Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэн, 83,7 хувийн саналаар дэмжин баталлаа.

Үүний дараа 2013 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. 2013 оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалд Ерөнхийлөгчөөс долоо, нам эвслээс 102, УИХ-ын гишүүдээс 55, Засгийн газраас 142 нийт 340 төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлсэн байна. Энэхүү төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, зарим төслийг хасах асуудлыг байнгын хорооны гишүүд дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг А.Бакей гишүүн танилцуулсан юм. Үүний дараа гишүүд асуулт, тодруулга хийлээ.

Тухайлбал, О.Содбилэг гишүүний "Жагсаалтад орсон бүх хуулийн төслүүд Засгийн газраас санал авсан уу. МАН-ын бүлгээс хэлэлцэх саналтай төслүүдийг хаасан байна. Мөн "Олуулаа болох хуулийн төсөл” гэгч ямар хууль вэ. Хэлэлцэх төслүүдээс хэд нь Засгийн газраас санал авсан бэ” гэсэн асуултад  А.Бакей "Намуудаас ирүүлсэн саналыг УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос судалсан. Төслүүдийг давхацсан эсэх, бэлэн болсон, өргөн барьсан, бодлогын хувьд гэхчлэн УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гаргаж, ажилласан. Мөн Засгийн газрын томоохон төслүүдийг тусгасан байгаа. МАН-ын бүлгийн хуулиуд ч гэсэн орсон байгаа. Мөн хэлэлцэгдээд явж байгаа хуулиуд байна. Газрын тухай багц хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа бол өргөн баригдсан хоёр төсөл, эцсийн хэлэлцүүлэгт яваа. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажилласан төсөл, Засгийн газраас бэлэн болсон гэж санал болгосон зэрэг хуулиуд бий" гэлээ. Мөн Олуулаа болох тухай хуулийн агуулга нь эхчүүдэд тэтгэмж олгох тухай хууль гэдгийг тэрээр онцлов. Нэрийн хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлж, өөрчлөлт хийх шаардлагатай гэж ярилцсан боловч энүүгээрээ орох ёстой гэж үзсэн байна.

Ингээд гишүүд, асуулт асуусны дараа саналаа илэрхийлж, 2013 оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг 70 хувийн саналаар дэмжиж, баталлаа.

Дараа нь Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гарган, санал хураахад гишүүдийн
76,6 хувийн саналаар батлав. Энэхүү төслөөр УИХ-ын гишүүд санал,
дүгнэлт гаргаагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Үүний
дараа  Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Байнгын хорооны саналаар
дээрхи хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал
хурааж, 81 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Ингээд уг төслийг
Төсвийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлснээр өнөөдрийн УИХ-ын
чуулганы хуралдаан өндөрлөлөө. Харин үдээс хойш хоёр байнгын хороо хуралдах
юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж