Хатгалын Ноос угаах үйлдвэрээ эргэн дурсах мөчид

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Хатгалын Ноос угаах үйлдвэрээ эргэн дурсах мөчид

Мандах нарны туяанд – Хөгжил дэвшлийг эхлүүлсэн
Монгол улсын ууган үйлдвэр – Хөвсгөл далайн хөвөөнд сүндэрлүүлсэн
Ажил амьдралын алтан үе – Хязгаар нутгийн хөгжлийг түгээсэн
Алтан фабрикийн алдар цууг – Яндангийн дуугаар цуурайтуулсан билээ.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд энэ зун олон тэмдэглэлт үйл явдал давхцан тохиож байна. Монголын аж үйлдвэрийн ууган голомт болсон Ноос угаах үйлдвэрийн 80 жил, 12 жилийн бүрэн дунд сургуулийн 90 жилийн ойг энэ дундаас онцгойлон дурдаж болох юм.

Хөвсгөл аймгийн Хатгал дахь Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Ноос угаах үйлдвэр бол материаллаг үйлдвэрлэлийн дотроос хөнгөн аж үйлдвэрийн анхны ноос боловсруулах механикжсан ууган үйлдвэрийн нэг бөгөөд малын ашиг шимээс гарсан ноосны төрлийн баялгийг боловсронгуй технологийн дагуу үйлдвэрлэн боловсруулсан баялгийг бүтээгч нь байсантай хэн ч маргашгүй билээ.

Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялж, улс эх орондоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол хэсэг малын үс ноосыг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бололцоо бий болов. Тийнхүү тухайн үеийн Монголын нам, төрийн бодлогод тулгуурлан 1933 онд Хөвсгөл далайн эрэг дээр оршин буй Хатгал сууринд Ноос угаах үйлдвэр байгуулагдаж, үндэсний анхны ноос боловсруулах механикжсан үйлдвэрийн эх суурийг тавьжээ.

Хатгалын Ноос угаах үйлдвэрийн ажилчдын бүтээсэн хүч хөдөлмөр ньтухайн цагийн нөхцөлд оршиж байсан нийгмийн тогтолцоон дахь үетэй хамаатуулан малчин хүний хүч хөдөлмөр шингэсэн малын ашиг шимийн нэгэн хэсэг, түүхий эд болох ноосыг хүлээн авах, ялгах, техникийн аргаар угаах, баглах, уур цахилгаанаар хангах гэх мэт үйл ажиллагаанууд явуулж байлаа. Монгол Улсын ууган үйлдвэрийн нэг Хатгалын Ноос угаах үйлдвэр байгуулагдсанаас (1933-1988 он хүртэлх хугацаанд) хойш үе үеийн ахмад, дунд, залуу ажилчдын хүч хөдөлмөрийн үр шим нь хөдөө аж ахуйн түүхий эдийг баяжуулж, түүнтэй зэрэгцэн оршиж, ажиллаж, амьдарч иржээ.
   
Нэн эртнээс нааш байгальтайгаа ижилсэн дасч, малынхаа ашиг шимийг хүртэнгээ түүнийхээ өгөөж шимээр амьдралаа тэтгэсний хүчээр ажил хөдөлмөрийн нөр их хүч чармайлт гаргаж байсан Монголын анхны ууган үйлдвэрийн нэгэн болох Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Хатгалын Ноос угаах үйлдвэрийн нэр хүнд дэлхийн орон орны ба Монголынхоо түүхэнд мөнхөрсөн алдар гавъяатай үйлдвэр байлаа.

  • Хатгалын Ноос угаах үйлдвэрийн хамт олны хязгаар нутагт бүтээсэн орчин цагийн соёл, иргэншил нь харьцангуй чөлөөт үйлдвэрлэл, ахуйтай нь нэн их холбогдож байв. Хатгалын Ноос угаах үйлдвэр бол дэлхийн орон орны болон Монголын түүхэнд нэрээ мөнхжүүлсэн анхны механикжсан ууган үйлдвэр юм. Тус үйлдвэрт ажиллаж байсан үе үеийн ахмад ажилчид маань өнөө цагийн залуучуудад үлгэр дууриал болохоор ихийг хийж бүтээснээрээ бахархах баялаг намтартай үйлдвэрийн хамт олон байв.

Түүх өгүүлэхэд Хатгал суурин нь эргэн тойрон айл хотын бараа ховор,  тарвага зурамны нүх дош бүхий хөндий тал газар байжээ. Хатгал сууринд Оросын “Центр союз”-ынорос худалдаачид нутгийн ардуудаас худалдаж авсан малаа Хөвсгөл далайн хоолой болох Эгийн голыг гатлуулан хил нэвтрүүлж байв. Түүний ул мөр болох орос худалдаачдын суурин байшингийн ул мөр олон бий. Тухайн үед Оросын цагаан хааны үлдэгдэл дээрэмчид худалдаачдын мал ахуйг замаас нь дээрэмддэг байсан учраас 1920-иод оны эхэн үеэр орос улаан цэргүүд орж ирж, тухайн нутгийн ардууд болон оросын худалдаачдыг хамгаалан, тэр цагаас Хатгал суурин түмэн олны хөл хөлхсөн газар болж түүхэнд мөнхөрсөн ажээ. Хөвсгөл далайн усан мандлаар усан онгоцоор, өвлийн цагт мөсөн дээгүүр төмөр тахтай морьдоор чарга чирч ачаа тээвэрлэж байсан ба зарим ардууд цаа буга хөлөглөн тээвэр хийдэг байжээ. Алс баруун Говь-Алтай, Завханаас тэмээн жингээр жинчид очиж Нанжин Хатгалаас нарийн бараа, гурил, будаа тээвэрлэн нутгийн зүг буцдаг байжээ.

Ийнхүү Хатгал нь 1920-иод оны үеэс эхлэн хөл ихтэй жингийн цуваа, хойно хойноосоо хэлхэлдэн цуврах чаргачид болон нутгийн ардуудын итгэл зүтгэлийн хөдөлмөрийн цуурай болоод байлаа. Хатгал суурины дээгүүр шингэн манан суунаглан татах агаад баруун хойт талд нь модтой уулс дүнхийж, урд талаар нь Хөвсгөл далай ээжийн хоолой цэлийж, битүү модтой намхан уулс далайн хөвөөтэй түвшин зэрэгцэх гэсэн мэт алслан сэрвийж байх нь мөн гайхам.

МАХН-ын IY их хурлаас 1925 онд баталсан намын хоёр дахь программ, хувьсгалын ардчилсан шатанд үндэсний аж үйлдвэрийг үүсгэн хөгжүүлэх чухал зорилтонд үндэслэн улс орныг үйлдвэржүүлэх талаар авсан бүхэл бүтэн цогцолбор арга хэмжээний үр дүнд хөнгөн аж үйлдвэр хөгжиж, 1930 оноос эхлэн ЗХУ-ын эдийн засаг, мэргэжилтэй боловсон хүчний тусламжтайгаар анхны механикжсан ноос боловсруулах үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэсний дотор Хатгалын Ноос угаах үйлдвэрийг цогцлон байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм.

  • Хатгалын Ноос угаах үйлдвэрийг барьж байгуулах бэлтгэл ажлыг 1930 оны сүүл үеэс эхэлсэн бөгөөд тухайн үйлдвэрийг барих газрыг сонгон олох, хөрс, усны шинжилгээ хийх, барилгын материал, хөсөг тээвэр, ажилчид олж бэлтгэх, ажилчдын орон сууцны байр, гуанз, улаан булан барих зэрэг бэлтгэл ажлуудыг эхний 2-3 жилд амжилттай дуусгаж, 1932 оноос тус үйлдвэрийн их барилгыг барих ажилд шуурхайлан орсон бөгөөд үйлдвэрийг тухайн үеийн ханшаар хоёр сая төгрөгийн төсвөөр 1935 онд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байсан боловч орос, монголын ажилчдын уйгагүй хөдөлмөрийн ачаар төсөвт зардлаас 500 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж ажилласнаар бараг жилийн өмнө буюу 1933 оны 7 долдугаар сарын 1-нд БНМАУ, ЗХУ-ын хамтарсан гэрээгээр тусгагдсан даалгавраа биелүүлж, хоёр улсын Засгийн газрын бүрэлдэхүүн тус үйлдвэрийг хүлээлцжээ. Ийнхүү 1933 оны нйамдугаар сарын 25-нд Хөвсгөл нуурын хөвөөн дээр Монгол Улсын хөнгөн аж үйлдвэрийн чиглэлээр анхны ноос боловсруулах механикжсан шинэ цагийн хүчирхэг машин техникээр тоноглогдсон Ноос угаах үйлдвэр сүндэрлэн босч, хүчит моторын дуу нүргэлэн, цахилгаан гэрэл гялалзаж, хөвөн цагаан ноос угааж, анхныхаа яндангийн дуугаа цуурайтуулсан билээ. Ийнхүү Хатгал суурин 1933 оноос эхлэн Монголын хөдөөд хамгийн анхны 24 цагийн турш цахилгаан гэрэл асаасан орчин цагийн хот болох эхлэлээ тавьсан юм.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Хатгалын Ноос угаах үйлдвэр нь 1933-1988 он хүртэлх хугацаанд жил бүрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлж, түүгээр ч барахгүй үйлдвэрийн хамт олон нь бүх машин механизмыг чадварлагаар эзэмшиж ажиллуулдаг болсон байлаа.Үндэсний залуу мэргэжилтнүүдтэй болсондоо баярлаад зогсохгүй энэ үйлдвэрийг балчир нялх үеэс нь гардан ажиллуулж, гарыг нь ганзганд хүргэж өгсөн үеийн үед бахархан хайрлан, хүндэлж явах учиртай ахмад үетэйдээ сэтгэл дүүрэн байдаг юм.

Хатгал дахьХөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Ноос угаах үйлдвэрийн анхны суурийг тавихаас эхлээд тус үйлдвэрийг бүрэн ашиглалтад өгч үр дүнгий нь үзэх хүртэл зохион байгуулж ажилласан ЗХУ-ын мэргэжилтэн Фин Лазарев Захарович, инженер Семён Лазерович Чарный нар болон тус үйлдвэрийг хөгжүүлэх, мэргэжилтэй ажилчид бэлтгэх зэрэгт үлэмжийн их хувь нэмэр хандив оруулсан ерөнхий сургагч И.Я.Песин, М.Н.Козлов, цахилгааны инженер М.С.Федотов, механикч Ф.С.Дорогин, Б.А.Богомолов нарын олон нөхдийг тус үйлдвэрт ажиллаж байсан ахмад ажилчид болон тэдний үр хүүхдүүд ямагт санан дурсч явах нь дамжиггүй ээ. Эдгээр мэргэжилтэн нөхдөөс гадна тус үйлдвэрт чин сэтгэл, эрдэм ухаанаа зориулж явсан, хэзээ ч үл мартагдах ахмадууд, алдарт сайчууд олон байсан билээ.

Тус үйлдвэрийн бүтээлч хамт олон 1933-1988 он хүртэлх хугацаанд улсын ба яам, олон нийт, орон нутгийн байгуууллагуудын уралдаануудад тухай бүр өндөр амжилт гаргаж байснаас  гадна тухайн он бүхэнд тохиосон  онцгой үйл явдлуудын нэрэмжит уралдаанд 16 удаа түрүүлж байжээ.

  • Эх орны ууган үйлдвэрийн нэг болох Хатгалын Ноос угаах үйлдвэрийн түүхэн гавъяаг нам, засаг, олон нийтийн байгууллагууд өндрөөр үнэлж, 1936 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн түүхт ойгоор МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооны хамтарсан дөрвөн байгууллагын үүрд хадгалагдах дурсгалын тугаар шагнагджээ. Тус үйлдвэрийн бүтээлч хамт олны дундаас олон арван тэргүүний сайчууд, гавъяат ажилчид тодрон гарч, нам, ард түмний итгэл хайрыг хүлээж ирсний дотор Монгол Улсын YIII-IX их хурлаас Норовын Хоролжав, Гээпилийн Санжаа нарыг Улсын Бага Хурлын гишүүнээр, Магнайн Даваажав, Сономын Гомбожав, Хорлоогийн Пунцаг, Таривийн Должинсүрэн, Гарьдын Балбар, Пүрэвийн Бадамханд нарыг БНМАУ-ын АИХ-ын депатутаар сонгож байв.

Хатгалын Ноос угаах үйлдвэрийг анх үүсгэн байгуулагдах үеэс эхлэн залгамж хойч үедээ хөдөлмөрийн шилдэг арвин их туршлага, өгөөмөр сайхан хүнлэг чанараа өвлүүлсэн халамжлан хүмүүжүүлэгч, үйлдвэрийн анхны дарга бөгөөд партизан Очиржавын Далхаа, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Гарьдын Балбар, тус үйлдвэрийн ахмад ажилчин Батын Дагва, Гээпилийн Санжаа, Сономын Гомбожав, Цэдэвийн Цэрэн, Дэмбэрэлийн Аюуш, Цэндийн Дэлгэр-Очир, Бат-Очирын Алтангэрэл, Долгорын Лүдэв, Даваагийн Дамжин, Цэрэндоржийн Должин, мастеруудаас Дуламжавын Төмөрбаатар, Буян-Очирын Пүрэвжав, Шаравын Дугарсүрэн, уурын зуухны засварчин, кочегарь Ичинхорлоогийн Агваанданзан, жолооч Довдонгийн Дорж, Шаравын Ажгаа нарын олон ажилтан, ажилчид Монгол орны болон Хөвсгөл аймаг, Хатгалын Ноос угаах үйлдвэрийн түүхэнд бахархал болж, нэрээ мөнхжүүлсэн юм. 

Энэхүү алдарт гавъяат хүмүүсийнхээ ажлыг үргэлжлүүлэн тус үйлдвэрийн хамт олныг хошуучлан тэргүүний сайчууд  олноор  төрөн гарсан билээ.  Үүнд: МАХН-ын XIX их хурлын төлөөлөгч, яам, аймгийн хөдөлмөрийн аварга, Y-YI жилийн гавшгайч,ноос ялгагч Жамсрангийн Долгорсүрэн, МҮЭ-ийн XII их хурлын төлөөлөгч ноос ялгагч Пүрэвжавын Батцэцэг, МХЗЭ-ийн XYIII их хурлын төлөөлөгч, аймгийн намын хорооны гишүүн болон мөн депутат, үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, эсгий гуталчин Янжинбалын Шагдарсүрэн, Хатгал хотын депутат гагнуурчин Дуламын Балжийхүү, аймгийн ба үйлдвэрийн хөдөлмөрийн тус бүр хоёр удаагийн аварга, Y-YII таван жилийн гавшгайч бөгөөд ЗХУ-ын IX таван жилийн гавшгайч-ажилчин Сэнгээгийн Лхагважав, аймгийн ба үйлдвэрийн хөдөлмөрийн аварга-ажилчин Гунаажавын Баянжаргал, ХХҮ-ийн яамны харъяа НҮН-ийн ажил мэргэжлийн аварга, үйлдвэрийн ба чанарын хошой аварга-ажилчин ноос ялгагч Ням-Осорын Аня, ноос ялгах тасгийн хошой аварга, Y-YII таван жилийн гавшгайч Навааны Цэдэв, ноос ялгагч Шаравын Өлзийбат, Чойсүрэнгийн Гаваа, Ядамжавын Яндгаа, Лувсангарамын Чулуун нарын гавшгайчид, үйлдвэрийн ба чанарын аварга, халамжлан хүмүүжүүлэгч, ахмад ажилчин, засварчин Зэгвийн Магсар, Галсангийн Ядамсүрэн, илгээлтийн эзэн ноос шалгагч Намхайдоржийн Ундрах, ноос угаагч Дүүжийн Баттөр, Цэрэндоржийн Долгор, Банзрагчийн Оюун, ноос ялгах тасгийн тэргүүний ажилчин, ноос ялгагч Хадангаагийн Жавзандолгор, Жигжээгийн Хоролсүрэн, ноос зөөгч Зэвгээгийн Ганчимэг, лаборант Мягмарын Хөвсгөл, Төмөрбаатарын Далайжаргал, инженер-техникчдын ажилтан нараас мастер Буян-Очирын Пүрэвжав, Дуламжавын Төмөрбаатар, Шаравын Дугарсүрэн, Дарамжавын Нямсүрэн, Дарийн Цэдэнсамбуу, Шагдарын Очирбат, Пүрэвжавын Наранбаатар, Шинэнхүүгийн Тагарваа, ерөнхий ня-бо Дашдаваагийн Пүрэвжав, Бадрахын Чогсомжав, эдийн засагч Дисдаагийн Батчулуун, Бадамын Цэцэгмаа, сантехникч Жигжидийн Гөлгөө, механикч бөгөөд токарьчин Думын Бадарч, тус үйлдвэрийн орлогч дарга бөгөөд ерөнхий инженер-технологич, ХЗЭ-ийн үүрийн даргаДоржийн Лхагвасүрэн, ерөнхий механикч, шинийг санаачлагч ШБОС-ын “Алтан медаль”-т механикч Санжийн Төвд, Паламын Далай, технологич бөгөөд ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүний мастер Жамсрангийн Сумъяа, ня-бо Бадрахын Чогсомжав, Доржийн Баасандалай, нярав Жигжидийн Жанчив, цахилгаан-техникч Найдангийн Сандагдорж, цахилгааны инженер Ёндонжамцын Лхагваа, монтёр Дагвын Нямдалай, эсгий гутлын тасгийн мастер Довчингийн Жамган, Пүрэвжавын Наранбаатар, Шинэнхүүгийн Тагарваа, ажилчин Паламын Дэлгэрдалай, Дашийн Наранчимэг, Очирбатын Дашбаяр, Төмөрбаатарын Цэцэгмаа, Жамбуугийн Пүрэвдалай нарын зэрэг олон шилдэг тэргүүний ажилчид, инженер-техникийн хүмүүс ажиллаж байлаа.

  • Хөвсгөл нуурын эрэг дээр “Монголын ноос боловсруулах анхны механикжсан  ууган үйлдвэрийн нэг- Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Хатгалын Ноос угаах үйлдвэр”-ийг байгуулж байсан үндсэн суурин дээр  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 187 дугаар тогтоолыг үндэслэн, мөн оны есдүгээр сарын 1-нээс эхлэн Хатгалын Ноос угаах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн чиглэлд өөрчлөлт оруулан, ажлын хувцасны зориулалт бүхий Оёдлын үйлдвэр болгож,  түүнээс гадна ХХҮ-ийн яамны харъяа Ноосны үйлдвэрийн нэгдлээс Оёдлын үйлдвэрийн нэгдлийн харъяанд тус үйлдвэрийг шилжүүлсэн юм. Хөвсгөл нуур, түүний сав газрыг хамгаалах, байгалийн уугуул төрх, экологийн тэнцвэрийг нь хэвээр хадгалах зорилгоор ийнхүү шийдвэрийг үндэслэсэн байв.

Хатгалын оёдлын үйлдвэр нь ОҮН-ийн харъяа болж, зохион байгуулалтын асуудал ба шаардагдах орчин үеийн оёдлын машин бүхий тоног төхөөрөмжийг Багануур дахь хүүхдийн хувцасны үйлдвэрт нийлүүлэгдэж байсан тоног төхөөрөмжөөс урьдчилан авч хэрэглэж байсан ба мөн бусад нэмэгдэл тоног төхөөрөмжийг 1990 оны төсөвт оруулан, гадаад захиалгын журмаар  тоноглогдож эхэлснээс хойш үндсэн үйлдвэрлэлийн чиглэл нь ажлын хувцас үйлдвэрлэхэд зориулагдаж байлаа.

  • Монголын ууган үйлдвэр –  Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Хатгалын Ноос угаах үйлдвэрээс Ажлын хувцасны оёдлын үйлдвэр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн аж ахуйн төлөвлөгөөт он жилүүдэд ихээхэн өндөр амжилтууд гаргаж байсан бөгөөд ажилчдынхаа аж амьдралыг сайжруулах талаар олон талын арга хэмжээ авч явуулсны үр дүнд Монгол Улсын их, бүгд хурлуудын дайчин шийдвэр, улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэхэд  (1933-1988 он хүртэл)  тавигдсан зорилтуудыг хугацаанаас нь өмнө тоо чанарын бүх үзүүлэлтүүдээр ханган биелүүлж, эх орныхоо хөгжилт цэцэглэлтийг мандан бадруулахын төлөө идэвх санаачлага, хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байсан юм.

  • Эдүгээ Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Хатгалын Ноос угаах үйлдвэрийн80 жилийн түүхт ойгоо тэмдэглэхээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгондоо 2013 оны долдугаар сарын 10-нд тус үйлдвэрт ажиллаж байсан өндөр настан, ахмад ажилчид болон тэдний үр хүүхдүүд цугларч алдар цуутай “Алтан фабрик”-аа эргэн дурсах гэж байна.

Хатан далай ээж шигээ ариун тунгалаг
Эрдэм номын орчин шигээ ухаалаг
Хүн зон олон шигээ сэтгэл өөдрөг
Өтгөс буурлуудаа хүндлэн дээдлэн явахын
Өлзийт сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!


Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Ноос угаах үйлдвэрт ажиллаж байсан өндөр настан Монгол овогтон Сэнгээгийн Лхагважав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж