Гэрч устгагдсаар байх уу?

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Гэрч устгагдсаар байх уу?

Татварын удирдлагуудын олон тэрбумын хэргийн гэрч уржигдар орой бусдын гарт амиа алдав. Хэн ямар шалтгаанаар түүний аминд хүрсэн гэдэг нь өөр хэрэг. Зүгээр л гэрч хүн бусдын халдлагад өртөх бүрэн боломжтой байсаар байгааг дахин нэгэн амиар батлав. Оны өмнө Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нэгэн хуульч “прокурор, цагдаа нар хамгаалалттай байдаг учир халдлага хийх бодол төрдөггүй байх. Гэтэл гэрч хүнийг гэр лүүгээ харьж явахад нь, автобусанд, орцонд нь халдах боломж дурын хүнд байна шүү дээ” гэж хэлж байв. Үнэхээр л дурын нэг хүн нэгэн гэрчийг орцонд нь хөнөөчихлөө.

Уг нь Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг улс төрийн шалтгаанаар гацаалгүй, эртхэн шиг баталчихсан байсан бол тэр нэгэн гэрч бүсгүй хамгаалалт авчихсан, хэн нэгний заналхийлэл, хүчинд автаж амь насаа алдаагүй явж байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд гэрчийг хамгаалах асуудлыг тусгаж өгөөгүйн балаг энэ. Тодруулбал, Иргэний болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд тодорхойлсноор "Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ" гэж тодорхойлж гэрчийг үнэн зөв мэдээлэл өгөх ёстой талаар, зарим төрлийн хэргийг мэдэж байсан хэрнээ мэдээлээгүй бол хариуцлага хүлээх ч заалтыг оруулж. Гэвч эдгээр хуулинд нэг зүйлийг оруулахаа мартчихаж. Тэр нь гэрчийн хамгаалалт. Мөн үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулж, амь нас, эрүүл мэнд, үр хүүхдийг нь хамгаалах талаар юу ч алга. Гэрчийг цагдаагийнхан хамгаална гэсэн ойлголт байхгүй бөгөөд хамгааллаа ч хаана байрлуулж, хэрхэн хамгаалах төсөв мөнгөний асуудлыг шийдэх тогтолцоо байхгүйгээс бүгдийг зөнгөөр нь орхихоос аргагүйддэг бололтой. Хуулиудад байхгүй энэ зохицуулалтыг Улсын прокурорын газрын хэдхэн заалттай журмуудаар таглахыг оролдсон ба тус журманд байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа гэрчийн талаар ил болгож, хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөхийг хориглох зэрэг зүйлсийг л багтаасан аж.

“Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр болсон нь дээр", “Адгийн зарга арав хоног” гэх үгс нь олон нийтийн сэтгэлгээг харуулж байгаа ч хэрэг шийдэхдээ үеийн үед гэрч, хохирогчид түвэг чирэгдэл учирсаар ирсэн бүтцийг ч мөн харуулж байна. Гэмт хэрэгтнээс илүүтэйгээр гэрчийг нь байцааж, хамаг цагийг нь барж, ирж мэдүүлэг өгөхгүй бол ийм тийм хуулийн заалтаар шийтгэнэ гэж сүрдүүлж, гэрч маань өөрөө гэмт хэрэгтэн болох шахдаг. Буруутантай нүүрэлдүүлнэ гэж хүнд байдалд оруулдаг. Шүүхээс шийдвэр оноохдоо гэрч хохирогчид сүүлд нь ямар дарамт учрахыг тооцоолдоггүй гэх шүүмжлэл байсаар байна. Гэрч, хохирогчийг сүрдүүлэх, дарамтлах, хуурч мэхлэх, мөнгө өгөх, гуйх, ятгах, заналхийлэх зэрэг хэлбэрээр нөлөөлөх явдал гарсаар байгаа бөгөөд үүний үр дагавар нь мэдүүлэг өгөхгүй байх, эсхүл худал мэдүүлэг өгөх, сэтгэлзүйн хувьд хэвийн байдлаа алдах, амиа хорлох оролдлого хийх, бүр амиа хорлох ч үйлдэлд хүргэж буйг судлаачид тэмдэглэсэн байна. Хууль бус явдлынх нь талаар гэрчийн мэдүүлэг дээр тулгуурлан нийтэлсэн сэтгүүлч сүүлд гэрч мэдүүлгээсээ буцсанаас болж буруудан гэмт хэрэгтэн болж байсан жишээ ч бий.

“Чи охинтой хүн шүү” гэж хуулиар хамгаалагдсан шүүгчийг дарамталж чадаж байгаа хүмүүс, ямар ч хамгаалалтгүй гэрчийг яаж ч дарамталж, хэрхэн худалдаж авч байгаа бол гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Аархсан, мөнгө, эрх мэдэлдээ эрдсэн “том ах” гэж өөрсдийгөө бодогч нар хэзээд байсаар л байна, мөн мөнгөний төлөө хэн нэгний хүслээр хөдлөх залуус байсаар л байх нь өөрчилж болохгүй зүйл. Харин хуульгүй мэт аашлах тэднээс гэрч хохирогчдийг хамгаалах хуульгүй байдлыг өөрчлөх боломж хууль тогтоогчдод бий. Биднээс бусад улс орнуудад наад зах нь гэхэд л хэргийн материалд гэрч хохирогчийн биеийн байцаалт буюу хувийн байдлын талаарх өгөгдлүүд харагдахгүй байх, мөн гэрч хохирогчийг байнгын мэдээллээр хангадаг зохицуулалтай аж. Ядаж л “халуун шугам”-ын утас ажиллуулж, гэрч хохирогчтой хүссэн үед нь холбогдон, гэмт хэрэг үйлдэгч ял эдлэж байгаа бол тэр хүний талаар байнга мэдээлэл өгч, хэрэв суллагдлаа гэхэд 10 минутын дотор энэ тухай мэдээлж байдаг аж.

Тэгвэл энэ мэт хэрэгцээтэй зохицуулалтыг агуулсан хуулийн төслийг хурдхан л гаргахыг хууль тогтоогчдоос шаардах үлдэж байна. Гэрч нь мэдээлэл өгдөг, байцаагч нар нь чирэгдэлгүй мэдүүлэг авдаг, шүүгчид нь гэрчийн мэдүүлгийг үнэн зөв дүгнэдэг, тогтолцоо нь найдвартай хамгаалдаг болоход Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг яаравчлан батлах шаардлагатайг хууль тогтоогч бүр ойлгох шаардлага байна. Гэрч, хохирогчид нөлөөлөх, заналхийлэх үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хамгаалах арга ажиллагааны гол цөм болох нууц хадгалахыг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн төслийг дэмжихгүй байх ямар шалтгаан байна аа. Энэ мэт хууль шүүх, эрх зүйн шинэчлэлийн хуулийн төслүүдийг намуудын өгөө аваа хийдэг, барьцаалдаг ашиг сонирхолтой төслүүдээс чинь ялгаатай гэдгийг ойлгох л хэрэгтэй юм даа.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж