Толгойгүй шинэчлэгчид

Хуучирсан мэдээ: 2013.07.06-нд нийтлэгдсэн

Толгойгүй шинэчлэгчид

МАН-д шинэчлэл хийхээ мэдэгдэж, Бага хурлыг яаралтай зарлахыг шаардаж байсан “Шинэчилье” хөдөлгөөний залуус удирдлагын эрэлд морджээ. Хамгийн их гишүүнтэй буурал намд цаг нь ирээд Бага хурал, Их хурал зарлагдахад залуусын талыг баримтлагч удирдлага гарч ирэхгүй байх магадлалтай болсон нь ийн сандралд оруулсан бололтой юм.

“Шинэчлэе”-гийнхний хувьд Австралид суурьшаад багагүй сарыг үдэж байгаа экс генсек У.Хүрэлсүхийгээ намын удирдлага төвшинд залах санаатай байж, харин нөгөөх нь “Намыг шинэчлэх санаачлагыг дэмжиж байгаа ч одоохондоо удирдлагын төвшинд ажиллах боломжгүй” гэх хариу өгч… Арга ч үгүй байлгүй дээ, сэтгэлийн хөөрөлд автсан сөөвгөр хэдэн залуучууд нь “Намынхаа удирдлагаар нэр цэвэр хүнийг сонгоно” гээд мэдэгдчихсэн хойно, экс генсек ийм хариу барьж зангараг заахаас яахав. Арай өөр мэдэгдэл хийсэн бол ах У.Хүрэлсүх нь ондоо хариу өгөх байсан ч юм билүү хэн мэдлээ дээ. Харин энэхүү татгалзсан хариу тайлбараас болоод залуус “Толгойгүй буюу удирдлагагүй шинэчлэгчид” болж хувиран бүр онигоонд оров. Ядахад, шинэчлэлийг хийх үзэл баримтлал ч үгүй суугаа нь эргүүлээд томчуудынх нь зүгээс “Албан тушаалд санаархаж байгаагаас биш, өөр зорилго залууст алга” гэх дүгнэлтэд хүргэж залуусын рейтингийг нь унаган улам хөл алдуулж эхлэв.

Найдвар болж байсан ах нь “Үгүй” гэх хариулт өгсөн нь үндсэндээ “Надгүйгээр хувьсгалаа эхлүүл” гэсэнтэй утга нэг сонсогдож буй юм. Үүнээс ч болсон уу, “Шинэчилье” хөдөлгөөнийг дэмжигчдийн зүгээс намын удирдлагад нэр дэвшчих сонирхолтой гишүүдийн тоо олшрох болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Н.Номтойбаяр нарын нэрс тэргүүнд дуулдаж байна. Н.Номтойбаярын хувьд У.Хүрэлсүхийн фракцид дээгүүрт бичигддэг ч намын удирдлага төвшинд томилоход туршлага, мэдлэг хоёроор дутна. Дээр нь нэр цэвэр гэх шаардлагад нийцэж үлдэхэд бэрх аж. Хэдийгээр хувийн хэвшилд ажиллаж байсан түүний хувьд намных нь гишүүдтэй харьцуулахад идэж, уусан гэх хэл аманд өртөөгүй боловч өнгөрсөн жилийн сонгуулиар нэг том хэл аманд орчихсон. Ж.Энхбаярын хувьд “Шинэчилье” хөдөлгөөнийг идэвхитэй дэмжигчийн нэг боловч УИХ-ын гишүүн М.Энхболдын толгойлдог “Хотын” фракцид харьяалагддаг тул бүлэглэлээрээ гадны хүн болж хувирч байгаа. С.Бямбацогт гишүүний хувьд нэр нь дуулдаж байгаа ч хол явахгүй нь бололтой. Гэхдээ “Шинэчилье”-гийн залуус нэгэнтээ “Нэр цэвэр хүнийг намын удирдлагадаа санал болгож, удирдлагаар сонгоно” хэмээн мэдэгдсэн болохоор хэлсэндээ хүрэхэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг санал болгохоос өөр гарц байхгүй байгааг сануулах хүн цөөнгүй байна.  Хөдөлгөөний залуусын санаачлагыг дэмжиж байгаа эсэх нь тодорхойгүй ч нутгийн угшлаа дагуулаад МАН-ын даргад өрсөлдүүлчихэд Бага хурал, Их хурлынхаа гишүүдийн дэмжлэгийг хүлээгээд тодроод ирэх боломжтой аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хэдий ч намын дарга Ө.Энхтүвшингийнх нь дүгнэлтээр бол “Аварга ялсантай дүйх үр дүнг авчирсан”. Тиймээс түүний намдаа авчирсан 520 мянган сонгогчийн саналыг намын даргын суудлаар шагнаж болзошгүй” гэх. Энэ тохиолдолд “Шинэчилье” хөдөлгөөнийхний эхлүүлсэн удирдлагыг өөрчлөх санал санаачлага жинхэнэ утгаараа “Толгойлогч үгүй шинэчлэгчид” тодотгол зүүхэд хүргэх юм. Гэхдээ МАН-ын Бага хурал, Их хурлын гишүүдийн хувьд арай ч тийм гэнэн сонголт хийхгүй байлгүй дээ гэж найдах л үлдлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж