Аваргуудын лигийн цом Лондонд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигийн цом Лондонд ирлээ

Лондон хотын бахархал болсон XV зууны үеийн бүтээл Гуйлдхоллд Аваргуудын лигийн цом хүрэлцэн ирлээ. 2011 оны тэмцээний шигшээ тоглолт алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд тавдугаар сарын 28-нд болох учир цом ийнхүү Лондонд морилж буй. Аваргын цомыг хүлээн авах үйл ажиллагаанд Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Дэвид Бернстейн, шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло нар оролцжээ. Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини Европа лигийн цомыг Дублинд гардуулж өгснийхөө маргааш Аваргуудын лигийн цомыг Лондон хотын захирагч Борис Жонсонд хүлээлгэн өгч байгаа нь энэ. Өнгөрсөн жил Италийн “Интер Милан” баг гурван цомыг зэрэг хүртсэн. Эдгээр цомуудын тэргүүнд нь Аваргуудын лигийн цом бичигдэх нь гарцаагүй. Гэвч одоо Италийн баг эрхэм цомоо хүлээлгэн өгөх цаг нь болжээ. Харин “Хар хөхүүд”-ийг төлөөлж, Франческо Толдо, Луиш Фигу нар Лондон хотноо хүрэлцэн ирсэн байна. 2001 оны дэлхийн шилдэг тоглогч Фигу 2005-2009 оны хооронд “Интер”-ийн бүрэлдэхүүнд 109 тоглолт хийж байсан. Хэдийгээр түүний баг хагас шигшээд үлдээгүй ч “Барса” болон “Реал” багуудын тоглолт сонгодог тулаан болно гэдгийг тэрбээр онцолжээ. Платини цомыг “Интер”-ийн төлөөлөгчдөөс гардан авч, дараа нь Лондон хотын захирагчид хүлээлгэн өгсөн байна. Энэ үеэр тэрбээр хамгийн шилдэг шигшээ тоглолтыг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хөлбөмбөгийн эх оронд, тэр тусмаа алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд ямар ч тоглолтын уур амьсгал гайхалтай болдог бөгөөд хагас шигшээд үлдээд байгаа дөрвөн багийн аль нь ч цомын төлөө өрсөлдөх боломжтой учраас зургаа дахь удаагаа “Уэмбли”-д болох шигшээ тоглолт мартагдашгүй болно гэдэгтэй санал нэг байлаа. Сэтгүүлчид Платинигаас ФИФА-гийн сонгуульд хэнийг дэмжих гэж буй тухай асуухад тэрбээр боловсон аргаар хариулт өгөлгүйгээр “мултарч” чаджээ. Шигшээ тоглолт хүртэл Аваргуудын лигийн цом Английн зургаан өөр цэнгэлдэхээр аялах ажээ.  

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж