Оюутолгойн баяжмал дэлхийн зах зээл рүү шан татав

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Оюутолгойн баяжмал дэлхийн зах зээл рүү шан татав

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой ХХК-ийн байранд энэ цагт Оюутолгойн экспортын эхний шанг татах ёслол болж байна. Ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг  болон албаны зарим хүмүүс уригдан очжээ. Өмнө нь хоёр ч удаах өдрийн сайныг товлон зар түгээгээд буцсан байсан экспорт ийн эхэллээ. Өнөөдөр зуны адаг сарын шинийн 1-ний өдөр. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэхэд сайн хэмээн зурхайд буужээ. Газрын хэвлийн баялгаа дэлхийн зах зээл рүү илгээж буй өдөр ийн сайн өдөр тохиосонд бэлгэшээн баярлах хүн олон байна. Оюутолгой ХХК нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд нэг сая тонн баяжмал гаргах боломжтой. Эхний жилдээ гурван зуун мянган тонн баяжмал олборлоно хэмээн тооцоолж байгаа. Өнөөдрийн хувьд Оюутолгой ХХК зуу орчим тонн баяжмалыг хилээр гаргах ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж