А.Хүчитбаатар комүсүби цолтой барилдана

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

А.Хүчитбаатар комүсүби цолтой барилдана

Мэргэжлийн сумогийн долдугаар сарын тэмцээн энэ сарын 7-21-ны өдрүүдэд Нагоя хотын “Aichi Prefectural Gymnasium” ордонд болно.

Өнгөрсөн тавдугаар сарын тэмцээнд нэг ч уналгүй түрүүлсэн Хакүхо М.Даваажаргал энэ сарын барилдаанд бүх бөхчүүдийг тэргүүлэн барилдана. Тэрбээр дээд зиндаанд 25 дахь удаагаа түрүүлж, 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилттай зэрэгцэж ирсэн. Харин Токиогийн башёог 11 давж, дөрөв унасан амжилтаар өндөрлүүлсэн мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж баруун жигүүрээс барилдана.

Токиогийн башёод арав давж, тав унасан Токитэнкү А.Хүчитбаатар энэ сарын барилдаан комүсүби цолтой барилдахаар болжээ. Тэрбээр хамгийн сүүлд 2007 оны Нагоя башёд дээрх цолтой барилдаж байсан бөгөөд ийнхүү зургаан жилийн дараа дахин комүсүби цолтой хүч үзэхээр боллоо.

Мөн манай бусад бөхчүүдээс Какирюү Н.Ананд зүүн жигүүрээс, Кёкүтэнхо Н.Цэвэгням маэгиширагийн зүүний дөрвөөс, Тамаваши Б.Мөнх-Оргил зүүний 13-аас, Шёотэнро Д.Нямсүрэн барууны 16-гаас тус тус барилдана.

Тавдугаар сарын жюүрёо зиндаанд түрүүлсэн Тамаваши дээд зиндаанд барилдана. Харин энэ сарын жюүрёо зиндааг Таканоива А.Баасандорж манлайлан барилдах бол Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар барууны хоёроос, Азүмарюү С.Тодбилэг зүүний гурваас, Кагамио Б.Нанжид зүүний дөрвөөс, Асасэкирюү Б.Дашням зүүний наймаас, Сэйро А.Өнөболд есөөс, Ониараши Ө.Өлзийжаргал арваас барилдахаар болсон байна.

Нагоя башёгийн банцүкэ

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж