Тоглоомын талбайд газар олгожээ

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Тоглоомын талбайд газар олгожээ

Хүүхдийн тоглоомын талбайд барилга барих зөвшөөрөл өгснөөс үүдсэн газрын хэрүүл сүүлийн жилүүдэд тасрахаа байсан.

Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутагт иргэдийн хооронд бас нэгэн газрын маргаан дэгдлээ. Маргааны гол шалтгаан нь иргэн Ч.Эрдэнэсайхан өөрийн эзэмшил газартаа барилга барихаар хашаа хатгаснаас үүдсэн байна. Энэтхэгийн Элчин сайдын яамны ард байрлах 11-р байрны хажууд байрлах иргэн Ч.Эрдэнэсайханы нэр дээрх цэвэр, бохир усны шугам бүхий 0,016 га газарт хүүхдийн тоглоомын талбай багтсан нь ийн иргэдийг бухимдуулжээ.

Ч.Эрдэнэсайхан газрын зөвшөөрлөө 2012 оны зургадугаар сарын 22-нд авсан болохыг түүнийг төлөөлж ирсэн хүмүүс хэлэв. Харин газрын маргаанаас болж байрны гадна цугласан иргэд “Энд газар эзэмших нь хууль бус бөгөөд УИХ-ын сонгууль болохоос өмнө газрыг хууль бусаар Ч.Эрдэнэсайханд олгосон” гэх зүйлс ярьж байв. Харин Ч.Эрдэнэсайхан нь тус газарт таван давхар оффисын зориулалт бүхий барилга барихаар өнгөрсөн онд зөвшөөрлөө авч, кадастарын зураг хийлгэсэн гэх мэдээлэл байна.

11-р байрны иргэд болон барилга барихаар ирсэн хүмүүс хооронд бүтэн жилийн туршид энэхүү газрын маргаан өрнөж байгаа бөгөөд өнөөдөр Нийслэлийн хот төлөвлөлтийн газрын мэргэжилтэн н.Тамир тэдэнд дээр очиж, “Маргаантай газар барилга бариулахгүй. Хашаагаа буулга” гэж хэлээд явсан байна. Гэсэн ч тус газарт барилга барихаар зөвшөөрөл авсан гэх иргэд хашаагаа буулгахыг хүсээгүй болохоор иргэд ч тарж явахгүй байсаар байлаа. Таван давхар барилга барих зөвшөөрөл олгосон уг газар нь Энэтхэгийн элчин сайдын яам, СБД-ийн 7-р хорооны 11-р байр, Ардчилалын ордон гэсэн барилгуудын дунд байрладаг бөгөөд орж, гарах гарц хомс ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж