
Мохаммед Мурсийн талынхан болон түүнийг эсэргүүцэгчдийн хооронд гарсан мөргөлдөөн долдугаар сарын 5-ны орой буюу бямбаас нямд шилжих шөнө болжээ. Зөвхөн Александрия хотод гэхэд үймээний улмаас 12 хүн амиа алдсан бол 200 гаруй хүн шархадсан байна.
Мөргөлдөөн Каир хот, Синайн хойгт гарсан байв. Тэнд амь үрэгдсэн хүмүүсийн тав нь цагдаагийнхан байжээ. Египетийн цэргийн эргэлтийг эсэргүүцэж, “Уур хилэнгийн” өдөр гэгчид турхирсан исламистуудын уриалгыг хэдэн арван мянган хүмүүс дэмжжээ. Мөргөөлдөөн олон цагийн турш үргэлжилсэн байна.
Цэргийнхэн мөргөлдөөний үеэр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний орлогч дарга буюу гол ивээн тэтгэгчдийн нэг Хайрат аш-Шатерыг түүний дүүгийн хамт баривчилжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун египетчүүдэд хандан “Өшөө авалтын янз бүрийн сэдлээсээ татгалзах”-ыг уриалаад, Египетийн хэргийг зохицуулах гэсэн нэг ч нам, хөдөлгөөнийг хязгаарлаж болохгүйг хэлжээ. Египетийн хүчирхийллийн иймэрхүү шинэ өдөөн хатгалгыг АНУ буруутгаж байна. Төрийн департаментын төлөөлөгч хэлэхдээ “Ийм үед арми иргэдийн чөлөөт жагсаал цуглаан хийх эрхийг хамгаалах ёстой” гэжээ.