
Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид гэх 10 гаруй хүн өнөөдөр Төрийн ордны баруун хаалганы дэргэд жагсч байна. "Төр хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын мөнгийг идсэн бол буцааж өгөх ёстой", "Төр төлөх ёстой" гэсэн уриа барьсан хохирогчид ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг сануулах үүднээс ийн цугласан байна.
2006 онд хадгаламж, зээлийн хоршоод дампуурахад 26 хоршооны 8000 гаруй хүн хохирч байсан. Улмаар 2008 оноос өмнө хохирогчдын мөнгийг 100 хувь барагдуулж дуусгах шүүхийн тогтоол гарсан ч өнөөдрийн байдлаар төр 50 орчим хувийг барагдуулаад байгаа юм байна. Тиймээс үлдсэн хохирлыг барагдуулахад УИХ, Засгийн газар анхаарлаа хандуулах ёстой гэдгийг жагсагчид хэлэв.
