Ж.Хаянхярваа: “Монголын алтан хараацайнууд” гэж мандаж явлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Ж.Хаянхярваа: “Монголын алтан хараацайнууд” гэж мандаж явлаа

Ж.Хаянхярваа: “Монголын алтан хараацайнууд” гэж мандаж явлаа

Монголын волейболын анхны шигшээ баг 1956 онд байгуулагдахад бүрэлдэхүүнд нь багтаж, өдгөөг хүртэл 50 гаруй жил энэ спортод зүрх сэтгэлээ зориулж яваа буурал бол олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваа юм. Эх орноо төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван ч удаа оролцсон энэ буурал өдгөө 80 насны босго алхаж яваа. Тэрээр одоо Монголын волейболын залуу тамирчдыг бэлтгэх ажилд гар бие оролцож байгаа юм. Волейболын спортод олон шавь бэлтгэсэн дуурсагдаагүй энэ алдартантай уулзаж дурсамж яриа өрнүүллээ.

-Монголд шигшээ баг бүрдсэн анхны спортын төрөл нь волейбол гэдэг. Тэр багт багтсан талаар, мөн тухайн үеийн волейболын спортын хөгжлийн талаар дурсаад ярилцлагаа эхлүүлэх үү?

-Бараг 60-аад жилийн өмнөх түүх шүү дээ. 1956 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хороог байгуулсан юм. Даргаар нь генерал Ж.Лхагвасүрэн гуай томилогдож байлаа. Энэ үеэс л Монголд спорт хөгжих үндэс тавигдсан. Волейбол бол Монголд хөгжсөн анхны спорт. Монголын волейболын холбоо байгуулагдаад 85 жил өнгөрсөн байна.  Анх хуучнаар ЗХУ, Алпакт сурч байсан залуучууд тэндээс хэдэн бөмбөг авчирсан юм билээ. Тэр үеэс л Монголд волейболын спорт үүсч хөгжсөн гэж ярьдаг. Тэр үеийн бөмбөг гэдэг ч хэцүү эд, голдуу Оросын үдээстэй ширэн бөмбөг байдаг байлаа. Нүдэж өгнө.

-Таныг волейболын спортоос гадна хөлбөмбөг, сагсан бөмбөгөөр бас хичээллэж байсан гэж дуулсан…?

-Хөлбөмбөг гэж нэрлэхэд хэцүү л дээ. Спорт гэдэг чинь одоогийнх шиг ингэж сайхан төрөлжөөгүй байлаа. Хүүхдүүд хааяа нэг бөмбөг олдвол өшиглөнө, нарийн ширийнийг мэдэхгүй шүү дээ. Өвлийн улиралд эсгий гуталтай хомоол өшиглөнө. Тэр үед молоко хоёрхон төгрөг байлаа. Арван жилийн хүүхдүүд хоёр төгрөгийн лааз өшиглөнө. Миний хувьд ер нь спортын бүхий л төрлийг сонирхож, оролдож байсан. Хөнгөн атлетикт ч гүйдэг байлаа. Анхны медаль маань хөлбөмбөгийнх гээд бод доо. 1955 онд байна уу даа, “Соёл” нийгэмлэгээс хөлбөмбөгийн тэмцээнд оролцож мөнгөн медаль авсан юм. Ингээд 1956 оноос л спорт төрөлжиж, сагс тоглодог нь сагсан бөмбөгөөр, хөлбөмбөг нь хөлбөмбөг, волейбол нь волейболоо хөөсөн дөө. 10 жилд суралцаж байхдаа би аль алинаар нь тэмцээнд тоглодог байлаа. Удалгүй волейболын шигшээ баг байгуулагдаж гишүүн нь болсон.

-Тухайн үед улсын шигшээ багт орохын тулд ямар шалгуур давдаг байсан бэ?

-Маш хатуу шалгаж авдаг байсан. Спорт “хөөдөг” хүн цөөн байсан, гэхдээ тоглодог хүн бүр шигшээ багт орохгүй л дээ. Дундаж нас нь 22-той байх, тэгээд дээрээс нь биеийн өндөр, тоглолтын ур чадвар гэх мэт зүйлийг харна. Багш нар хүртэл хөдөө, орон нутгаар явж, хүүхэд залуусыг сонгож авдаг байсан. Хожим 1959 оноос  бүр нарийн шалгууртай болсон. ЗХУ-аас багш дасгалжуулагч ирж, шигшээ баг бүрдүүлнэ гээд томоохон ажил эхлүүлсэн. Миний хувьд хоёрдугаар арван жилийн сургууль төгсөөд, МУИС-д элсэн орох жилдээ шалгаруулалтад тэнцэж, шигшээ багийн тамирчин болж байлаа.

-Анхны шигшээ баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байсан бэ?

-1956 онд 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Анхны багаас одоо олонхи нь бурхан болжээ. Дараа нь бүрдсэн 1959 оны шигшээгийн тамирчдаас нэлээд нь бий. Гэхдээ анхны юм гэдэг анхных л байдаг шүү дээ. Хааяа хамт тоглож явсан хөгшчүүлээ үгүйлэх л юм.

-Тухайн үеийн техник, хувцас хэрэглэл гэж ямархуу байв?

-Техник хэрэгсэл гэхээр зүйл ч бараг байгаагүй дээ. Бөмбөг л байвал болох нь тэр. Анх 1956 онд шигшээ баг байгуулагдсаны дараа Унгараас анхны үдээсгүй бөмбөг авчирсан юм. Бөмбөг ховор, багаараа нийлээд өөрсдийнхөөрөө л бэлтгэл хийнэ. 1958 оноос л ер нь бэлтгэл арай эрчимжиж эхэлсэн юм. Солонгос багш ирээд, Хятадаас 100 бөмбөг авчраад л сүйд болж байлаа.

-Шигшээ багийн нэгдсэн хувцас ямар байдаг байсан бэ?

-Тэр үед чинь одоогийнхтой адилгүй, улсаас норм тавьж, хувцас хэрэглэл олгодоггүй байлаа. Өөрөө өөрсдөө л, хувь хувьдаа өнгө дагуу хувцас олж өмсөнө.

-Жигдэрсэн хувцас гэж байгаагүй хэрэг үү?

-Үгүй. Олон улсын тэмцээнд явахдаа хоорондоо нийлж, яриад тус тусдаа хувцсаа бэлдэнэ. Сүүлд 1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахын өмнө Хятад руу хувцас захиалж, энгэртээ соёмбо тэмдэгтэй, ижилхэн хувцас бүгдэд нь тавьж өгч байлаа. Тэр л анхных юм шүү дээ.

-Шигшээ багийн анхны тэмцээний талаар сонирхуулаач?

-1957 онд Москва хотод болсон дэлхийн залуучууд, оюутны VI наадамд оролцож байлаа. Тэр жилдээ Азийн дөрвөн орны тоглолтод оролцсон. Үүнээс гадна Ази, Европын маш олон тэмцээнд тоглож явсан даа. Тухайн үед шигшээ багийн гол зорилго гадаадын тэмцээн, уралдаанд тасралтгүй оролцох явдал байсан юм.

1965 оны дэлхийн оюутны IV Универсиад наадам. Будапешт, Унгар.

 

-Монгол Улс түүхэндээ гурван удаа волейболын ДАШТ-д оролцсон. Харин та гурвууланд нь үндсэн тоглогчоор оролцсон цорын ганц тамирчин, тэр гайхалтай түүхээс хуваалцаач. Анхны ДАШТ-ий тухайд?

-Бид анх удаа 1962 онд Москвагийн дэлхийн аваргад оролцсон. Тэр үед одоогийнхтой адил ингэж багаараа байрлаж, хэдэн сараар бэлтгэл хийдэггүй байлаа шүү дээ. Сайндаа л 10 гаруй хоногийн бэлтгэл хийнэ. Ганц хоног хамт байрлавал байрлана. Тэгээд л явдаг байлаа. Тэр үеийн волейболын нэг онцлог гэвэл тор давж хаадаггүй байсан. Тор давж хаалт тавьбал шууд бөмбөгөө хураалгана. Бас бөмбөг доороос авах нь харьцангуй бага байсан. Голдуу л унаж авна. Тийм учраас гар, хуруу их л тулдаг байсан даа /инээв/.

ДАШТ Москвагийн өнөөх алдартай “Лужники” цэнгэлдэхэд болсон. Манайх дандаа хүчтэй багуудтай нэг хэсэгт орчихсон. Израйль, ЗХУ, Чех, Болгар гээд л дэлхийд данстай багууд, хамгийн сул нь манайх.

-Тухайн жилд Монголын волейболчид дэлхийн аваргын түүхэн замналаа ялалтаар эхлүүлсэн гэсэн бахдам түүх байдгийг мэдэх юм. Аль улсын багийг хэрхэн хожиж байв?

-Бид нар тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө Москвад очсон юм. Тэмцээн хүртэл “Лужники”-д хэд хэдэн удаа бэлтгэл хийгээд, зааландаа ч овоо дасаад авлаа. Тэр үед шигшээ багийн тоглогчдоос хамгийн өндөр нь л би байлаа.

-Таны өндөр хэд байсан билээ?

-182-хон см /инээв/.  Одооны эмэгтэйчүүдийн шигшээ багийн хамгийн нам нь л 182 см-тэй байгаа шүү дээ. Бүгд 180 см-ээс дээш өндөртэй. Гэтэл тэр үед хамгийн өндөр нь 182, бусад нь 178, 179 см. 180 см хүрсэн ганц, хоёр тоглогчтой. Багийн бүрэлдэхүүн есүүлэхнээ. Үндсэн зургаагаас гадна, гурван нөөц тоглогчтой. Ингээд ДАШТ-ий нээлт боллоо. Гэтэл нээлтийн ёслолын дараахи хамгийн анхны тоглолт нь манайх байсан юм. Израйлийн багтай тоглох хуваарьтай. Израйльчууд гэж дандаа рост сайтай, өндөр гэж жигтэйхэн, том сайхан залуус. Тэр үед социалист, капиталист гээд их ярьдаг байлаа. Тэгээд Оросууд бидэнд ирээд энэ бол хоёр системийн хоорондох өрсөлдөөн шүү, хичээгээрэй гээд л захина. Тэгээд тоглолт боллоо, бид Израйлийн багийг 3:1-ээр хожсон. “Лужники”-д цугласан бүх хүн бидний дэмжээд, балиашиглаад сүртэй байсан шүү.

-Анхны ялалт.

-Тийм. Анхны тоглолт, анхны ялалт. Москвагийн бараг бүх хэвлэлээр бидний тухай шуугиад л… “Монголын алтан хараацайнууд” гэж бичээд л… Израйлийн багийг хожлоо гээд л… Анх удаа ДАШТ-д оролцоод, хамгийн анхны тоглолтдоо хожсон. Тэр үе үнэхээр гайхалтай. Маш сайхан байсан. Тэгээд Израйлийн багийг хожоод хэсгийн зургаан багаас дөрөвдүгээрт ороод, хасагдах шатанд шалгарсан. Тэр шатны тоглолтууд Киевт болж, бид хожигдсон доо. Гэхдээ хожигдсон ч үзэж тарна. Нэг үе ч гэсэн хожно гээд л. Өрсөлдөгч багууд хүчээр ч, ур чадвараар ч, биеийн өндрөөр ч хамаагүй илүү. Тэр жилийн ДАШТ-д бид 24 орноос 18 дугаар байрт орсон юм. Тухайн үедээ 13-т орлоо гэж байсан. Одоо харин МВХ-ны түүхэн баримт харж байхад 18 гэж бичсэн байдаг юм.

1970 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг, тамирчид

-Тухайн үед шигшээ багийн дасгалжуулагчаар ямар хүмүүс ажиллаж байсан бэ?

-Шигшээ багийн дасгалжуулагч гэж байгаагүй. Дотроосоо л ээлжлээд нэг нь удирдаад явна. 1962 оны ДАШТ-д явах гэж байхад бэлтгэлээ өнөөдөр чи, маргааш чи хариуцна гээд нэг нэгэндээ даатгана. Тоглолтоо өөрсдөө л болгоно. Тэмцээнд явахдаа талийгаач Х.Доржжүгдэр дасгалжуулагчаар явсан юм.

-Дараагийн ДАШТ хаана болов?

-1966 онд Чехословакт болсон.

-Таны хувьд хоёр дахиа оролцож байгаа болохоор харьцангуй туршлагажсан байсан уу?

-1966 оны ДАШТ-д харин манай баг сайхан залуу тамирчдаар цус сэлбээд орсон юм. Г.Дэмбэрэлсайхан, Ж.Чойдорж, Ц.Цолмон, Д.Түвдэнжигмэд гээд сайхан залуучууд нэмэгдсэн, рост өндөртэй. Тэр үед манай холбон тоглогч байсан Б.Сорогжоо Ленинградад волейболын дасгалжуулагчаар сурч, төгсч ирээд байсан болохоор тэр ДАШТ-д бид жинхэнэ дасгалжуулагчтай оролцсон юм. Б.Сорогжоогоос гадна Зөвлөлтөөс мэргэжилтнүүд ирсэн. Тэд тусалж, бидэнд их юм сургасан. Грегорий гээд сайхан өндөр залуу. Түүнээс гадна Болгараас бас дасгалжуулагч ирж, бидэнтэй бэлтгэл хийж байгаад биднийг нутаг руугаа 45 хоногийн бэлтгэл, сургалтад авч явж байлаа. ДАШТ-ий бэлтгэл ер нь боломжийн сайн хангагдсан байсан шүү. Дээр нь Монгол Улс мэргэжлийн дасгалжуулагчтай болсон байсан, Орос, Болгараас мэргэжилтэн ирсэн. Бид нар олон ч нөхөрсөг тоглолтод оролцож, дэлхийн аваргын бэлтгэл ч маш сайн байсан, олон сайхан залуу тамирчид ч ирсэн байсан. Ингээд дэлхийн аваргад очлоо. Гэтэл багийн маань гол холбон тоглогч, Монголдоо номер нэг байсан Ж.Чойдорж маань гэнэтхэн бие нь өвдөөд, эмнэлэгт хэвтсэн. Анхны тоглолт боллоо, холбон тоглогч байхгүй. Тэгж байтал Цогнэмэх маань гараа цуу цохиулаад, нөгөө өвчтэй гараа боогоод л тоглож байсан. Гэтэл Дэмбэрэлсайхан, бид хоёр үсрээд буухдаа нэгнийхээ хөл дээр хальт гишгээд хоёулаа шагайгаа булгалчихсан, үсрэлт байхгүй болчихдог юм байна. Багийн үндсэн зургаан тоглогчоос ингээд дөрөв нь тоглолтгүй болохоор тэр баг яах билээ. Уг нь бэлтгэл маш сайн хангагдсан, хүмүүс ч их итгэл найдвар хүлээлгэж байсан юмдаг. Даанч бүгд бэртэж гэмтээд нэг л болоогүй дээ.

-Та шигшээ багт хэдэн жил тоглосон бэ?

-15 жил гаруй тоглосон. Нас ч яваад, 40 шахсан. Спорт гэдэг залуу насны эд. Ямар ч тамирчин нас ахихын хэрээр хурд, хүч, амжилт нь буураад эхэлдэг.

-Хэдэн онд зодог тайлав?

-1970 оны Софигийн дэлхийн аваргад явж ирээд зодог тайлсан даа. Волейболын шигшээ баг ч тарсан.

-Тамирчны карьераа төгсгөөд?

-Боловсролын салбарт ажиллаж эхэлсэн. Гадаад хэлний сургалттай 18 дугаар  сургуульд 40-өөд жил багшаар ажиллаад, тэтгэвэртээ гарсан. Энэ хооронд волейболын олон ч шавьтай боллоо. Лигт тоглож байгаа тамирчид дунд миний гарын олон шавь бий.

-Та зодог тайлахдаа өөрийн гарын шавь Ц.Цолмонд өмсгөл хувцсаа өгсөн гээд шавь тань ярьж байсан?

-Тийм ээ. Анх тэмцээн, уралдаанд оролцож эхэлсэн цагаас хойш #5 дугаарын өмсгөлтэй тоглодог байлаа. Зодог тайлах жилээ Цолмондоо өмсгөлөө өгсөн.

-Мини-волейболын УАШТ таны нэрэмжит гэж зохиогддог. Энэ жил 18 дахь жилдээ саяхан болж өнгөрлөө. Энэ тэмцээний талаар сонирхуулахгүй юү?

-1997 оноос эхлээд миний нэрэмжит мини-волейболын УАШТ жил бүр тасралтгүй болж байна. Анхны тэмцээнд 37 багийн 200 гаруй хүүхэд оролцож байсан. Гэтэл  энэ жил Монгол Улсын өнцөг булан бүрээс 65 байгууллагын 700-гаад тамирчин ирж, оролцлоо. 8-14 насны тамирчид хоёр насны ангилалд тоглодог. Энэ тэмцээнээс ирээдүйн идэрчүүдийн, залуучуудын, насанд хүрэгчдийн аваргууд, лигийн шилдэг тамирчид төрөн гарч байна. Улсын шигшээд тоглож байгаа олон эмэгтэй тамирчин мини-волейболын тэмцээнээс гараагаа эхлүүлсэн. Амьдралаа зориулсан спортдоо энэ мэтээр бага ч болов хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг даа.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “Спортын шуудан” сонин

 

1959 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн. Ханой, Вьетнам


1959 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн. Ханой, Вьетнам

Азийн дөрвөн орны тоглолт. 1957 он. Пхеньян, БНАСАУ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж