Монголын нүүрс богино хугацаанд үнэд орсон шигээ эргээд үнэгүйдэх нь үү гэсэн бараан таамаглалыг зарим эдийн засагчид дэвшүүлэх боллоо. Бидний экспортын ганц түнш бол БНХАУ учраас нүүрсний зах зээлийн өгсөх, уруудах нь худалдан авагч талаасаа бүрэн хамаарах нь мэдээж. Тухайлбал, 2011 оны сүүлчээр, 2012 оны эхээр том зах зээлтэй БНХАУ-ын нүүрсний хэрэгцээний дийлэнх хувийг бүрдүүлэх хэмжээний амжилттай байлаа. Гэтэл одоо нийт экспортынх нь 17 хувийг арай гэж бүрдүүлж байна. Нүүрсний зах зээлд том тоглогчдын нэг БНХАУ эдийн засгийн үсрэнгүй өсөлтийнхөө хурдыг сааруулахын тулд импортоо танаж, гангийн үйлдвэрүүд нь ч үүнийг дагаад худалдан авалтаа багасгасан.
2013 он гарсаар байдал бага зэрэг дээрдсэн бол Монгол Улс он гараад хэрхэв? Бид алдагдалтай ажилласаар оны эхний нэгдүгээр сард нүүрснийхээ экспортыг арга буюу зогсоосон. Нүүрсээ дөрөвдүгээр сарын сүүлчээс гаргаж эхэлсэн ч үнийн хувьд дээрдсэн зүйл алга. “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд үйл ажиллагааныхаа бүтцэд өөрчлөлт оруулж, зарим өндөр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, үйлдвэрлэлийн зардлаа бууруулж байж ашиггүй ч алдагдалгүй ажиллахад хүрсэн. Дотоодын бусад экспортлогч компаниудын хувьд ч мөн адил үйл ажиллагааныхаа зардлыг танах байдлаар аргацааж байгаад одоо “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “МАК”, “Эс жи эс” зэрэг компаниуд бага хэмжээгээр тогтмол бус хэмжээгээр нүүрсээ гаргаж байна. Гэтэл бид энэ жил 30 гаруй сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ч хэмжээндээ хүрч чадахгүй нь тодорхой боллоо.
Монголын нүүрсний салбарт ашиггүй, бас алдагдалгүй, хувийн компаниуд нь нэвтэрч чадахгүй байгаа эгзэгтэй энэ үед Монгол-Хятадын нүүрсний салбарынхан олон нийтэд төдийлөн мэдэгдэлгүйгээр өнгөрсөн долоо хоногт ӨМӨЗО-ны Хөх хотод цуглаж, ярилцсан байна. Хуралд Монголоос Уул уурхайн яам, “Монгол нүүрс ассоциаци”, “Уул уурхайн үндэсний ассоциаци”, Ашигт малтмалын газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах алба, Зам, тээврийн яам, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Татварын ерөнхий газар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын нүүрсний асуудал эрхэлсэн удирдлагууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн 20 төлөөлөгч оролцжээ. Хятадаас мөн төдий хэмжээний шатлалын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл цугларч.
Ийн уулзахдаа нүүрсний үнэ ханшаа тохироод авчихъя гэсэн бодлыг өвөрлөн манайхан очсон ч Монголын нүүрсээр нүүрсээр дутахгүй гэсэн санаа бүхий илтгэлүүдийг томоохон компанийн төлөөлөгчид тавьсан байх юм. Үнэхээр л нүүрсний зах зээлд томоохон тоглогч гэдгээ тэд хариуулахыг зорьсон байх талтайг салбарынхан ярьж байна. Тиймээс цаашдаа манайхаас авдаг нүүрсний үнээ нэмэх биш, харин ч бууруулах сонирхолтой байж. Хямд үнээр өгч чадахгүй бол боль гэсэн өнгө аяс л уулзалтын үеэр мэдрэгдэж байжээ.
Хятадууд манай нүүрсээр дутахгүй гэж наанаа ярих ч талуудыг нэгтгэсэн уулзалт зохион байгуулж, бүр цаашдаа урт хугацааны гэрээ байгуулах тухай хөндсөн байна. Тэгэхээр асуудал хоёр талтай гэж дүгнэж болох нь. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан ч Хятадад нүүрсээ нийлүүлэх сонирхол гадаадын улс орнуудад хүчтэй хэвээр. Тэд Хятадын боловсруулах үйлдвэрүүд хэсэг хугацаанд түр зогсолт хийж байгаа гэж үзэж, цаашдаа итгэлтэй түнш байхын тулд нүүрсээ хямд санал болгож байна. Харин өөрсдөө алдагдал хүлээхгүйн тулд экспортын зардлаа хэмнэж байгаа ажээ. Ингэхдээ нүүрс экспортлогч компаниудаа татвараас хөнгөлөх, дэд бүтцийг нь амар хялбараар шийдэх байдлаар нүүрс экспортлогчдоо дэмждэг байна.
Монголын хувьд ч энэ мэт хөнгөлөлт, хэмнэлтийг бодож боловсруулахаас аргагүй нь. Саяхан Засгийн газраас Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хааж, уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлт хийн шууд ачих шийдвэр гаргасан. Энэ нь экспортын зардлыг хэмнэх нэг арга болсон нь мэдээж. Гэвч асуудал үүгээр бүрэн шийдэгдэхгүй. Ганц экспортын түнш оронтойгоо хил залгаа хэрнээ тээвэрлэлтийн зардал асар өндөр байгаагаас ашгаа алдсаар, гээсээр л байна. Тиймээс төмөр замын асуудлаа яаравчлуулах нэн шаардлагатай гэж буй.
Өөр нэгэн асуудал бол хилийн нэвтрүүлэх чадвар. Их хэмжээний нүүрс олборлолоо гэж бодъё. Түүнийгээ хэрхэн хаагуур тээвэрлэж, хилээр гаргах вэ гэдэг нь хилийн нэвтрүүлэх чадвартай шууд хамаатай. Шивээ хүрэнгийн боомт гэхэд, орох гарах нийт найман гарцтай бөгөөд хоногт 100-120 тоннын даацтай 600-700 машин нэвтрүүлэх чадвартай ажээ. Гашуун сухайт боомтын тухайд ч Шивээ хүрэнгээс илүүгүй. Тиймээс хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах шаардлага тулгарч байна. Түүнчлэн экспортлогч компаниудаас авдаг татвар, хураамжийг хөнгөвчлөх хэрэгтэй гэсэн байр суурь ч хүчтэй сонсдож байна.
Нөгөө талаас хятадуудын хувьд хямд үнээр нүүрс авч байвал хэнээс авах нь хамаагүй учраас өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэйг ил, далд хэлбэрээр сануулсаар байна. Тиймээс дээрх асуудлыг дотоодын нүүрс экспортлогч компаниуд, мэргэжлийн холбоод үзэл санаагаа нэгтгэн шийдэх боломжгүй учир төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй гэж Хөх хотод болсон хурлын үеэр талууд санал нэгджээ. Ингэхдээ нүүрсний зах зээлд Монгол, Хятад хамтран ажиллах урт хугацааны Стратегийн түншлэлийн гэрээ байгуулах нь зөв гэж үзээд гэрээний үзэл баримтлалыг боловсруулж, энэ долоо хоногоос Засгийн газарт танилцуулах тухай албаныхан хэлсэн юм. Энэ гэрээнд нүүрсний үнэ, нийлүүлэлтийн асуудлыг тодорхой хэмжээгээр тусгахаас гадна Монголын хилийн боомтын статусыг олон улсын болгохыг дурдсан тухай сураг дуулдсан.
Ямартай ч том гүрний хэлж буй ил санаа нь хямдаар өгөхгүй бол авах шаардлагагүй гэх ч нүүрсний салбарын бодлогод нөлөөлөх хэмжээний уг уулзалтыг хамтран зохион байгуулж, урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулах тухай ярих нь том гүрний “Монгол нүүрс хэрэгтэй” гэсэн далд бодлого нуугдаж байна уу гэлтэй.




Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №019
