Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

Хорватын баяр, гуниг

Хорват Европийн холбооны 28 дахь гишүүн болсон. Энэ долоо хоногийн эхээр Хорват даяар энэ баярыг тэмдэглэж, Ерөнхийлөгч нь Хорватын шинэ түүх эхэлсэн гэдгийг тунхагласан. Гэхдээ үүнийг баяр эсвэл гунигийн альнаар нь ч тайлбарлахад бэрхтэй. Европийн холбоонд нэгдээд одоо горыг нь амсч байгаа олон улс Европийн холбоонд бий. Үүнийг зарим хүмүүс чөтгөрийн тойрог хэмээн нэрлэдэг. Энэ тойрог нэг ганхвал бүгд ганхаж, нэг сэхвэл тал нь сэхдэг тийм сонин тогтолцоотой. Угтаа эдийн засаг томтой улсууд ашгийг бусдаасаа илүү хүртэх тийм л суваг, шуудуутай болохоор чөтгөрийн тойрогт багтаах гэж “том”-чууд европ даяар “хашхирдаг” юм. Хорватад энэ байдал хожим нь сайн эсвэл муугийн альнаар нь нөлөөлөхийг тааж хэн ч чадахгүй. Хамгийн тодорхой байгаа нэг зүйл бол евро бүс ганхсан. Хорватын эдийн засгийн өсөлт таагүй байгаа. Зургаан улс өр зээлийн асуудалтай байгаа.

Чөтгөрийн тойрогт тавтай морил

Хорват улс 1998 оноос хойш ЕХ-нд элсэх хүсэлтэй байсан. 2004 онд Европийн комисст өөрийн байр сууриа илэрхийлж эхэлсэн. 2006-2011 оны хугацаанд 20 гаруй хэсэг бүхий тус бүр нь 500 гаруй хуудастай танилцуулга, тайланг европийн холбоонд илгээж байсан. Ингэж олон жилийн нүүрийг үзсэний эцэст 2013 онд ЕХ-нд албан ёсоор элслээ. Тэд төв европийн чөлөөт худалдааны гэрээнд нэгдэж, улсынхаа хилийг хатуу чанга хамгаалалтгүй болгон хувиргана. Европийн төв банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, татварын хөнгөлөлт ч эдлэх боломжтой. Хорватын эрх баригчид үүнийг ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийн өсөлтөө сайжруулах том боломж хэмээн харж байгаа.

Тэднийг ЕХ-нд элсэх өргөдлөө өгсөөр байхад юу болж байсан бэ? Дэлхийн эдийн засгийн хямралын дараа одоо ч хүч саараагүй байгаа томоохон хямралд бүх европчууд автаж эхэлсэн. Европ даяар ажилгүйдлийн хэмжээ өсч, эдийн засгийн үзүүлэлт нь буурч байсан. Грек улс хамгийн том дампуурлыг шинэ мянганы эхний 10 гаруй жилд дэлхий нийтэд харуулав. Франц, Испани, Португал зэрэг европийн томоохон эдийн засгууд ганхаж эхлэв. Кипр улс Грекийн хувь заяаг давтаж, жижигхэн эдийн засаг ч Европод аюулын дохиог өгч чадлаа. Тэднийг элсэхээр удаа дараалан гуйж байхад сайн гэхээсээ илүү саар мэдээлэл европийн холбоог “чимж” байсан. Саар мэдээллийн дунд чих баясгам нэг баримт дурьдаж болно. Тэр нь Нобелийн энхтайвны шагналыг ЕХ авсан явдал. Европчуудын талаас бага хувь нь энэ мэдээллийг баярлаж, баясан хүлээж авсан ч үлдсэн хэсэг нь таашаагаагүй. Дэлхийн тал нь ч энэ мэдээллийг хамгийн эргэлзээтэй шийдвэр хэмээн хүлээж авсан.

Хорватын эвгүйтэл

Хорват улсад байдал ямар байгаа вэ. Тийм ч таатай биш. Ажилгүйдэл 22 хувиас давж, эдийн засгийн жилийн өсөлт нь 1,5 хувьтай байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл бараг байхгүй болж, хөнгөн үйлдвэрийн салбар нь уналтад орсон. Дэлхийн банкнаас жижиг бизнес эрхлэхэд хамгийн тааламжгүй улсаар Хорватыг нэрлэсэн. Угтаа буурал тивийн хэд, хэдэн улс ийм тодотгол авсаны нэг нь тэд. Төрөөс олгох татварын хэмжээ их. Европийн бусад улсаас авлигын индексээрээ хамаагүй илүү байгаа. Гэхдээ саар талаараа. “Бид түүхийн шинэ алхамыг ЕХ-нд нэгдсэнээрээ хийлээ. Зарим хүмүүсийн хувьд арагш алхсан мэт харагдаж байгаа ч ирэх жилүүдэд тэдний буруу байсныг батлах болно” гэж Ерөнхийлөгч Иво Йосипович ярьжээ. Гэхдээ ард иргэд нь үүнтэй санал нийлэхгүй байгаа. Тэд байдлыг улам дордуулах алхам гэж үзэж байна.

Таагүй Хорват улс, тааламжгүй холбоонд элслээ. Хоёул сөрөг үзүүлэлттэй байгаа энэ байдлаас ямар үр дүн гарах бол хэмээн ажиглагчид харж байна. Гэхдээ хасах, хасахын нэмэх байдаг гэсэн математикын онол байдгыг санахад илүүдэхгүй. “Зүгээр л Грек, Испанийг хар. Дараа жилээс хойш сөрөг үр дагавар нь харагдаад эхэлнэ. Манай улсын эдийн засгийн байдал тийм ч таатай бус байгаа шүү дээ” гэж Хорватыг ЕХ-нд элсэхийг эсэргүүцэх хөдөлгөөний гишүүн Павао Браканович ярьсан байна. Хорватын зарим мужуудад хүмүүс тайван жагсаал хийж байгаа. Тэд ЕХ-нд элссэн асуудлыг дахин судлах хэрэгтэй гэж үзсэн. Энд бас нэгэн анхаарал татсан зүйл байгаа нь ЕХ-нд элсэх эсэх асуудлаар Хорватын засгийн газраас олон нийтэд санал асуулга явуулаагүй. Үндсэндээ эрх баригчдын шийдвэрээр л энэ асуудлыг шийдсэн. Хорватын удирдлагууд үүнийг тэртээ тэргүй 2004 оноос ЕХ-нд элсэх тухай 9 жил ярьсан учраас санал асуулгын хэрэг байхгүй гэдгээр тайлбарлаж байгаа. Тэдний энэ шийдвэр хэр зөв шийдвэр байсан бэ…

Хорват улс ийнхүү ЕХ-нд нэгдсэнээр хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан хоёр дахь улс элссэн тохиолдол болон түүхэнд үлдлээ. Тэдний өмнө Словени улс элсээд байсан юм. Ямартай ч баяр, гунигийн алин болохыг одоо тайлбарлахад эрт байна. Гэхдээ ард иргэд нь дурамжхан байгаа гэдгийг мартаж болохгүй.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж