Хүний бодлыг унших, өөрчлөх цаг холгүй

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Хүний бодлыг унших, өөрчлөх цаг холгүй

Нийтлэлийг: nationalgeographic.mn



Компьютерийн нэгэн адил хүний тархи нь хакеруудын өгөөш болж магадгүй аж.
Технологийн ачаар эрдэмтэд хүмүүийн бодлыг унших тэр бүү хэл шинэ бодол, санааг
тархинд нь суулгах хэмжээнд хүрээд байна.

М.Фримэний хөтлөн явуулж буй Science сувгийн "Through the Wormhole" цувралын
сүүлийн нэвтрүүлэгт хүний тархийг хакердах боломж болон аюулын талаар авч
үзжээ. Уг нэвтрүүлэг өнгөрөгч лхагва гарагт гарсан юм.

“Бид мэдээллийн ертөнцөд амьдарч байна. Тун удахгүй нэг л өдөр бидний дотоод
бодол биднийх биш болох цаг ирнэ” хэмээн Фримэн уг шоунд өгүүлдэг билээ.

Бодол уншихуй
Хүмүүсийн бодлыг уншихийн тулд заавал ч технологи хэрэгтэй биш. Нью Йоркын
сэтгэл судлаач Марк Салем хүний биеийн хөдөлгөөнийг унших замаар юу бодож
байгааг нь мэддэг. Тэрбээр хүний бодлыг уншихыг хүсвэл гаргаж буй үйл хөдлөл, булчингийн
хөдөлгөөнийг нь ажигладаг байна. Дээр өгүүлсэн нэвтрүүлэгт Салем оролцохдоо
мэргэжлийн покерчдын гарт байгаа хөзрийг таахыг оролддог юм, энэ бол бараг
биелэшгүй зүйл билээ. “Би тоглогчдын биеийн болон нүүрний хувирал, дохио
зангааг олж харахыг хичээдэг. Ийм зүйл олныг олж ажиглах тусам тэдний хөзрийг
таах боломж маань нэмэгдэнэ” хэмээн Салем өгүүлжээ.

Мэдээжийн хэрэг хүний тархинд шууд нэвтрэх боломжийг эрдэмтдэд технологи л өгөх
билээ. Зохион бүтээгч, нейротехнологич Ф.Лоу нь хуйхнаас тархины цахилгаан
давтамжийг уншиж, үүгээрээ тархийг “хянадаг” iBrain хэмээх зөөврийн төхөөрөмж бүтээж буй.
Л.Геригийн өвчинтэй эсвэл саажилттай хүмүүст түүний энэ бүтээл нэн тустай.
Тухайлбал iBrain-ийг ашиглан тэд бодлоороо компьютерийн дэлгэц дээрх виртуал
гарыг удирдаж чадах юм.

Үүний дараа шоунд бодол унших илүү боловсронгуй аргуудын талаар өгүүлдэг.
“Зарим нейрошинжээчид тархины хэлийг шууд англи хэл рүү орчуулж байна” хэмээн
Фримэн өгүүлдэг. Тэр хэнийг хэлж байгаа юм бол? Беркли дэх Калифорнийн их
сургуулийн эрдэмтэн Жэк Галлант нь бодлыг зураг, үг болгохын тулд “тархины толь
бичгийг” бүтээж эхэлжээ. Галлант болон түүний багийнхан хүмүүст янз бүр дүрсийг
үзүүлэнгээ тархины үйл ажиллагааг нь функцын MRI буюу fMRI ашиглан хэмжиж авч байгаа юм. Тэрхүү
бичлэг дээр үндэслэн тухайн дүрсийг харсан хүмүүсийн тархи хэрхэн ажиллаж
байсныг нь тодорхойлж болох ажээ.

Сэтгэл зүйн өөрчлөлт
Гэхдээ эдгээр технологи нь ёс зүйн олон асуудлыг сөхөн гаргаж ирээд буй.
“Технологи цаашид хэр хурдан хөгжихийг бид мэдэхгүй” хэмээн Галлант хэлсэн юм.
Харин Фримэний асуулт улам хурцадмал болсоор: Хэрэв бодлыг уншиж болж байгаа юм
бол тэднийг бас өөрчилж болох уу?

Жишээ нь сонирхогчийг нэг өдрийн дотор мэргэжилтэн болгох боломж гарч ирнэ.
Чухам үүнийг нейрошинжээч, бизнесмэн Крис Берка хийхийг хүсч буй. Тамирчид,
жүжигчид, болон бусад мэргэжилтнүүд сэтгэл санааны дээд зэргийн төвлөрөлд буюу
“бүст орж” болдог. Иймэрхүү бүс нь тархины үйл ажиллагаанд онцгой
тэмдэглэгээтэй байдаг. Нейротекийн Berka компани нь ямар нэг үйл ажиллагааны
үеэр хүмүүсийн тархины үйл ажиллагааг бичиж авч, улмаар “оргил хэмжээндээ”
хүрсэнийг нь мэдэгдэж чадах тийм технологийг бий болгохоор зорьж буй. Өөрөөр
хэлбэл өөрсдийн үйл хөдлөл, гүйцэтгэлээ сайжруулахын тулд хүмүүс өөрийн тархиа
хакердах боломжийг энэ технологи хүмүүст өгнө гэсэн үг юм.

Тэгвэл бусад хүмүүс хэн нэгний тархийг хакердаж, бодлоо суулгахыг хүсвэл яах
вэ? Компьютерийн хувьд системийг нь хакердаж вирустуулах боломж нэгэнт нээлттэй
болсон. Харин хүний хувьд үнэрийг ашиглан тархийг нь хакердаж магадгүй гэнэ.

Израйлийн Тель Авивийн шинжлэх ухааны коллежийн сэтгэл зүйч Илана
Хайрстон
нь хүмүүсийг унтаж байх үед үнэрийг ашиглан тархинд нь
мэдээлэл суулгах аргыг туршиж буй. Тэрбээр унтаж буй хүмүүсийг ямар нэг
тааламжтай эсвэл муухай үнэрийг тодорхой дуу чиэмээтэй холбоход сургаж байгаа
юм. Энэ арга нь уран зөгнөл мэт танд санагдаж магадгүй, гэхдээ энэ нь үнэр
зэрэг мэдрэхүйг тархинд оруулах боломжийг олгодог тархины замд түшиглэж
явагддаг учраас огт боломжгүй биш.

М.Фримэний хөтөлсөн уг нэвтрүүлэгт энэ мэт олон аргын талаар дурдсан бөгөөд
тэдгээр нь хүний ур чадварыг хөгжүүлэх, сэргээхэд голдуу чиглэгдсэн боловч
зарим нь ирээдүйд аюул учруулж ч мэдэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж