Сноудений хэрэгт нааштай хандаж магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.07.06-нд нийтлэгдсэн

Сноудений хэрэгт нааштай хандаж магадгүй гэв

АНУ-ын тагнуулын өндөр нууцын зэрэглэлтэй материалуудыг задруулж, шуугиан тариад буй экс ажилтан Эдвард Сноуден ОХУ-ын Москвагийн нисэх онгоцны буудалд саатаад нилээдгүй хугацааг өнгөрүүлж байна. Энэ хугацаанд тэрээр аль нэг улсаас улс төрийн орогнол хүсэхээр одоогоор хорь гаруй улсад хүсэлт гаргаад байгаа ч ямар нэг нааштай хариу сонсоогүй байсан юм. Харин эх сурвалжуудын хамгийн сүүлийн мэдээгэээр Никарагуа болон Венесуэль улсууд Сноуденд улс төрийн орогнол олгож магадгүй тухай хэвлэлүүд шуугижээ.

Никарагуагийн Ерөнхийлөгч Дэниэл Ортега АНУ-ын тагнуулын албаны экс ажилтанд орогнол олгож магадгүй талаараа ийнхүү мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Ортегагийн мэдээлснээр Москва дахь Никарагуагийн Элчин сайдын яам Сноуденаас хүсэлт хүлээж авчээ. Ерөнхийлөгч Дэниэл Ортега нь 1980 онд анх Никарагуагийн төрийн тэргүүн байхдаа АНУ-ыг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг байсныг хэвлэлүүд энэ үеэр мөн онцолсон байна.

Түүнчлэн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мөн Сноудений улс төрийн орогнол олох хүсэлтэнд нааштай хандахаа мэдэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Никарагуагийн Ерөнхийлөгч Дэниэл Ортега дээрх хэргийн талаар мэдээлэл хийхээс өмнөхөн Сноуден дахин зургаан улсаас улс төрийн орогнол хүссэн талаар “Wikileaks”-ын зүгээс мэдэгдсэн байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж