-Инфляцийг 20 хувьд хүргэхгүй байхын тулд эдийн засгийн бүтцэд анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байгаа юм. Хамгийн гол нь нийлүүлэлтийг идэвхтэй нэмэх хэрэгтэй. Тухайлбал, дэд бүтцийн шинж чанартай, бусад салбаруудаа чөдөрлөөд байдаг эдийн засгийн салбаруудад онцгой анхаарал хандуулах ёстой. Үүний хамгийн тод жишээ нь зам, харилцаа холбооны асуудал юм. Манай улсын хувьд энэ салбарын ачаалал дээд цэгтээ хүрч, хүчин чадал нь туйлдчихсан байгаа. Тиймээс хүчин чадлыг нь сэлбэхгүй бол ачааллаа дийлэхгүй байгаа тохиолдолд бараа, бүтээгдэхүүний үнэ зохиомлоор өснө шүү дээ. Энэ л дутагдал үнийн өсөлтөд нөлөөлсөөр ирсэн хүчин зүйл юм. Тэгэхээр нийлүүлэлтийн тал дээр нэлээд сайн менежмент хийх шаардлагатай. Харин хоёр дахь том асуудал нь гадаадын хөрөнгө оруулалттай юм. Гадаадаас асар их хөрөнгө оруулалт орж ирэхдээ эхний ээлжинд бараа, бүтээгдэхүүний үнийг автоматаар өсгөдөг. Дараа нь үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөргөнө. Гэсэн ч бид гадаадаас орж ирж байгаа мөнгөний урсгалыг зогсоож чадахгүй. Зогсоох эрх ч байхгүй. Тиймээс гаднаас орж ирж байгаа мөнгөнд стрелизаци хийдэг механизмуудыг л зөв ашиглах ёстой. Энэ тал дээр Монголбанкныхан бага зэрэг дутагдалтай ажиллаад байгаа юм.
-Инфляцийг өсгөхгүйн тулд хоёр хүчин зүйл дээр анхаарах ёстой гэж бодож байна. Эхний ээлжинд тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, манай импортолж буй бараа, бүтээгдэхүүний ихэнх нь урд хөршөөс орж ирж байгаа. Ийм тохиолдолд Замын-Үүдийн боомт, бусад хил, гаалиар орж ирж байгаа барааг цаг хугацаанд нь нэвтрүүлбэл инфляци тэгтлээ их өсөхгүй. Олон улсын валютын сангаас цалин хөлсний доод хэмжээ нэмсэнийг сануулгадаа дурьдсан байсан. Гэхдээ энэ бол шууд утгаараа инфляцид нөлөөлөх хүчин зүйл биш. Гэхдээ нэг талаараа хүмүүсийн гар дээр очиж байгаа бэлэн мөнгөний орлогын хэмжээ ихсэхэд эрэлт дагаад өсөх нь мэдээж. Энэ бол зах зээлийн хууль. Нийлүүлэлт нь л байж байвал үнэ өсөхгүй. Харин нийлүүлэлт байхгүй тохиолдолд л үнэ өснө. Тиймээс шинээр бий болж байгаа эрэлтийг хангах хэмжээний нийлүүлэлтийг бий болгохын тулд тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэх ёстой гээд байгаа юм. Ийм арга хэмжээ аваагүйгээс болж 2007 онд барилгын материалын үнэ дээд цэгтээ хүрч, хомсдол үүсч байсан юм. Харин одоо дээрх зохицуулалтыг хийж чадвал эрэлт өссөн ч нийлүүлэлт дагаад л өснө. Инфляци бий болохгүй. Нөгөө талаар төгрөгийн ханш чангарч байгаа нь инфляцид тодорхой хэмжээгээр эергээр нөлөөлнө. Төгрөгийн ханш цаашдаа ч чангарах байх. Ийм байхад Олон улсын валютын сангийнхны сануулсан шиг инфляци 20-30 хувь хүртлээ өсөхгүй гэдэгт итгэлтэй байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин