
ОХУ-ын Москва хотоос хөөрсөн Боливийн Ерөнхийлөгчийн онгоцонд АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг задруулсан хэрэгтэн Эдвуард Сноуден суусан байж болзошгүй гэсэн мэдээллээс үүдэн багагүй үл ойлголцол үүсчээ. Дээрх мэдээлэлтэй холбоотой Франц, Итали, Испани Протугал улсууд Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесийн онгоцыг өөрсдийн агаарын орон зайд нэвтрэхийг хориглосон аж. Гэвч Эво Моралесийн онгоцонд Эдвуард Сноуден байхгүй байсан ба ерөнхийлөгчийн онгоц Австрийн Вена хотод газардан шатахуунаа цэнэглэснээр эх орондоо буцсан аж. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Боливийн ард иргэд болон Латин Америкийн орнууд Франц тэргүүтэй улсуудад дургүйцлээ илэрхийлсэн байна.
Франц улсын зүгээс Боливи улсад хандан буруу мэдээллийн улмаас үл ойлголцол үүссэнд харамсаж буйгаа илэрхийлэн, ерөнхийлөгчийн онгоцыг эх орондоо газардах зөвшөөрөл өгөөгүйдээ хүлцэл өчжээ. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Боливийн ерөнхийлөгчийн онгоцонд Эдвуард Сноуден байхгүй гэдгийг мэдсэн даруйдаа онгоцонд газардах зөвшөөрөл өгсөн тухайгаа мэдэгдсэн боловч энэ нь Боливийн ард иргэдийн уур, ундууцлыг намжаасангүй. Боливийн ард иргэд Франц Ерөнхийлөгч Эво Моралесийг нь дорд үзэж, аюулд оруулсанд уурлаж, Ла-Пас хотод орших Францын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлийн жагсаал хийжээ. Жагсагчид Францын төрийн далбааг шатаан, элчин сайдын яам руу чулуу шидэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Үүний зэрэгцээ дээрх хэрэгт Латин Америкийн Аргентин, Венесуэл, Эквадор, Бразиль улсууд дургүйцлээ илэрхийлсэн аж.