
“Уайт Харт Лейн” цэнгэлдэхэд болсон тоглолтын эхний хагас өндөрлөхөөс таван минутын өмнө “Арсенал” 3:1-ээр тоглолтыг хошуучилж байсан ч хоёрдугаар хагас эхэлсний дараа Том Хаддлстоун, Рафаэль ван дер Ваарт нар гоолдсоноор тооны харьцааг тэнцүүлжээ. Харин энэ үеэр Лондонгийн “Цэнхрүүд” талбайдаа “Бирмингэм”-ийг 3:1 харьцаатай хожсоноор гоолын зөрүүгээр “Арсенал”-ын өмнө, хүснэгтийн хоёрдугаар эгнээг эзлэх болов. Гэхдээ өмнөх өдөр нь “Ньюкасл”-тай хуурай тэнцсэн “Манчестер Юнайтед” зургаан онооны давуутай лигийг тэргүүлж байна. Сэр Алекс Фергусоны баг хэдийгээр тэргүүлэгчийн байрт байгаа ч ирэх сарын 1-нд “Арсенал”-ын талбайд, дараа долоо хоногт нь “Челси”-г талбайдаа хүлээн авах учир хүндхэн тулаанууд хүлээж буй. Лондонгийн угсаатнуудын хувьд ч ялгаагүй бэрх давааг давна. Тэд энэ сарын 30-нд буюу ирэх бямба гаригт талбайдаа “Тоттенхэм”-ийг хүлээн авах учиртай. Харин Франц мэргэжилтэн Арсень Венгерээр удирдуулсан “Их буучид” лигийн сүүлийн зургаан тоглолтоос таван тэнцээ аваад байгаа. Тэд дараагийн тойрогт “Болтон”-гийн талбайд, түүний дараа “МанЮ”-г талбайдаа хүлээн авч, тоглоно.