлөлтөд Токио хотын ихэнх хэсэг өртөөгүй боловч цаашид хэрхэхийг таахад хэцүү. Японы баруун хэсгийн хотуудад чичиргээн харьцангуй бага мэдрэгдсэн. Тиймээс хоёр дахь нийслэлээ баруун эргийн хотуудаас сонгож байгуулах санал гаргаж байгаа аж. Ингэснээр зөвхөн газар хөдлөлт гэлтгүй байгалийн бусад гамшгаас улсынхаа нийслэлийг холдуулж чадна гэж найдаж байгаа бололтой. Энэ талаар Японы парламентын зарим гишүүн санал гаргажээ. Одоогийн байдлаар энэ асуудлыг нухацтай хэлэлцэж ойрын нэг жилийн дотор тодорхой ажлуудыг хийж эхлэх бололтой. Шинжээчдийн таамаглаж байгаагаар Японы худалдааны төв болсон томоохон хотуудын нэг болох Осака шинэ нийслэл болж магадгүй юм. Гэхдээ энэ талаар албаны эх сурвалжууд хараахан тайлбар хийгээгүй байна.
Мөн энэ удаагийн газар хөдлөлтийн дараа Токиод орон сууцны үнэ хямдарчээ. Сүүлийн сар гаруйн хугацаанд 25 хувиар буурчээ. Үүнд “Tokyo Bay”-ийн байшин, барилга хамгийн их хамаарч байна. Харин компаниудын хувьд зах зээлээ эргүүлэн олж авахын тулд хэрэглэгчдэд хямд үнэ санал болгож байгаа талаар албаны төлөөлөгчид мэдээлжээ.
Нийслэл хотоо нүүлгэх тухай ярианаас гадна Японы эдийн засагтай холбоотой таагүй мэдээлэл цөөнгүй гарч байна. Тухайлбал, Японы экспорт өнгөрсөн сард 2.2 хувиар буурчээ. Байгалийн гамшгаас болж “Тоёота” тэргүүтэй томоохон компаниудын үйлдвэрлэл нэлээд хугацаанд зогссон. Энэ нь экспорт буурахад нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл юм. Гэхдээ богино хугацаанд. Өөрөөр хэлбэл, автомашин, электрон хэрэгсэл үйлдвэрлэгчдийн худалдаа буурсан нь Японы эдийн засагт шууд нөлөө үзүүлж эхэлжээ. Харин өөр бусад зүйлийн тухайд, тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, гадаад худалдааны алдагдал зэрэгт урт хугацааны дараа нөлөөлнө хэмээн эдийн засагчид таамаглаж байна.
Японы Худалдааны яамнаас өнгөрсөн сард мэдээлснээр бол тус улсын экспорт 2.2 хувиар буурч, 5.9 их наяд иен болжээ. Газар хөдлөлт болохоос өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сард экспорт нь есөн хувиар өсч байсан юм. Өнгөрсөн сарын хувьд Японы импорт 11.9 хувиар өсч, 5.7 их наяд иен, худалдааны илүүдэл нь 78.9 хувиар буурч, 196.5 их наяд иен болсон байна. Автомашины худалдаа багассан нь экспорт буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл аж. Зөвхөн энэ салбарын худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 22.1 хувиар багасчээ. Үүнтэй зэрэгцээд “Тоёота”, “Хонда” зэрэг компани зарим үйлдвэрээ хаасан нь ойрын үед худалдаа нь нэмэгдэхгүй гэх таамгийг бий болгоод байна. “Тоёота”-ийн хувьд Хойд Америк дахь салбарынхаа үйлдвэрлэлийн 75 хувийг ойрын зургаан долоо хоногийн турш зогсоох аж. Энэ нь Япон дахь төвөөс нь ирэх нийлүүлэлт тасалдсантай зэрэгцээд нөөц нь буурч байгаатай холбоотой юм. Мөн Хятад дахь үйлдвэрлэлээ ирэх зургадугаар сарын 3 хүртэл 30-50 хувиар бууруулахаар болжээ.
Зарим шинжээч энэ бүхнийг үл харгалзан ирэх зунаас Японы экспорт сэргэнэ гэх таамаг дэвшүүлсэн байна. Японы “Кёодо Ньюс” агентлаг энэ талаар мэдээлжээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад ирэх зургадугаар сараас есдүгээр сар хүртэл сэргээн босголтын ажил эхэлнэ. Энэ нь гадаад худалдаа, тэр дундаа экспорт сэргэхэд нөлөөлж магадгүй юм. Одоогийн байдлаар, газар хөдлөлтийн улмаас Японы эдийн засагт 300 тэрбум ам.долларын хохирол учирсан гэх тооцоо гараад байна. Энэ нь дэлхийд хамгийн өндөр “өртөгтэй” байгалийн гамшиг болжээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин