МАН, АН-ын ялагдал ба ялалт

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

МАН, АН-ын ялагдал ба ялалт

МАН-ын ялагдал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ынхан бужигнаантай байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар удирдуулсан “Шинэчилье” нэртэй хөдөлгөөний залуус намынхаа удирдлагыг, Удирдах зөвлөлтэйгээ хамт огцорч, Бага хурлыг наадмын өмнө хийхийг шаардсаар. Тэд бас авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон лидерүүдээ Авлигатай тэмцэх газарт очиж шалгуулахыг зөвлөв. Ингэсэн цагт Ардын нам шинэчлэгдэх гэнэ. МАН-ын залуус төрөл арилжжээ. Хэзээ байтлаа тэд нэр нь сэвтсэн лидерүүдээ хууль хүчний байгууллагад очиж шалгуулахыг зөвлөдөг байлаа. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүйн тод жишээ энэ болов. Уг нь МАН дандаа ч ялагдаад лойдор болоод яваагүй, ялж явсан түүхт нам. Энэ үед “Шинэчилье” хөдөлгөөний залуус хамгийн өөдтэй, өнгөтэй албыг хашиж явснаа мартаагүй байлгүй. Нэр заавал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” компанийн дэд захирлын алба хашсан. Хэн хүний хүсээд, зүтгээд очдоггүй албанд МАК-ийн захирал Б.Нямтайширын хүү гэхээс өөр имижгүй хэн ч биш явсан тэр шууд дэд сайдын суудалд залагдсан бол Б.Ганхуяг Оюутны холбооны ерөнхийлөгчөөс “Эрдэнэс тавантолгой” компанийн дэд захирлын алба руу үсэрч байв.

”Шинэчилье” хөдөлгөөний залуусын хэлж буйгаар МАН Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүрэн боломж байжээ. Гагцхүү удирдлагуудын унхиагүй байдлаас болж Б.Бат-Эрдэнэ аварга ялагдаж… Сэрдэггүй бол сайхан л зүүд. Хэдийгээр аваргын сонгогчдоос цуглуулсан саналын тоо 520 мянгад хүрсэн нь чадлаараа зүтгэсний үр дүн мөн боловч Монгол Улсын төрийн тэргүүний байр сууринд хүрэхэд улстөрчийнхөө хувьд “түүхийгээрээ” байгаагаа сурталчилгааны өдрүүдэд, мөн халз мэтгэлцээний үеэр хангалттай харуулсан. Гол нь монголчууд аваргыг хүндэтгэдгийн зэрэгцээ хээгүй зан төрхөд нь итгэл хүлээлгэсэн, намын удирдлага, сонгуулийн штаб, хэвлэлийн баг нь чадлаараа зүтгэснээр “Аварга” гэх имижнээс өөр гялтайх зүйлгүй нэр дэвшигчээ өөд нь татсан болохоос Б.Бат-Эрдэнэ АН-ын нэр дэвшигчээс илүү байсан, түүнийг нь намын удирдлага “алсан” гэвэл жинхэнэ эндүүрэл болох биз.

“Шинэчилье”-гийн залуусын тавьж буй хоёр дахь шаардлага бол нэр нь сэвтсэн лидерүүдээ хууль хяналтын байгууллагад сайн дураараа очиж шалгуулах тухай юм. Зөв л асуудал, гол нь өөрсдөөсөө эхлүүлбэл илүү итгэл үнэмшил төрүүлэх байна. Нөгөөтэйгүүр,  энэ шаардлагыг МАН-ын удирдлагууд залуусаасаа түрүүлээд гишүүддээ тавьсныг мартах учиргүй. Дээр нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Сонгууль болохоор ажлаас зугатаад хаяад явдаг хэрнээ сонгуулийн дараа шинэчлэл ярьж дүр эсгэгчид олширч байгааг ярилцах ёстой” гэж мэдэгдсэн нь “Шинэчилье” хөдөлгөөнийхөн хэний заавраар дажин зарлаад явна вэ гэх хардлага руу хөтөлж буй юм. Тэр тусмаа сонгуулийн ид сунгаа явж байсан өдрүүдэд залуус нь ажилласан билүү, тарсан юм шиг л таг дуугүй байцгаасан. Гэтэл ид ажлын үеэр дүрээ харуулаагүй НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ гэнэт уржигдар олны өмнө гарч ирэх нь тэр. Намаа шинэчилж, аврах юм байх аа, базарваань. Түүний энэ үйлдлийг намаа аврах гэхээс илүү У.Хүрэлсүхийн заавраар Монголд ирэв үү гэх таамаглал дэвшүүлэхэд хүргээд байна. Хэдийгээр хөдөлгөөний залуус “Бид хэн нэгний захиалгаар яваагүй” гэж мэдэгдэж буй ч тус хөдөлгөөнд нэгдсэн залуус нь тэр чигээрээ У.Хүрэлсүхийн фракциас бүрдэж байгаа нь У.Хүрэлсүхийн заавраар МАН-ын дотоодод сонгуулийн үр дүнгээс хамааралтай дажин дэгдлээ гэж үзэж болохуйц харагдана.  Ялагдал эрх мэдэлд хүрэх гишгүүр бүү байгаасай.


АН-ын ялалт

МАН-ынхан сонгуулынхаа ялагдлын “шок”-ноос гарч чадахгүй бие биедээ бурууг тохон “ял” асууж суухад эрх баригч намынхан бүтээн байгуулалтын их ажлаа урин дулаан цагт ахиухан явуулахыг хичээж, монголчуудын хэлдэгчлэн тухтайхан аяга цай уух завгүй сууна.  Сонгуульд дахин ялалт байгуулсан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд ч ажил нь буцалсан өдрүүд үргэлжилсээр. Одоо Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр урагшаа харж,  илүү эрчээр илүү хөгжил рүү зүтгэх ёстой. Ингэж зүтгэ гэж ард түмэн сонголт хийсэн. Эл сонголт цаг хугацааны хувьд сая болж өнгөрсөн зүйл биш 2009 оноос эхэлсэн сонголт болохыг мартах учиргүй. Учир нь АН Засгийн эрхийг барьж байх үед Ерөнхийлөгч нь АН-аас нэр дэвшин ялсан тохиолдол ердөө хоёр дахь удаагаа тохиож буй нь энэ юм. Үүнийг судлаачид Ардчилсан намынхан иргэд, сонгогчидтойгоо тулж ажилласны хүчинд ирсэн үр дүн гэж үнэлж байна. Нөгөөтэйгүүр, сонгогчид улстөрийн тогтвортой байдлыг хүсэж хийсэн сонголт хэмээн тодорхойлж болох аж. Харин сонгуульд амжилт олоход АН-ын дарга Н.Алтанхуяг, өнгөрсөн хугацаанд тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан одоогийн УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар гар нийлсэн оновчтой бодлого дэвшүүлж ажиллаж чадсантай холбоотой төдийгүй удаа дараагийн сонгуульд ялалт байгуулсан туршлага нь нөлөөлсөн бололтой. Мөн энэ удаагийн сонгуульд намын дарга сонгуулийн штабаа ахалж удирдсан бол шинэ генсекийн хувьд улс төрийн том сорилттой тулсан, экс генсекийн хувьд оновчтой зөвлөгөөг өгч ажилласан гээд тоочвол нэг ёсны шинэ нь зүтгэж, хууччуул нь зөвлөж, залуучууд нь эрч хүч болж эвлэж чадсаныг эндээс харж болохоор байгаа юм.

Түүнчлэн сулхан тойргуудаа ч зөнгөөр нь орхисонгүй анхаарал хандуулж ажилласан болохыг тодотгох гишүүд байна. Тэр тусмаа УИХ-ын чуулганы завсарлагааны хугацааг ашиглаж УИХ дахь олонхийн бүлгийн бүх гишүүд нь орон нутаг болоод нийслэлийн есөн дүүрэгт ажиллажээ. Бас нэг сонирхол татам тактик нь УИХ-ын дарга Дархан-Уул аймагт ажиллах үед Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж, сонгогчдод УИХ, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа эерэгээр ойлгуулж чадсан нь нэр дэвшигчид ирэх саналын тоог нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Дээр нь намын дэргэдэх Залуучуудын холбоо нь уур амьсгалыг мэдэрч ажилласан, PR-ын баг нь давуу байсан гээд үнэлбэл АН-д давуу талууд олон байжээ. Мөн нэр дэвшигчийн хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан дөрвөн жилийнх нь туршлага давуу тал болж байсныг мартах учиргүй. Гэхдээ ажилдаа, амжилтдаа эрдсэнгүй бас бярдсангүй, даруухан байхыг хичээсэн нь сонгогчдын итгэлийг хүлээхэд хамгийн чухал үзүүлэлт болсон болов уу. Одоо харин сонгогчдоос хүлээлгэсэн итгэлийг алдах эрх байгүй, ажиллаад бай. Амласнаа хэрэгжүүлж чадахгүй бол 2016 он Ардчилсан намыг өнөөдрийн Ардын намын байранд аваачиж мэдэхийг хэлүүлэх юун.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж