Хятадын Жилин мужийн төмөр замын ойролцоо орших төв талбайд байрлуулсан сурталчилгааны “LED” өргөн дэлгэцээр хуулиар хориглосон порно кино гарч, олныг гайхашруулжээ. Хятадад хуулиар хориглосон “Xin Jin Ping Mei” /Хориотой домог: секс ба савхнууд/ нэртэй кино олны хөл хөдөлгөөн ихтэй талбайд байрлуулсан сурталчилгааны дэлгэцээр бүтэн арван минутын турш гарсан байна. Албаныхны мэдээлснээр Юань Моу гэх техникч компьютер нь сурталчилгааны “LED” дэлгэцтэй холбогдсон байсныг анзааралгүй порно киног үзсэнээс дээрх хэрэг гарсан аж. Азаар тэрхүү сурталчилгааны “LED” дэлгэцийг эзэмшдэг компаниас энэ хэргийг мэдэж, хэнэггүй техникчид хэлснээр санамсаргүй хэргийг таслан зогсоожээ. Одоогоор цагдаа нар энэхүү хэргийг мөрдөн шалгаж байгаа гэнэ.
Хятадын эрх баригчид улстөрийн сэдэвтэй болон порно киног олон нийтэд үзүүлэхийг хориглож, цензур тавьдаг билээ.
Б.АНХТУЯА