Б.Дэлгэрмаа 2012 оны сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Б.Дэлгэрмаа 2012 оны сонгуульд өрсөлдөнө

УИХ-ын гишүүн асан, “Либерти” дээд сургуулийн ерөнхий захирал, “Норовбанзад” сангийн тэргүүн Б.Дэлгэрмааг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Монголын улс төр халж эхэллээ. Үүнийг дагаад улс төрд идэвхтэй оролцогчид бүгд чанга дуугарахыг чухалчилж байх шиг. Таныг энэ бүхнийг харьцангуй өөр нүдээр харж, үнэлэлт өгч суугаа болов уу гэж найдаж байна?

-Миний хувьд идэвхитэй байх албан тушаалын болон сонгуулийн үүрэг хүлээгээгүй учраас харьцангуй амар байна. Жирийн иргэн хүнийхээ хувьд л асуудалд хандахыг чухалчилж байгаа.

-Гэхдээ улстөрч хүн ямар ч тохиолдолд сонирхлоо илэрхийлэх нь зөв биш үү?

-Улс төр бол тодорхой хэмжээний шоу байдаг. Сайн шоучид улс төрд олон жил явж чаддаг. Олон нийтийн дунд асуудал үүсгэж, түүгээрээ амь­дарч чаддаг. Манай Л.Гүн­далай шиг гэх юмуу даа. Тэ­дэнтэй зэрэгцээд ачааны хүн­дийг үүрч, бүх хүнд ажлыг нь хийж, бага шоуддаг улстөрчид ч бий.

-Улстөрчид ер нь ажил хийх ёстой юу. Ажил гэдгийг төрийн бодлого тодорхойлох, гүйцэтгэх гэдгээр авч үзвэл шүү дээ?

-Яг ажил хийх үүрэг нь Засгийн газарт байдаг. Засгийн газрын тэргүүн гэдэг хүмүүжил, ёс суртахуун, мэдлэг боловсрол, удирдах арга барилаараа ялгарахын зэрэгцээ шоу хийж чаддаг байх хэрэгтэй. Шоу гэдгийг шууд утгаар нь бус, хийсэн ажлаа олон нийтэд хүргэх чадвар талаас нь би хэлж байгаа юм шүү. Түүнийхээ хүчинд бусдын дэмжлэгийг авч чаддаг байх ёстой. Манай Ерөнхийлөгч тэгж чадаж байна. Ер нь Засгийн газар их хүчтэй байх хэрэгтэй.

-Та энэ Засгийн газрыг хүчтэй гүйцэтгэх засаглал гэж хэлэх үү?

-Манай шоу нь УИХ талдаа явдаг. Тэнд олон шоучин бий. Нэрийг нь хэлээд яах вэ. Хэлэхээр дараа нь гомдол мэдүүлээд байдаг юм. УИХ талдаа шоу маань их яваад байгаатай холбоотой бодлого зангидагдаж чадахгүй байна. Хамтарсан Засгийн газар байгуулсан учраас гишүүдэд хувь хүнийхээ хувьд өөрөө тодорч гарч, шоудахаас өөр сонголт нэг талдаа үлдээхгүй байх шиг байна.

-Энд УИХ-ын гишүүн гэж хэн байх ёстой вэ гэдгийг тодруулах хэрэгтэй байх?

-Манайд мэргэшсэн улстөрч дутагдалтай байгаа. Маргарет Тетчер “Би Ерөнхий сайд болохоосоо өмнө 40 жил нам дотроо тодрох гэж зүтгэсэн” гэж хэлсэн байдаг. Маргарет Тетчер албаа өгснөөс хойш Консерватив нам Англид ялалт байгуулж чадахгүй байна. Энэ нь улс төрд лидер чухал гэдгийг хэлээд байгаа юм.

-Манайд нөхцөл байдал адилхан гэж үү?

-Адилхан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр гэсэн хүчтэй, харизм ихтэй лидер Ардын намд байсан. Гүйцэтгэх засаглал хүчтэй байхын тулд эргээд хүчтэй лидерээ нэхдэг. Тийм лидерийн хомсдолд орно гэдэг нь гүйцэтгэх засаглал сул байгааг илэрхийлдэг.

-Намын дарга нь Ерөнхий нарийн бичгийн даргынхаа сүр хүчинд дарагдах тохиолдлыг ч бас оруулах уу. Ерөнхий нарийн бичгийн даргынх нь эмоци, зориг зүрх, чанга дуу хоолой гээд тэр бүхэн нь илүүрхээд эхлэх тохиолдолд шүү дээ?

-Мэдээж бүх хүнд чанга дуу хоолой таалагдана гэвэл худлаа. Саяхан Ардын намын залуус Сүхбаатарын талбайд шүүр бариад жагсч байхад надад лав аймаар санагдсан.

-Яагаад?

-Хятадын 1960-аад оны /хунвэй­бинууд/ улаан хамгаалагчид энд ирчихсэн юм шиг л санагдсан. Соёлын хувьсгалаар сэхээтнүүдийнхээ эсрэг яаж тэмцсэн билээ. Тийм залуучууд УИХ-ын 2012 оны сонгуульд гараад ирвэл яана даа гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү. Олон нийт өнгөрсөн 20 жилийн хугацаанд төр барилцсан улстөрчдөөсөө залхаж эхэлж байна. Шинэ хүн хайх болж. Гэтэл тэр шинэ хүн нь хэн бэ гэдэгт гол асуудал байгаа юм. Сая Ерөнхийлөгчийн санаачилсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл, шударга ёс” үндэсний чуулганд оролцож байгаа төлөөлөгчдийг харахад гавьяат хуульч Б.Чимид гуай шиг сэтгэж, асуудлыг системтэй тавьж чаддаг хүн ховор байсан даа. Ийм нөхцөлд шинэ хүн хайхад хэцүү. Асуудлыг мэргэжлийн үүднээс нь тайлбарладаг хүн үнэндээ ховор байна. Бүгд универсалууд болчихсон. Бүхнийг ерөнхийд нь мэддэг гэх үү дээ. Би энд шинэ үеийн залуучуудыг үгүйсгээгүй. Төрд тэнцвэр хэрэгтэй. Ийм залуучууд олноороо УИХ-д гараад ирвэл юу болох вэ гэдгийг бодох ёстой.

-Ерөнхийлөгчийн санаа­чилсан үндэсний чуулганы талаар хэлсэн болохоор тань тодруулмаар санагдлаа. Уг чуулган “Шударга байх хэрэгтэй. Шударга ёсыг баримтал” гэсэн хоосон урианы цаана бодит үр дүнд хүрэх арга зам нь юу юм бэ гэдэгт тодорхой хариулт өгч чадаагүй гэвэл та зөвшөөрөх үү?

-Хууль, шүүхийн шинэчлэлийг нүүрэнд нь энгэсэг түрхэж, косметик хагалгаа хийх замаар хийх боломжгүй. Хуульд өөрчлөлт орууллаа гээд тодорхой хэмжээнд шинэчлэл хийж чадна. Гэхдээ улс төрийн дарамтаас хууль, шүүхийг бүрэн гаргана гэдэг нь одоогийн нөхцөлд юу л бол. Харин Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийж, бие даасан байдлыг нь хангаж өгөх хэрэгтэй.

-Хууль, шүүх, цагдаагийн газрын удирдлагыг бүхэлдээ эрх баригчид сонгож, томилдог. Энэ томилгоо, сонголт үргэлжлэх то­хиол­долд томилгооны дарамт­аас тэд ямар ч тохиолдолд зайлсхийж чадахгүй шүү дээ. Бүгд даалгавар биелүүлэгчээрээ л үлдэнэ?

-Яг л тийм байхгүй юу. Манай нийгэм яагаад ингэж улстөржөөд байна гэхээр бүх салбарт улс төр хутгалдчихсан. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт оролцохгүй зүйл гэж алга. Ийм байхад хараат бус, бие даасан шүүх байна гэж байхгүй. Яг л өөрийн тань хэлснээр “Би чамайг томилсон. Даалгавар биелүүлнэ шүү” гэсэн тулгалт үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Миний хувьд, Ерөн­хийлөгчийн санаачилгыг 100 хувь дэмжиж байгаа. Хүмүүсийн хүсэн хүлээж байсан шинэчлэлийг хийх санаачилга гаргаж чадсан. Шүүхийг нээлттэй болгож, хүнд суртлыг арилгаж, дотор нь бугшсан авлигатай тэмцэнэ гэдэг бол их том гавьяа. Гэсэн хэдий ч би илүү ажил хэрэгч хандах хэрэгтэй гэж үзэж байгаа. Бид ер нь асуудалд шинжлэх ухаанчаар хандаж сурмаар байна шүү дээ.

-Шууд утгаараа Үндсэн хуульд өөрчлөлт хийх. Тийм үү?

-Тийм ээ. Цомхон чадварлаг баг бүрдүүлээд ажиллах хэрэгтэй. Улсын их Хурлаас, эсвэл Ерөнхийлөгчөөс байгуулж буй ажлын хэсгийг шинэ хүмүүсээр бүрдүүлэх нь чухал. Өрнөдөд төгссөн олон сайхан мэдлэг боловсролтой хуульчдыг татаж оруулах хэрэгтэй шүү дээ.

-Үндсэн хуулийг шинэчлэх да­раагийн нэг шалтгааныг Сон­гуулийн тухай хуультай холбон тайл­барлах болж. Та Монголд хоёр танхимтай парламент хэрэгтэй гэж бодож байна уу?

-Манайд ямар ч хэрэггүй. Энэ 76 гэдэг хангалттай тоо. Хамгийн гол нь тойргийн хуваарилалтыг зөв хийх ёстой.

-Ардын нам эцсийн мөчид мажоритар тогтолцоог сонгож мэдэхээр байгаа. Энэ хувилбарыг та дэмжих үү?

-Тойргийн хуваарилалтыг их сайн хийх хэрэгтэй. Аль намд ямар хуваарилалт ашигтай вэ гэдэг хамгийн гол асуудал нь. Нөгөө талдаа УИХ-ын гишүүнийхээ ачааллыг авч үзэх хэрэгтэй. Нийслэлийн зургаан тойргийг ядаж 10 болгохгүй бол энэ нь ачаалал хэтэрчихсэн тойргийн хуваарилалт.

-Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлсэн Ардын нам, Ардчилсан намын хувьд сонгогчдод 2012 онд нэг үр дүнг ярина. Энэ тохиолдолд тус, тусынхаа давуу талыг хэрхэн тодорхойлох вэ гэдэг нь их том асуудал болж хувирах юм биш үү?

-Эвслийн Засгийн газартай үед дараагийн үр дүн нь тун ойрхон гарах магадлал өндөр байдаг. Дахиад хамтарч ажиллах нөхцөл үүсдэг. Тэгэхээр өнөөдрийн УИХ дахь бүтцийг ажиглаж байхад эдийн засгийн   бүлэглэлийн  бүтэц  хан­галттай хэмжээнд  байна. Хүрээллээс гадуур эдийн засгийн хүчтэй бүлэглэл гэж алга. Ийм нөхцөлд нэг их өөрчлөлт орохгүй болов уу. Аль, аль нь УИХ-ын 2012 оны сонгуулиар ялгарах гэж оролдоно. Гэхдээ ялгарлыг тод харуулах боломжтой гэвэл их хэцүү дээ.

-Та Ардчилсан намын гишүүн. Намынхаа ялгарах боломжийг хэрхэн олж харж байна?

-Ганцхан шударга ёс л байж магадгүй.

-Ардчилсан Ерөнхийлөгчөөр туг хийвэл боломж танай талд эргэх магадлалтай гэж үү?

-Ерөнхийдөө мөрийн хөтөл­бөрийнх нь гол утга болох шударга ёс гэдгийг ашиглах хэрэгтэй байх. Үүгээрээ л ялгарахгүй бол өөрөөр бол үнэхээр хэцүү.

-Иргэний зориг-Ногоон намын хувьд төлөвлөж байгаа гуравдагч хүчнийхээ орон зайг эзэлж чадах уу?

-Ногоон намын хувьд экологийн сүйрэл хурцаар тавигдаж байгаа энэ үед түүнийгээ гол бодлогоо болгоод явах нь хэрэгтэй. Иргэний зориг намын хувьд байгуулагдсан цагаасаа л шоу хийж ирсэн. Гэхдээ ногооны чиглэлийн намтай нийлснээр илүү бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулж эхлэх байх. Энэ тохиолдолд УИХ-д 2-3 суудал авах боломжтой. Тэр тохиолдолд Ардчилсан нам, Ардын намын аль нэгтэй нь эвсэл байгуулж, засагт орж болно. Европын Ногоон намын улс төрийн оролцоо нь ч ийм байдаг. Тэгээд ч Иргэний зориг намын тухайд УИХ-д ганц суудалтай байсан ч Засгийн газарт орох тохиолдол байсан шүү дээ.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэж Ардын намын нэг том “аюул” гарч ирлээ. Олон нийтэд таалагдахуйц хамгийн сайн хүн болж хувирсан түүнд боломж олдох болов уу. Улс төрд эргэж ирэх гэдэг утгаар нь асууж байна?

-Би Ардын намд ийм хөдөлгөөн гарсанд баяртай байгаа. Нам гэдэг утгаараа энэ зэргийн бэрхшээл амсах ёстой. Тодорхой тойргуудад Ардын намын саналыг хагалах хүчтэй байгаасай гэж хүсч байгаа. Ардчилсан намын гишүүний хувьд тэгж бодож байж болох юм. Зүгээр хувь хүнийхээ бодлоо хэлбэл Н.Энхбаяр ингэж болохгүй.  2000 оноос хойш өөрөө бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлчихээд өнөөдөр төрөл арилжсан юм шиг шударга ёсны тухай ярьж  болохгүй шүү дээ. Аливаа зүйлд итгэл үнэмшил байх ёстой. Хэлж байгаа үг, хийсэн үйлдэл нь хоорондоо зөрчилдөөд байна. Би Н.Энхбаярын үйлдлийг ээлжит шоу л гэж үздэг.

-Та Ардчилсан намын төлөө анхнаас нь явсан. Гэтэл Ардчилсан намын лидерүүд танд тийм ч их талтай байдаггүйг бид мэднэ. Шалтгааныг нь олоод асуудлыг эергээр зохицуулах тухай та ер нь боддог уу?

-Би хэзээ ч бусдад таалагдах гэж өөрийгөө өөрчлөхгүй. Би  өөрийнхөөрөө хүн. Улс төр бол багийн тоглолт. Би хүмүүс тэнд хороор дуулж байхад дунд нь солгой хоолойгоор дуулах хэрэггүй гэж үздэг. Ер нь хараад байхад аль ч шатандаа эрэгтэй бүтэцтэй, удирдлагатай явж ирсэн ийм намд эмэгтэй хүний зарчимч зан таалагддаггүй юм шиг байна лээ. Тэгээд ч миний хийж байгаа ажил бүтэмжтэй, би өөрөө аз жаргалтай байгаа учраас энэ бүхэн минь надад хангалттай байна. “Норовбанзад” сангийнхаа тэргүүнээр ажиллаж байна. “Либерти” дээд сургуулиа удирдаад  захирлаар нь ажиллаж байгаа.

-Таны шалгуурт оюутнууд тань нийцэж байна уу?

-Манайх зөвхөн магистрын сургалт явуулдаг. Би тэдэнд хандаж “Миний гарын үсэг байгаа диплом өөрөө нэр хүндтэй байх ёстой” гэж хэлдэг. Эхэндээ “Мөнгийг нь өгчихсөн юм чинь болно” гэж боддог байсан байж магадгүй. Аяндаа суралцаад эхлэхээрээ асар их зүйл сурч, судлах хэрэгтэй гэдгийг ойлгоод ачааллаа даадаг болчихдог.

-Бид өмнө нь ярилцаж байхад та “Ц.Элбэгдорж надад жаахан гоморхож явдаг юм шиг байна лээ” гэсэн утгатай үг унагаж байсан. Өнөөдөр хамтарч байгуулсан сургуульдаа эргээд ирсэн гэхээр та хоёрыг эвлэрсэн гэж ойлгож болох уу?

-Харилцаа муудсан, сэргэсэн энэ тэр гээд байх юм байхгүй. Би сургуулийнхаа гол хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болсон. Энэ утгаараа энд ирсэн.

-Ардчилсан нам УИХ-д нэр дэвших хүсэлтэй гишүүдээсээ 50 сая төгрөгийн хандивыг гурав хувааж авахаар болсон. Та өгсөн үү?

-Би уг нь өгөх гээд бэлтгэчихсэн байсан чинь түр зогсоосон гэж байна лээ. Надад өөр мэдээлэл алга л байна.

-Хандив өгнө гэхээр УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшинэ гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Мөнгө тушааж байна гэдэг чинь нэр дэвших зорилготой гэсэн үг л дээ. Би сүүлийн хоёр удаа их хүнд тойрогт нэр дэвшиж байсан. Сүүлд Дундговьд нэр дэвшихээр болоход Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын даргаар ажиллаж байсан. Би Ц.Элбэгдоржид “Намайг ялагд гэж явуулж байгаа юм байна аа” гэж хэлсэн.

-Ирэх УИХ-ын сонгуульд да­хиад “торгуулийн батальон”-д хуваарилагдах вий гэдгээс айхгүй байна уу?

-Би энэ талаар намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэд намын удирдлагатай яриад хэзээ ч ялалт байгуулдаггүй тойрогт эмэгтэй нэр дэвшигчдийг дэвшүүлэхгүй байхыг ярилцах хэрэгтэй. Мөн УИХ-д өрсөлдөөд ялалт байгуулсан хүмүүс нь гишүүн боллоо гэхэд байдаг мөнгөө намд өгч, сэтгэл зүрхээрээ зүтгэсэн бусад нэр дэвшигчдээ албан тушаалд хүргэх хэрэгтэй.

Дараа нь дөрвөн жилийн хугацаанд намынхаа төлөө явсан Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ бодох ёстой. Гэтэл манайд зүтгэсэн хүмүүс нь хоосон үлдээд яг албан тушаалын хуваарилалт болохоор хэн нь ч мэдэгдэхгүй баахан хүмүүс хаанаас ч юм гэнэт гарч ирээд дарга болчихдог. Газрын хаанаас гараад ирэв гэмээр л хүмүүс байдаг шүү дээ Тэгэхэд АНУ-ын Ерөнхийлөгч сонгуулийнхаа багийг тэр чигт нь Цагаан ордондоо ажиллуулдаг.

-Таны тухайд Ерөнхийлөгчийн багт ажиллах нь, Ерөнхий прокурор болох нь гэх яриа их гарч байсан?

-Сая  үндэсний чуулганд салбар хуралдааныг удирдаж оролцсон. Мөнөөх  л ярианы үргэлжлжл болол­той “Дэлгэрмаа шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болох гэнэ лээ “ гээд л ярьсан байсан. Тийм юм байхгүй л дээ. Гэхдээ улс төрд хөрөнгө оруулсан хүн ноогдол ашгаа авдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэнд мөнгө оруулах ямар хэрэгтэй юм бэ гэдгийг бодож үзэх ёстой.

-Ноогдол ашиг нь юу байх ёстой гэж?

-Албан тушаал.

-Тэгвэл албан тушаалд очсо­ноор ямар ашигтай юм бэ гээд л цуварсан олон асуулт тавьж болох нь ээ?

-Хүмүүс маш их мөнгө зарцуулаад дараа нь шархаа нөхөх гэж улс төрийг ашигладаг гэж ойлгоод байдаг. Гэтэл бүгд тийм биш. Харин биеэ, гэрээ засаагүй хэрнээ төрөө засна гээд байгаа хүний хувьд бол ийм асуудал байж магадгүй. Гол нь биеэ, гэрээ засчихсан. Төр  нийгэмдээ зүтгэх сэтгэлтэй, боломжтой, чадвартай хүнийг сонгох ёстой болж байгаа юм. Нөгөө талд сонгуульд гурван тэрбум төгрөг зарцуулсан хүн тэр мөнгөө олж авахыг л хүснэ. Түүнийхээ төлөө л ажиллана. Энэ эцэс төгсгөлгүй мөнгөний уралдааныг зогсоох арга замууд бий. Үүний нэг нь парла­ментад суудалтай улс төрийн намуу­дыг төрөөс санхүүжүүлдэг байх зарчим.

-Та хэдийг сонгуульд зарцуулах боломжтой вэ?

-Надад бол намдаа 50 сая төгрөг өгөөд сонгуульд 100 саяыг зарцуула­хад хангалттай. Хоёр, гурван тэрбум төгрөгийг зарцуулна гэдэг чинь юуны төлөө, яах гэж ийм их мөнгө зарцуу­лах болж байна гэдгээрээ утгагүй зүйл биз дээ.

-Тэд “Бизнес эрхлэгч улс төрд орох нь улсын мөнгийг идэхгүй гэсэн баталгаа” гэж хэлдэг?

-Харин би тэднийг улс төрөөс хол байлгах хэрэгтэй гэж үздэг. Тэд өөрсдийнхөө төлөө л ажилладаг. Улс төр нь тэдний бизнесийн орчныг бий болгож байна.

-Өнөөдрийн УИХ-ыг гурил, мах, үр тариа, төмс, хүнсний ногоо, зам, барилга, ноолуур, архи бүрдүүлж байгаа гэхэд худлаа болохгүй. Мэдээж бизнесийнх нь төрлөөр гишүүдийг орлуулбал шүү дээ. Энэ дунд Банзрагчийн Дэлгэрмаа гэдэг хүн ямар үүрэг гүйцэтгэх гэж УИХ руу зүтгээд байдаг юм бэ?

-Би УИХ-ыг цэвэрлэх ёстой гэж үздэг учраас өрсөлддөг. Тэнд өөрийн бизнесээ дэмжих гэж өрсөлдөөгүй. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Асууд­лын гол нь энд л байгаа юм. “Мах экспортлох гэж байна. Экспортын татварыг ингэж тогтооно шүү” гэх мэтээр өөрийнхөө бизнесийг чуулга­ны танхимд шийдээд байж болохгүй.

-Та “Хүний хөгжил сан”-ийн мөнгөө авсан уу?

-Өчигдөр би Хадгаламж банкны карт авсан чинь “Таны картанд 206 мянган төгрөг байна” гэж байна лээ. Би их баярлаад “Юу, юу орсон юм бэ” гэхэд 70 мянга, 50 мянга гээд л хэлсэн. Эх орныхоо баялгаас хувь хүртэнэ гэдэг чинь сайхан л юм. Ямар ч ажил хийхгүй зүгээр мөнгө ороод ирэхээр. Гэхдээ ч цаад учир шалтгааныг нь бодоход хэцүү л дээ.

-Юу нь хэцүү гэж. Олон хүн энэ мөнгийг авахын тулд худалч хүнд өдөр, шөнөгүй банкны үүдэнд дугаарлаж байгаа?

-Тийм ээ. Гэхдээ хайран мөнгө шүү дээ. Энэ мөнгөөр зам, эмнэлэг барьсан бол гээд бодохоор их гунигтай хэрэг. Манай Засгийн газар юм үзээгүй хүн хэдэн төгрөг олдсон дээр нь учиргүй баярлаж үрдэгтэй л адил асуудалд хандаад байна уу гэж бодогдож байна. Гадагшаа явах гээд онгоцонд суухад л нийт зорчигчдын бараг тал хувь нь LV, Burberry барьчихсан яваа харагддаг. Жаахан ичмээр санагдсан. Бүгд л их сонин болчихоод байх шиг байна. Засгийн газар үүнээс ялгарахгүй байна. Би үндэсний чуулганы үеэр шүүгч нарыг хараад өрөвдсөн.

-Өрөвдөх шалтгаан нь юу байсан юм бэ?

-Манай шүүгчдэд XXI зуунд тохирсон мэдлэг хэрэгтэй байна. Шүүгч нарт илүү өргөн далайцтай эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралын мэдээлэл хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр Монголын шүүгчид хавтаст хэрэгт дарагдчихаад л суугаад байдаг. Ажилдаа үлдэхийн тулд асуудлыг эрх мэдэлтний санаанд тааруулж, эвтэйхэн шийдэхийг л чухалчилдаг. Тэгэхгүй бол ажил, амьдралгүй болно. Ерөнхийдөө л Монголын шүүгчид буланд шахагд­чихсан санагдсан.

-“Монголчууд LV, Burberry барих нь их сайн хэрэг. Нэр төр, карьераа бусад улс оронд илэрхийлэхэд чамгүй дэмжлэгтэй” гэсэн шинэ философи хүчтэй тархаж байгааг та лав анзаарсан байх?

-Тийм ээ, муу зүйл биш. Сайн хэрэг. Гэхдээ тэр бүхнийг барьж байгаа хүмүүс брэнддээ зохицох хэрэгтэй гэж би боддог. Гэтэл манайд ёс суртахуун болоод аж амьдралын соёл алга байна. Дуурь, бүжгийн эрдмийн театрт дуурь үзэж байж ундаа ууж, чихэр идэж, цаасыг нь газар хаяад, гишгээд явж байна. Тэр брэнд барьж байгаа хүн ч  гэсэн өөрийгөө тийм байдлаар авч явж болохгүй л байхгүй юу. Саяхан би Балба яваад ирсэн. Улс орных нь амьдрал ядуу хэрнээ иргэд нь их сайхан тайван. Дандаа инээмсэглэж, бусдад асар их хүндэтгэлтэй ханддаг. Би Балбаас ирээд долоо хоног их сайхан инээмсэглээд тайван явлаа. Машинаа барьж явахдаа бүх жолооч, явган зорчигчдод зам тавьж өглөө. Долоо дахь өдөр нь миний машиныг нэг хүүхэн хажуунаас ирж шүргээдзурж орхисон. Буугаад “Яаж байгаа юм бэ” гэхэд урдаас “Хуцаад бай, авгай минь” гээд л орилчихсон. Миний нөгөө сайхан энерги ч байхгүй болж байгаа юм. Манайд бие биенээ хүндлэх, хайрлах сэтгэл байхгүй болчихсон юмуу гэж би сүүлдээ бодох бодсон.  
-Та Энхтайваны гүүрний ойролцоо машинаа шүр­гүүлсэн үү?

-Тийм ээ.

-Саяхан нэг сайтад тэр талаар их сүртэй мэдээ гарсан байна лээ?

-Тэр чинь л байхгүй юу. Манайхан ер нь байнга бухимдалтай явах болсон байна. Юунд ч тэгж их уурладаг юм бүү мэд. Улс төр нь бужигнаа  иргэд нь бухимдаад л. Жаахан инээдтэй, эмгэнэлтэй хэрэг л дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж