Тогтоолын төслийг хэлэлцэхээр болов

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Тогтоолын төслийг хэлэлцэхээр болов

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр болов

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.09/ нэгдсэн хуралдаанаар эхлээд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулан саналаа хэлсэн ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс санал хураалтыг хойшлуулаад байсан юм. Иймээс өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ асуудлыг өчигдөр Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм.

Харин өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын талаар баяр наадмын комиссоос зарим зүйлийг тодруулах шаардлагатай байгаа тул нэг өдрийн завсарлага авах хүсэлт гаргасныг УИХ-ын дарга зөвшөөрлөө. Иймээс намын бүлэг наадмын комиссоос тодруулга авсны дараа хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслүүдийг батлах санал хураалгахад хуралдаанд оролцсон 51 гишүүний 45 нь буюу 88.2 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.

Дараа нь Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн С.Оюуныг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр сонгох тухай энэхүү тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж