яамны Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын
дарга М.Жадамба, мэргэжилтэн н.Энхбаатар, МСҮТ-ийн захирал болон албаны
хүмүүс Герман улсын Лайпцик хотод айлчилж, тус улсын мэргэжлийн
боловсролын тогтолцоотой танилцлаа.
Манай төлөөлөгчдийг Лайпцик
хотын Гар үйлдвэрлэгчдийн танхимийн Ерөнхийлөгч Шелэр болон албаны
хүмүүс хүлээн авч уулзан, Боловсрол технологийн төвийнхөө үйл
ажиллагаатай танилцуулсан байна. Энэ үеэр Лайпцик хотын Гар
үйлдвэрлэгчдийн танхимийн Ерөнхийлөгч Шелэр хэлэхдээ “Манай улсад
мэргэжлийн боловсрол бүр эртний уламжлалтай гэж хэлж болно. Бид аж ахуйн
нэгжийн захиалгаар онол, үйлдвэрлэл нэг доор хосолсон сургалт явуулж
байна. Энэхүү хосолсон сургалтын тогтолцоо залуусыг ажил хөдөлмөрт
амжилттайгаар оролцуулж байгаа нь Европын бусад оронд байхгүй жишиг.
Бид 40 гаруй мэргэжлээр улс орны хэмжээнд шаардагдах боловсон хүчнийг
бэлтгэж байна. Ялангуяа манай танхимыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид
бүрдүүлдэг учраас тэдэнд шаардлагатай ажиллах хүчийг бэлтгэж байна”
гэлээ.
Эгнээндээ 14-н мянган жижиг, дунд үйлдвэрлэгчдийг
багтаасан гар үйлдвэрлэгчдийн танхим өөрийн сургалтын төвөөрөө
дамжуулан чадварлаг нарийн мэргэжлийн боловсон хүчнийг тасралтгүй
бэлтгэж иржээ.
Харин танхимын дэргэдэх Боловсрол технологийн
төвийн багш Вайгохоос энэ талаар сонирхоход тэрээр “Бид мэргэжилтэй
боловсон хүчнийг бэлтгэхдээ аль болох үйлдвэрлэлд ойрхон байдлаар
явуулдаг. Өөрөөр хэлбэл, энд хүүхдүүд өөрсдийн сонирхсон мэргэжлээ бүрэн
олж авч чадах тийм л орчныг бүрдүүлсэн” гэдгийг онцолсон юм.
Гар
үйлдвэрлэгчдийн танхимын дэргэдэх боловсрол технологийн төв 40 гаруй
мэргэжлээр сургалт явуулдаг бөгөөд төгсөгчдийх нь сургалтын амжилт
Европын холбооны чанарын үзүүлэлтийг авсан байна. Энэ сургалтын төв 54-н
мянган метр квадрат талбай бүхий сургалтын том цогцолбороос бүрддэг,
суралцагчдынхаа тав тух сурах нөхцөлийг дээд зэргээр хангаж хамгийн
сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна.
Германд барилгын салбарт ажиллах хүн хүч хамгийн их эрэлттэй байгаа
учраас энэ салбарт бүх мэргэжлээр хүнээ сургаж байна. Мэргэжлийн чиг
баримжааг хүүхдэд 5-р ангиас нь олгодог учраас сургуульд байхдаа аль
хэдийнээ ирээдүйн мэргэжлээ сонгох боломжтой болдог байна.
Лайпциг
хотын ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 60 орчим хувь нь
хосолсон сургалт бүхий мэргэжлийн боловсрол эзэмших шийдвэрийг гаргадаг
байна. Өөрөөр хэлбэл тэд дээд боловсролыг шүтэх биш хөдөлмөрийн зах
зээлд хамгийн их эрэлттэй тийм л мэргэжлийг эзэмшин, ирээдүйн амьдралаа
баталгаатай болгохыг зорьдог байна.
Герман улс хүн амын
нягтаршилаараа Европ тивдээ 3-рт жагсдаг хэдий ч сүүлийн 20 жил хүн
амын өсөлт нь үндсэндээ зогсож тэтгэврийн насны хүмүүсийн эзлэх хувь
огцом өссөн байна. Хэдийгээр насжилт өндөрсөж хөдөлмөрийн зах зээлд
ажиллах хүн хүчний асуудал хүндрэлтэй байгаа ч мэргэжилтэй ажиллах
хүчнийг бэлтгэж ирсэн арга барилаараа өнөөдөр Европтоо тэргүүлсээр
байна. Хосолсон мэргэжлийн боловсрол гэдэг үг энэ улсын хөдөлмөрийн зах
зээлд өндөр чадвартай боловсон хүчин бэлтгэх нэрийн хуудас нь болж
чадсаныг Лайпцик хотын Гар үйлдвэрлэгчдийн танхимын дэргэдэх боловсрол
технологийн төвийн жишээ харуулж байна.
Айлчлалын бүрэлдэхүүн
хот, хөдөөгийн МСҮТ-ийн захиралууд багтсан бөгөөд Дархан-Уул аймгийн
МСҮТ-ийн захирал Б.Эрдэнэ хэлэхдээ “Германд ерөнхий боловсролын
сургуульд сурч байхдаа мэрэгжлийн боловсролын гэрчилгээ авсан тохиолдолд
цаашдаа тухайн мэрэгжлээрээ сурч боловсроход нь илүү дөхөмтэй байдаг
байна. Дөрвөн жилийн өмнөөс манай барилгын салбарт өрлөгчин мужаан зэрэг
мэрэгжлээр залуусыг сургасан бол мөн гагнуурын багш нарыг европын
холбооны гэрчилгээтэй төгсөгсөн гээд мэрэгжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх
тал дээр 2 орны хамтын ажиллагаа нилээд тэлж байгаа юм байна. Манай
улсад мэрэгжилтэй ажиллах хүчнийг МСҮТ-ээр дамжуулан бэлтгэж төгсөгчид
нь тэр бүр ажлын байраар бүрэн хангагддаггүй,ажилтай болсон ч
хөдөлмөрийн зах зээлд гологдох байдал түгээмэл байдаг бол германд тухайн
аж ахуйн нэгж байгууллагын захиалгаар хүнээ бэлтгэдгээрээ онцлогтой”
гэсэн юм.
Хөдөлмөрийн яамны төлөөлөгчдийн Герман улсад хийж буй айлчилал үргэлжилж байна.