Хуурай сүүг хязгаарлаж, сүү бэлтгэгчдээ дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Хуурай сүүг хязгаарлаж, сүү бэлтгэгчдээ дэмжинэ

Сүүний ферм эрхлэгчид, сүү бэлтгэн нийлүүлэгчид, өнгөрөгч сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулж, нэг литр сүүний үнийг 1050 төгрөгөөр тогтоох ажлыг энэ хаврын чуулганы хугацаанд шийдэж өгөх, сүү боловсруулах үйлдвэрүүд сүү бэлтгэн нийлүүлэх үнийг фермерүүдэд тулган хүлээлгэж байгааг эцэс болгох талаар бодитой зохицуулалт хийж өгөх, чанарын баталгаагүй хуурай сүүний импортыг бүрэн зогсоох, хөнгөлөлттэй зээлийг фермерүүдэд хүртээмжтэй байдлаар олгох, нийслэлийн хүн амын цэвэр сүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байсан.

Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллах үед Жаргалант тосгоны фермерүүд уулзалт хийх хүсэлт тавьсны дагуу эрхэм гишүүн өчигдөр буюу 07 дугаар сарын 02-ны өдөр Төрийн ордонд эл асуудлаар уулзалт зохион байгуулсан юм.  Уулзалтад “Монголын сүүний холбоо”-ны гишүүд, сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл болон ҮХААЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцож, санал солилцлоо. Энэ үеэр “Монголын сүүний холбоо”-ны тэргүүн О.Амарцэнгэл сүүний зах зээлийн 80 хувийг импортын хуурай сүү эзлэн давамгайлж байгааг буруутгаж, төв суурин газрын хүн амын сүүний хэрэглээг зөвхөн эрчимжсэн сүүний фермийн бүтээгдэхүүнээр хангах боломжтой болохыг учирлаж, сүүний фермерүүд бодит байдал дээр төрийн дэмжлэггүй явж ирсэн тул сүүлийн жилүүдэд дампуурлын байдалтай ажиллаж ирснийг анхааруулж байлаа.

Уулзалтад ҮХААЯ-ыг төлөөлөн оролцсон Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Тунгалаг хэлэхдээ “Сүү бол стратегийн бүтээгдэхүүн тул хүнсний салбараас энэ бүтээгдэхүүнд онцгой ач холбогдол өгч  байгаа” гэдгийг онцлон дурдсан юм. Тэрээр цааш нь хэлэхдээ “2014 оны Төсвийн төсөөлөлд 200 тэрбум төгрөг сүүний татаасанд өгөхөөр төлөвлөж байна. Гэхдээ хараахан шийдвэрлэгдээгүй байгаа. Импортын сүүг тэглэх тухайд юуны өмнө манай фермүүд дотоодын хэрэгцээгээ хангаж чадах эсэхийг хянаж үзэх шаардлагатай. Хэрэв чадна гэх юм бол сүү импортлохыг хориглох боломжтой. Ямартай ч, сүүний зах зээлийн балансыг алдагдуулахгүйгээр импортын сүүнд хязгаарлалт хийх бөгөөд энэ ажил ирэх намраас хэрэгжиж эхэлнэ. Хөрөнгө оруулалтын тухайд, “Чингис” бондын хөрөнгөнөөс 27,7 сая ам.долларыг энэ салбарт зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хөрөнгөнөөс дөрвөн томоохон сүү боловсруулах үйлдвэр болон сүү, цагаан идээ боловсруулах 86 жижиг цехэд дэмжлэг үзүүлэх мөн 4500 саалийн үнээ гаднаас худалдан авахад хөрөнгө оруулна. Өөрөөр хэлбэл, тус бүр нь 300 үнээ бүхий 15 эрчимжсэн фермийг Улаанбаатар хотын эргэн тойронд байгуулна. Ингэхдээ фермер болон банк, бондын хөрөнгөөс тус бүр 33.3 хувиар санхүүжүүлнэ.” гэсэн мэдээллийг өгсөн нь уулзалтад оролцогчдын дунд нэлээд маргаан дэгдээсэн юм.

Тухайлбал, фермерүүд “Бид банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө байхгүй. Тэгэхээр энэ их хөрөнгийг томоохон компаниуд буюу хэдхэн хүн хуваагаад авах нь тодорхой. Энэ тохиолдолд бидний бизнес улам бүр хумигдаж, дампуурахад хүрнэ. Тиймээс энэ шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Фермүүд ихэнх нь эргэлтийн хөрөнгө дутмагаас өвс тэжээлээ хангалттай авч чаддаггүй, энэ нь сүүний гарцад муугаар нөлөөлдөг. Тиймээс бондын хөрөнгөөр  одоо үйл ажиллагаа явуулж байгаа фермүүдэд хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй” гэсэн шаардлага тавьж байв. Харин УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Д.Батсүх “Социализмын үед 800 үнээтэй ферм ашигтай ажиллана гэсэн тооцоо гарч байсан. Тэгэхээр та бүхэн өөр хоорондоо нэгдэж, хоршоо байгуулан, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй” хэмээн зөвлөж байлаа.

“Сүү” ХХК хэт монополь байдалтай ажиллаж, бүтээгдэхүүний үнэ дээр бэлтгэн нийлүүлэгчдийн саналыг харгалзахгүйгээр тулгалт хийдэг, фермүүдийн алдагдал нь сүү боловсруулагчдын ашиг болж байгаа зэрэгт фермерүүд шүүмжлэлтэй хандаж байсан бол тус компанийг төлөөлж ирсэн  Сүү бэлтгэлийн менежер Ц.Баярмаа фермүүд үнээнийхээ дэлэнг угааж арчихаас эхлээд эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд сүүгээ бэлтгэн нийлүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг төр засгийг төлөөлж байгаа бус, харин эмэгтэйчүүд голлон ажиллаж буй жижиг фермүүдийн эрх ашгийг хамгаалахаар зорьж буйгаа мөн энэ удаагийн уулзалтаас нэлээд шинэ мэдээлэл олж авсандаа олзуурхаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр цааш нь хэлэхдээ, нэн тэргүүнд бондын хөрөнгийг одоо үйл ажиллагаа явуулж байгаа фермүүдийг дэмжих зориулалтаар зарцуулахыг шахах, энэ нь дэмжигдэхгүй бол зарцуулалтыг нь хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах;  хоёрдугаарт, татаасыг УИХ-аар дэмжүүлэх;  гуравдугаарт, фермийн газрын асуудлыг шийдвэрлүүлэх; дөрөвдүгээрт, зуны улиралд хуурай сүүний худалдааг хориглох журам гаргуулах шаардлагатай юм байна гэдгийг онцолсон. Эхний ээлжинд эдгээр асуудлыг шийдвэрлүүлэхээр талууд санал нэгдсэнээр энэ удаагийн уулзалт өндөрлөсөн юм.  

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж