Сайжруулсэн их буунуудаа Өмнөдийн хил рүү татжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Сайжруулсэн их буунуудаа Өмнөдийн хил рүү татжээ

Пуужингийн бөөнөөр галлах шинэ системүүдээ Хойд Солонгос өмнөд хил рүүгээ татан байрлуулж эхэлснийг Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг дамжуулав. Пхеньяны шинэчлэгдсэн их буунууд Сөүл ба нийслэлийн районуудыг онохоос гадна өмнөдийн нутгийн гүн рүү цохилт өгөх чадвартай гэнэ.

Бөөнөөр буудах 107 мм-ийн калибрийн хуучин системүүдийг 240 мм-ийн системээр сольж байгаа бөгөөд шинэ системийн тусгал нь 70 км гэнэ. Өнгөрөгч тавдугаар сарын АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээгээр БНАСАУ 5,1 мянган бөөнөөр галлах системтэй. Өмнөд Солонгосын хилийн орчим Пхеньян 107, 122, 240 мм-ийн гурван калибрийнхаа системийг байрлуулсан байна. БНАСАУ,  2010 онд өмнөдийн Енпхендо арлыг бөөнөөр галлах системээр буудсан ба тэр үеэр өмнөдийн хоёр цэрэг, хоёр энгийн иргэн амь үрэгдсэн юм.

Өнгөрсөн оны сүүлчээр Пхеньян эхлээд хиймэл дагуултай стратегийн пуужинг хөөргөөд дараа нь цөмийн зэвсэг туршсан учраас хойгийн хурцадмал байдал үүссэн юм. Нөгөө талаасаа АНУ, Өмнөд Солонгос цэргийн өргөн цар хүрээтэй хамтарсан сургууль явуулсан нь дарин дээр давс нэмсэн хэрэг болсон.

Тавдугаар сард Пхеньян Сөүлтэй хэлэлцээр хийх санал тависан ч энэ нь унасан бөгөөд тэд АНУ-д хэлэлцээр хийх санал тавиад байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж