Тангараг өргөх хөтөлбөр батлагджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.07-нд нийтлэгдсэн

Тангараг өргөх хөтөлбөр батлагджээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт сонгогчдын олонхийн санал авсан Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн
зөвшөөрч, долдугаар сарын 10-нд буюу Үндэсний баяр
наадмын өмнө тангараг өргүүлэхээр болсон билээ.

Ингэхдээ 1993 оны Монгол
Улсын Ерөнхийлөгчид тангараг өргөх журамд өөрчлөлт оруулж, Их Эзэн
Чингис хааны хөшөөний өмнө буюу Сүхбаатарын талбайд ард түмэнтэйгээ хамт
тангараг өргүүлэхээр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Өмнө
нь Ерөнхийлөгч Төрийн ордны их танхимд тангараг өргөдөг байсан бол энэ
удаад Эзэн Чингис хааны хөшөөний өмнө тусгайлан зассан талбайд тангараг өргөж, ёслолын ажиллагаанд зориулж цэргийн
ёслолын жагсаал явуулахаар тусгасан байгаа.

Монгол улсын зургаа дахь удаагийн
сонгуульд ялалт байгуулсан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд ард түмэнтэйгээ морин цагт буюу 11.40
цагт тангараг өргөх ёслолын хөтөлбөр батлагдсан байна. Энэхүү хөтөлбөрийг танилцуулъя.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хөтөлбөр:

Болох газар:             Төрийн ордон, Их эзэн Чингис хааны хөшөөний  өмнө
 
Хугацаа:                    2013 оны 07 дугаар сарын 10-ны Лхагва гариг

 

  • 10.00
    Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим /ҮЖҮНХ/ марш аялгуу тоглоно. Төрийн
    хүндэт харуул Төрийн ордны баруун болон зүүн жигүүрээс ёслолын алхаагаар
    алхаж Төрийн ордны өмнө байраа эзлэнэ. УИХ-ын чуулганы танхим дахь
    Төрийн далбааг Төрийн хүндэт харуулаар хамгаалуулан Их эзэн Чингис хааны
    хөшөөний зүүн талд байрлуулна.
  • 10.05  Их эзэн Чингис хааны алтан сургаалаас олон нийтэд сонордуулна.
  • 10.15 ҮЖҮНХ, Төрийн хүндэт харуул жагсаалын алхаагаар Төрийн ордны зүүн, баруун тал руу буцаж орно.
  • 10.50 Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид угтах ёслолын бүжиг
  • 11.00
    Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Төрийн хүндэт харуул, цэргийн
    ёслолын ажиллагаанд оролцох албан хаагчид талбайд байраа эзэлнэ.
  • 11.05
    Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим марш аялгуу тоглоно. Төрийн Есөн хөлт
    Их цагаан туг, Төрийн далбаа, Төрийн тамга, Үндсэн хуулийн уг эхийг
    ёслол хүндэтгэлтэйгээр Төрийн хүндэт харуул болон Төрийн ордны
    хамгаалалтын алба Их эзэн Чингис хааны хөшөөний дэргэд зална.   
  • 11.10  Хүндэт зочид, төлөөлөгчид, ахмадууд болон бусад зочид суудалдаа сууна.
  • Хэвлэл, мэдээллийнхэн байраа эзлэсэн байна.

Хоёр. УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан
 

  • 11.25 УИХ-ын гишүүд Төрийн ордны зүүн урд голын хаалгаар гарч схемд заагдсан суудлаа эзлэнэ.
  • 11.35 УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Их эзэн Чингис хааны хөшөөний дэргэд байраа эзлэнэ.
  • 11.39 УИХ-ын дарга гишүүдийн ирцийг мэдээлж, Ерөнхийлөгчийг урина.
  • 11.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их эзэн Чингис хааны хөшөөний зүүн урд хаалгаар гарч ирэн суудалдаа сууна.
  • 11.40 УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэлнэ /тусгай хөтөлбөр/
  • 11.59 УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн ёслол өндөрлөснийг мэдэгдэж хүндэтгэлийн хуралдааныг хаана.
  • 12.00 Ерөнхийлөгч Төрийн ордны баруун урд хаалгаар орно.
  • 12.00
    Есөн хөлт Их цагаан туг, Төрийн далбаа, Төрийн тамга, Үндсэн хуулийн уг
    эхийг Төрийн хүндэт харуул, Төрийн ордны хамгаалалтын албаны
    ажилтнуудын хамгаалалт дор буцаан зална.

 Гурав. Цэргийн жагсаал

  • 12.05
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж
    Төрийн ордноос гарч тусгайлан зассан тавцан дээр зогсоно.
  • 12.05
    Цэргийн жагсаал командлагч хошууч генерал Б.Баярмагнай Монгол Улсын
    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл
    өгснөөр цэргийн жагсаал эхэлнэ.
  • 12.45 Цэргийн жагсаал өндөрлөнө.
  • 13.30
    Гадаадын зочин төлөөлөгчдийн тэргүүн нарыг Төрийн есөн хөлт Их цагаан
    тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан
    дурсгалын зураг татуулна.
  • 15.00 Тангараг өргөх ёслол,
    Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр
    наадмын хүндэтгэлийн тоглолт болно

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж