Э.Мөнх-Очирын үг Н.Энхбаярынхтай өнцөг нийлээд байна

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Э.Мөнх-Очирын үг Н.Энхбаярынхтай өнцөг нийлээд байна

УИХ дахь Ардын на­мын бүлгийн дарга Д.Лүн­дээжанцанг худалч гэвэл олон хүн эсэргүүцэх байх. Гэтэл тэрбээр намын бүлэг дотроо болсон явдлыг хэвлэлийнхнээс тас нуучихдаг. “Тийм юм огт болоогүй” хэмээн царай нь хувирахгүй гүрийж чаддаг.  Нуу­цыг хадгалах чадвар бол хуульчдад л байдаг гоц авьяасуудын нэг мөн. Ха­рамсалтай нь Лүндээ дар­гын хувьд хоёр дахь удаагаа ийн “баригдаж” буй. Ямартай ч өнгөрсөн даваа гарагт Ардын намын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир “Хамтарсан Засгийн газрыг огцруулах цаг  болсон” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь үнэн болж таарсан. Үүнийгээ ч батлан өнгөрсөн мягмар гарагт NBS телевизээр ярихдаа яагаад ийм байр суурьтай бай­гаагаа товч тайлбарлалаа. Улстөрчийнх нь хувьд түүний энэ байр суурийг хүндэтгэж үзэж болох юм. Ер нь Э.Мөнх-Очир хаанаас, ямар замаар улс төрд хөл тавьсаныг бүгд мэднэ. Сайн эцгийн шийрийг хатааж яваа шартай л залуу.   Намынхаа залуусын нэгэн адил МАСЗХ /хуучин нэрээр/-ны бүтээгдэхүүн. Дараа нь дүүргийн намын байгууллагад ажилласан. Баярхвал мөнгө, бахархвал  удам судар  түүнд бий.   

Улс төрд ганцаарчилсан тоглолт хийх нь уруудахын дохио гэдгийг мэдэх тул нам доторх лидерүүдээ  бараадсан  тэрбээр намын залуус дотроо ганцаардсан чоно шиг л харагддаг. Гэтэл лидер түшсэн жараахайнууд бас хол явдаггүй ажээ. Түүнд лидерүүдийн зөрчилдөөн дунд оршин тогтнох хатуу тавилан оногдов.

Тэрбээр одоогоос нэг жил гаруйн өмнөхөн манай сонинд өгсөн ярилцлагадаа “Би Н.Энхбаяр даргыг дэмжиж чадахгүй гэдгээ шууд хэлсэн” хэмээн ханхалзаж байв. Тэр үед улс төрийн хүрээнийхэн МАХН-ын их хурлын тов чагнаж, С.Баяр намын даргын албыг хэнд өгөх нь вэ хэмээн чих тавьж байв. Э.Мөнх-Очир Н.Энхбаяртай хамт Өмнөд Солонгост айлчилж ирээд  “Та МАХН-ын нэрээр олон жил төрийн өндөр алба хашлаа. Энэ намын төлөө миний л мэдэхийн амьдралынхаа хорь гаруй жилийг зориулсан. Одоо намаа сайн дэмжиж өгөх хэрэгтэй” гэсэн юм гэдэг. Өөрийнх нь ярьснаар шүү. Овоо шударга залуу юм даа гэж олон хүн бодсон дог. 

Ингээд цаг хугацаа явсаар  намынх нь  их хурал болж,  нэрээ солилоо. Н.Энхбаяр Ардын намаас гарч, МАХН-ын дарга болов. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарын ганц хоёр хүн түүнийг дэмжсэн сураг гарч байлаа. Яг энэ үед Э.Мөнх-Очир “Би Ц.Шинэбаярыг дэмжинэ” гээд хэвлэлийн бага хурал хийлгэв. Тэгсэн мөртлөө юу юугүй Ц.Шинэбаярыг дагаад МАХН-д орчихсонгүй. Бас л гайхалтай бөгөөд цочмог шийдвэр. Саяхан  Н.Энхбаяр хэвлэлд томоохон ярилцлага өглөө. Ярьдгаа л ярьсан байв. “Өнөөгийн эрх баригчдад Н.Энхбаяраар, Ц.Шинэбаяраар, М.Энхсайханаар, олон түмнээр шүүмжлүүлэхгүй байя гэвэл амархан шүү дээ. Хамтарсан бус, хариуцлагатай Засгийн газар байгуулчихсан, ард түмэнд хэрэгтэй олон зүйл хийж бүтээчихсэн бол Н.Энхбаярын шүүмжлэлээс айгаад сүйд болохгүй л байсан” гэж омгорхжээ. Тэр хоёрын яриа төстэй биш байна уу. Гэхдээ Н.Энхбаяр бол эрсдэл хийсэн ч алдах юмгүй хэсэгт оршиж байна.  Харин Э.Мөнх-Очирын хувьд өөр. УИХ-д анх удаагаа сууж байгаа.  Дахиад суух бодол ч түүнд бий байх. Намынхаа бодлогын эсрэг явах нь эрх ашиг биш, эрсдэл дагуулж мэдэх юм. Н.Энхбаяр “Энэ намыг би биш удирдлагууд нь л сөнөөж байна. Тос дотроосоо өтдөг биз дээ” хэмээн доромжлоод зогсохгүй  “Би тэднээс өр нэхдэггүй. Нэхэх ч үгүй. Харин жудагтай байхыг нэхнэ” гэсэн юм.  Н.Энхбаярын үгэнд Э.Мөнх-Очирын сэтгэлийн жолоо алдуурч давхиагүй л байлтай.     “Хамтарсан Засгийн газар том зорилтууддаа хүрсэн. Одоо Ардчилсан намынхан Засгийн газраас гарах ёстой” хэмээн тэрбээр ярьж байна.

Тэр хэн бэ. Ноднин өдийд “Хамтарч байгаа нөхцөлийг би дэмжиж байгаа. Гэхдээ Засгийн газарт ажиллаж байгаа зарим сайд, тэдний ажлын арга барил таалагддаггүй. Яаж зөв хийхийг нь хэлж явах юмсан гэж боддог” хэмээж билээ. Бас “Ний нуугүй хэлэхэд би С.Баяр гэдэг хүнийг дагаж яваа, дэмжиж ч байгаа. Гэхдээ намын дарга ажлаа өгөх санал гаргавал С.Батболдыг л дэмжье гэж бодож байна” хэмээн өнгөрсөн хавар хэлсэн юм. Тэгсэн чинь энэ хавар “Н.Энхбаяр шиг улстөрч ганцаарддаггүй юм” гэж байна.  Ярьж хэлж байгаагаараа Н.Энхбаяртай  яагаад гэнэт адилхан болчихов. Санамсаргүй хэрэг үү, санаатай үйлдэл үү.

Оюутолгойн гэрээний талаар түүний байр суурь бас л хоёр үзүүртэй. Н.Энхбаяр яах вэ, угаасаа энэ гэрээнд “аллерги”-тай. Харин Э.Мөнх-Очир УИХ-ын тогтоолыг гар өргөн батлалцсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гарсан ажлын хэсэгт өөрийн хүсэлтээр орж Оюутолгойн гэрээг ашигтай байлгах талаар ажиллах эрхийг олж авсан. Ингээд УИХ, Засгийн газар, намынхаа зарим удирдлагатай гал, ус шиг харшилдах ч нэгэн завин дээр хамт хөвөхөөс аргагүй болсон тэрбээр ёстой л “Зэлтэрийн гацаа” гэгчид ороод байгаа бололтой. Айсуй сонгуулиас аймсаагүй бол завинаас буугаад дээлээ шуугаад Н.Энхбаяр “дарга” руугаа алхчихна гэхсэн.  Одоо Э.Мөнх-Очир чухам хэний төлөө, юу дуугараад байгааг ойлгох аргагүй. Маргааш сэрээд ямархан мэдэгдэл хийхийг ч тааварлах баримжаа алга.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж