
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Одоогийн хууль нь 1990-ээд оны хууль. Түүнээс хойш энэ хуулийг өөрчлөх талаар яригдаж байгаа ч орж ирэхгүй байна. Тиймээс энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Занарын талаар сүүлийн үед маш их яригдаж байгаа. Тиймээс энэ Занарын талаар Газрын тосны тухай хуультай холбох боломж, бололцоо байгаа эсэхийг судлах нь зүйтэй" гэсэн саналыг дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Зоригт "Энэ хуулийг Засгийн газраас оруулж ирж байгаа нь сайшаалтай байна. Үүнийг Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган ажиллах, дахин судлах хэд хэдэн хуулийн төсөл байна. Тухайлбал, Нэг аж ахуй нэгж 21 орчим татвар төлдөг. Дээрээс нь нэмээд энэ хуулиар есөн төрлийн татвар төлөхөөр байна. Ойролцоогоор 30 орчим татвар төлөхөөр байна. Энэ бол аж ахуй нэгжүүдэд хүндрэлтэй гэж үзэж байгаа. Мөн гэрээний нөхцөл биелүүлээгүй бол тодорхой хариуцлага тооцдог байх гэх мэтийн өөрчлөлт оруулах, Мөн төр өөрийн зардлаар хайгуул хийх гэж тусгасан байна. Үүний оронд төр зохицуулалт, хяналтын үүргээ биелүүлж ажиллах нь зүйтэй. Ажлын хэсэг дээр улам сайжруулах арга, боломж байгаа эсэхийг ярилцах шаардлагатай" гэв.
Үүний дараа байнгын хорооны санал дүгнэлтээр дээрхи төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хурааж 89,7 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Одоо чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.