

Түүнчлэн Далай ламын төрсөн өдөрт зориулсан арга хэмжээнүүд Энэтхэгээс гадна Английн Лондон, Америкийн Лос-Анжелос, Калифорнид мөн энэ сарын таван, зургаанд зохион байгуулагдах аж. Европын хуанлигаар тэмдэглэдэг цорын ганц Буддын баяр нь XIV Далай ламын төрсөн өдөр юм. Буддистууд дээрхийн гэгээнтэн Далай ламыг Энэрэнгүйн Будда Авалокитешварагийн (Жанрайсаг) дүр гэдэг бөгөөд Далай ламын төрсөн өдрийг Түвдийн бурхны сүсэгтэн олон тэмдэглэдэг төдийгүй энэ өдөр буддын сүм хийдэд хурал ном хуран Далай багшдаа эрүүл энхийг хүсэн ерөөдөг байна.

Дээрхийн гэгээн XIV Далай лам нь Түвдийн болон Түвдийн иргэншлийн бүс Монгол, Буриад, Тува, Халимаг, Бутан, Балба зэрэг орнуудын бурхны шашны лидер. Тэрбээр 1935 оны долдугаар сарын 6-нд Түвдийн зүүн хойд хэсгийн Амдо мужийн Тагцэр гэх жижиг тосгоны тариачин гэр бүлд өмнөх XIII Далай лам нас барснаас хойш хоёр жилийн дараа төржээ. Есөн хүүхэдтэй айлын тав дахь хүү нь Далай лам байсан ба төрөөд Лхам Донров гэх нэр авч байжээ. 1937 онд Далай ламын хойд дүрийг тодруулах эрлийнхэн түүний гэрт очин шалгаад XIII Далай ламын болоод өмнөх 13 гэгээнтний хойд дүр хэмээн тодруулсан байна. Шинэ Далай ламын төрсөн нутаг нь тэр үед Хятадын хяналтад байсан ба Түвдийн засаг захиргаа орон нутгийн эрх баригчидтай гэрээ хэлэлцээр хийж байгаад түүнийг 1939 оны аравдугаар сард Патолод авч ирж, 1940 оны хоёрдугаар сарын 22-нд Далай ламын сэнтийд залжээ.
Э.АНХТУЯА









