Арьс, ширний урамшууллыг ирэх жилээс олгоно

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Арьс, ширний урамшууллыг ирэх жилээс олгоно

-Арьс ширний урамшуулалд нийт 40 тэрбум төгрөг төсөвлөжээ-

Засгийн газраас малчдад болон мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд урамшуулал олгодог болсноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Цаашид ч арьс, ширэнд мөн ийм жишгээр урамшуулал өгдөг болох тухай асуудал Засгийн газрын тогтоол гарснаар эцэслэн шийдэгдсэн тул малчид талархалтай байгаа аж.

Тогтоол гарснаар үндэсний үйлдвэрт тушаасан нэг ширхэг бодын ширэнд 15 мянган төгрөг, богийн арьсанд 3000 төгрөг олгохоор болжээ. Энэ жил гэхэд бэлтгэсэн арьс, ширэнд ирэх жил мөнгөн урамшуулал өгөх бөгөөд үүнд зориулж улсын төсвөөс 40 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Улсын хэмжээнд жилдээ 10.3 сая ширхэг арьс, шир боловсруулдаг ч үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолтой байсаар ирсэн гэдэг. Малчдын боловсруулсан арьс, ширийг үндсэндээ ченжүүд дамжуулан түүхий эдээ гадныханд зарсаар нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг хангалттай үйлдвэрлэж чадахгүй байсан. Манай түүхий эдийг авсан гадныхан эцсийн бүтээгдэхүүн хийж, экспортын орлогоо нэмэгдүүлж байхад бидний хувьд зөвхөн түүхий эд ханган нийлүүлэгчийн үүрэгтэй мэт. Тэгвэл арьс, ширэнд урамшуулал өгдөг болсноор үндэсний үйлдвэрүүд түүхий эдээр хомсдохооргүй болж, нөгөө талд түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид жилдээ нэг удаа тодорхой хэмжээний орлого олох буюу урамшууллыг авах юм. Ингэснээр үндэсний үйлдвэрүүд хүчин чадлаараа ажиллаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын барааны нэр, төрлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Урамшуулал олгох тухай Засгийн газрын тогтоол батлагдаад удаагүй байгаа учраас одоогоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харьяа Мал хамгаалах сан, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, үндэсний үйлдвэрийн төлөөлөгчид орон нутгаар явж бэлтгэл ажлыг хийж байна. Тодруулбал, арьс шир авах гэж үйлдвэрүүдийн төлөөлөл өөрсдөө бүх  орон нутгаар хайх боломжгүй. Нөгөө талаас түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид арьс, ширээ тушаах гэж хаана үндэсний үйлдвэр байгаа бол гэж хайж олоход цаг хугацаа алдах, явдал чирэгдэл ч их гарна. Тиймээс эрэлт, нийлүүлэлтийг зохицуулахаар Арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо үндэсний үйлдвэрүүдийн төлөөлөгчдийг холбоондоо нэгтгэхээр болжээ. Холбооны төлөөлөгчид орон нутагтаа байрлаж түүхий эд нийлүүлэгчдээс арьс, ширээ авах юм. Ингэхдээ нэг суманд хүн ам, газар нутгийн хэмжээнээсээ хамаарч 2-5 төлөөлөгч, нийт 330 гаруй суманд 1000 гаруй төлөөлөгч ажиллах ажээ.

Урамшууллаа хэрхэн авах вэ?

Арьс, шир бэлтгэлийн хувьд ид эрчимтэй үе нь 11, 12 дугаар сар байдаг учраас урамшуулал авах түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн материалыг ирэх оны нэгдүгээр сарын 15-ний дотор авч дуусах юм байна. Тиймээс малчид, мал бүхий этгээдүүд энэ ондоо бэлтгэн нийлүүлсэн арьс, ширнийхээ тоо хэмжээ, холбогдох материалаа дээрх хугацааны дотор сумынхаа Мал эмнэлэг, үржлийн тасагт өгөх юм. Урамшуулал авахад нэг зүйлийг мартаж болохгүй ажээ. Үндэсний үйлдвэрт арьс, ширээ тушаасан гэдгээ батлах гол зүйл нь худалдаа хийсэн баримт. Хөдөө орон нутагт суугаа холбооны төлөөлөгч  худалдан авалт хийх бүрт гурван хувь баримт бичнэ. Үүний хоёрыг малчинд өгнө. Тиймээс малчин нэгийг нь өөртөө үлдээж, нэг хувийг сумынхаа Мал, эмнэлэг үржлийн тасагтаа холбогдох материалтай хамт өгөх юм байна. Ингээд урамшууллаа дөрөвдүгээр сарын 1-ний дотор дансаар авах ажээ. Энэ удаад  арьс ширний урамшуулал нь ноосныхоос  туршлага авсан бөгөөд нийлүүлэгч, худалдан авагч талын үл ойлголцол, мөнгөн урамшууллыг олгох механизмыг улам бүр сайжруулсан тухай албаныхан хэлсэн. Тухайлбал, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид олгох урамшууллын мөнгийг “Хүний хөгжлийн сан”-гийн дансанд нь шууд шилжүүлэх юм байна. Жилдээ нэг олгодог урамшууллаа авах гэж сумынхаа засаг захиргаанд эсвэл ойр байрлах банкиндаа урт дараалал үүсгэн зогсолгүйгээр дансанд шилжүүлсэн байгаа урамшууллын мөнгөө хэзээ л бол хэзээ авах болжээ. Ийнхүү арьс, ширийг үндэсний үйлдвэрт тушаахад зориулсан урамшууллын тогтолцоо анх удаа биелэлээ олохоор болж буй бөгөөд урамшууллыг олгоод эхлэхээр цаашдаа үүсэх асуудал, хөрөнгө оруулалтын хэмжээг өөрчлөх эсэх талаар шийдэх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж