Марион Бартоли “Уимблдон”-нд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.07-нд нийтлэгдсэн

Марион Бартоли “Уимблдон”-нд түрүүллээ

Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимблдон”-ы эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга өнгөрсөн шөнө тодорлоо. Шигшээд Германы Сабине Лициски, Францын Марион Бартоли нар шигшээд шалгараад байсан бөгөөд тоглолт нэг цаг 20 минут үргэлжиж, 6:1, 6:4-ийн харьцаагаар Франц бүсгүй ялалт байгуулж энэ жилийн “Уимблдон”-ны түрүүг хүртлээ. Тэрбээр тус тэмцээнд түрүүлснээр 1,2 сая ам.долларын шагнал хүртэж, чансааны 2000 оноо хүртэж байна.

Марион Бартолийн хувьд тус тэмцээний 15-т эрэмбэлэгдэн тоглосон бөгөөд шигшээ хүртлээ өөрөөсөө чансаа доогуур тамирчинтай оноолт таарсан ч өрсөлдөгчдөө нэг ч сет алдсангүй. Тэрбээр энэхүү амжилтаараа "Уимблдон"-нд нэг ч сет алдалгүй түрүүлсэн зургаа дахь эмэгтэй теннисчнээр бичигдэж байна.

Бартолийн хувьд 2007 оны шигшээд шалгарахдаа АНУ-ын Винус Уильямст ялагдаж байжээ. Гэсэн ч тэрбээр зургаан жилийн дараа теннисчин бүрийн хүрээд байдаггүй “Их дуулга”-ын түрүүг хүртлээ.

Тэмцээний шигшээ наймд АНУ-ын Серена Уильямс, хагас шигшээд тэмцээний дөрөвт эрэмбэтэй Польшийн Радваньска нарын буулган авсан Германы Сабине Лициски өнгөтэй байсан ч шигшээ тоглолтод Бартолийн эсрэг төдийлөн хүссэнээ гаргаж чадсангүй.

Алдарт ихэр теннисчид ээлжит түрүүгээ хүртлээ

Тэмцээний эрэгтэй хосын төрөлд АНУ-ын ах, дүүс Брайанууд түрүүлж, "Уимблдон"-ы гурав дахь, нийт "Их дуулга"-ын 15 дахь түрүүгээ хүртлээ.

Ах, дүүс Брайны хувьд энэ оны гурван "Их дуулга"-д дараалан түрүүлээд байна.

Хосын төрлийн тэргүүн тоглогч тэдний хувьд "Их дуулга"-ын хүссэн амжилтанд хүрээд байсан ч олимпийн их наадамд түрүүлж чадаагүй байсан. Афины олимпод амжилттай тоглож чадаагүй ч Бээжингийн наадмаас хүрэл медаль хүртэж, улмаар өнгөрсөн жил Лондонд алтан медаль хүртэж авч болох бүх л түрүүгээ тэд авсан юм.

2001 оноос эхлэн мэргэжлийн теннисний насанд хүрэгчид өрсөлдөх болсон ах дүүс 2003 онд "Их дуулга"-ын анхны түрүүгээ авчээ. Тодруулбал 2003 оны "Францын нээлтэй тэмцээн"-нд түрүүлснээр тэдний ноёрхол эхэлсэн гэхэд болно. Өдгөө 35 настай ах дүү Брайанууд энэ оны тавдугаар сараас эхлэн хосын төрлийг дахин тэргүүлж эхлээд байна.

Харин энэ жилийн "Уимблдон"-ы эмэгтэй хосын төрөлд БНХАУ, Тайваний хослол тэргүүлжээ.

Мюррей Их Британчуудын хүлээлтийг биелүүлж чадах уу

Өнгөрсөн жилийн “Америкийн нээлттэй тэмцээн”-нд түрүүлж
Их Британийн тамирчдын олон жил хүртэж чадаагүй байсан “Их дуулга”-ын түрүүг хүртсэн
Энди Мюррей энэ жил Лондонд тун сайн байж шигшээд шалгарлаа. Түүний өрсөлдөгч
мэдээж дэлхийн манлай теннисчин, тус тэмцээнд 2011 онд түрүүлсэн Сербийн Новак
Жокович.

Испаний Рафаэль Надаль, Швейцарийн Рожер Федерер нарын
агуу тоглогчид тэмцээний эхний тойргуудад мултарсан учир дээрх хоёр теннисчид
хэнд ч хожигдох эрх байгаагүй. Тиймээс тэд учраа бүрээ буулгасаар шигшээд
шалгарсан.

1936 оноос хойш “Уимблдон”-нд түрүүлж чадаагүй Их Британчуудын хүлээлтийг
Энди Мюррей зогсоож чадах уу, “Их дуулга”-ын ээлжит түрүүгээ авах Жоковичийн
ялалт байх уу гэдгийг өнөө шөнө харах л үлдлээ.  

Ч.БОЛ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж