Бельгийн хаан хүүдээ хаан ширээгээ шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Бельгийн хаан хүүдээ хаан ширээгээ шилжүүлнэ

Бельгийн хаан II Альберт өчигдөр хаан ширээгээ угсаа залгамжлах ханхүү Филиппэд шилжүүлэх болсон тухайгаа үндэсний телевизээр дамжуулан мэдэгджээ. Өдгөө 79 настай II Альберт хаан ирэх 21-ны өдөр буюу Бельгийн үндэсний өдрөөр албан ёсоор хаан ширээнээс бууж, титмээ 53 настай ханхүү Филиппэд шилжүүлэх гэнэ. Бельгийн хаан ширээг 20 жил барьсан II Альберт хаан эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээ гүйцэлдүүлж хүчрэхгүй болсноор хүүдээ хаан ширээгээ шилжүүлэхээр болсон байна. Тэрээр энэхүү шийдвэрээ өчигдөр Бельгийн Засгийн газарт өргөн барьж хэлэлцүүлсэн аж.

 II Альберт өөрийн ах I Бодуэн хааныг таалал төгссөний дараа 1993 оны наймдугаар сарын 9-нд хаан ширээг залгамжилснаар Бельгийн зургаа дахь хаан болж байжээ.

Европын төвд орших Бельги улс нь үндсэн хуульт, хаант засаглалтай бөгөөд ард иргэд нь францаар харилцдаг болон фландер хэлээр ярьдаг гэсэн хоёр хэсэгт хуваагддаг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж