
Нээлтэд тухайн үед Усжуулалтын системийн барилга конторт ажиллаж байсан ахмадууд, нуурыг байгуулахад гол үүрэг гүйцэтгэж ажилласан дээрх хоёр хүний гэр бүл, үр хүүхдүүд, сум, багийн удирдлагууд оролцлоо.
Монгол улсын гавъяат усжуулагч Өлзийн охин Насанжаргал: – Би Дархан Ус Суваг ХК-ийн хүний нөөцийн менежерээр ажилладаг. Өнөөдөр бид "Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн "Хиймэл нуур” болон "Яст мэлхий”, "Хиймэл уул”-ыг байгуулсан миний аав МУ-ын гавъяат усжуулагч Өлзий түүний шавь Зундуй болон Дархан хотын Услалтын системийн барилга угсралтын конторын хамт олны бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнд эдгээрийг бүтээн байгуулсан хамт олныг нь алдаршуулж дурсгалын хөшөө босгож нээлтээ хийж байна. Хөшөөний зураг дизайн, загвараа үр хүүхдүүд нь бид өөрсдөө ярилцаад эхэлж нэг загвар гаргасан. Бид Дархан хотын эргэн тойрон дахь хөшөөнүүдийг үзсэн л дээ. Тэгээд нэг санаа гаргаснаа аавынхаа байгууллагын хамт олонтой уулзаж танилцуулаад бүгдээрээ газар дээр нь ирж аймгийн аркитекторыг оролцуулж хаана яаж байрлуулахаас эхлээд ерөнхий загвараа гаргаж газрын албаар зургаа хийлгээд аймгийн Захиргаа, Нийтийн аж ахуй үйлчилгээн газраас албан ёсны зөвшөөрлөө аваад ажлаа эхэлж дурсгалын хөшөөгөө бэлэн болгож нээлтээ хийж байгаа маань энэ. Манай аав 1937 онд Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ суманд төрсөн Чулууны Өлзий гэдэг хүн байсан. Ер нь усалгаатай газар бүхэнд очиж ажилласан. Монгол улсын газар тариаланг усжуулахад 37 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Аавын бүтээсэн 10 нуур одоо ч бий. Хамгийн сүүлийн нуур болох энэ нуурыг 1988 онд хийсэн байдаг. Тэгээд 1988 онд Дархан-Уул аймгийн 14 дэхь гавъяат болсон хүн. Хийсэн ажлуудаас нь дурдвал Сэлэнгэ аймгийн Цагаан Толгой, Бургалтай, Жаргалантын сангийн аж ахуй болон Хэнтий, Говь-Алтай зэрэг аймагт усалгаатай газар тариаланд суваг шуудуу татдаг усалгааны мэргэжилтэн байлаа. Аав маань 4 хүүхэдтэй хүн.
Тухайн үед Услалтын системийн барилга конторын ерөнхий инженерээр ажиллаж байсан ахмад настан Ц.Жамъянсүрэн:- Услалтын системийн барилга контор гэдэг байгууллага маань зөвхөн услалтын ажил хийдэг байгууллага байсан. Манай Услалтын системийн тэргүүний ажилчин, гавъяат усжуулагч Ч.Өлзий, усжуулагч Зундуй нар манай услалтын системийн барилга конторын шилдэг скейперчин байсан. Тэдний ажлын арга барил гэвэл скейперээ гайхамшигтай сайхан эзэмшиж чадсан хүмүүс. Ус урсдаг суваг хийнэ гэдэг чинь маш их нарийн хийхгүй бол ус урсахгүй болох, янз бүрээр овон товон болсноос болж саад гардаг учраас тэр болгоныг зөв тооцож байж ажилладаг чимхлүүр ажил. Тэр бүхнийг хийхийн тулд энэ хоёр гол үүргийг гүйцэтгэж байсан. Зурж тогтоогоод өгсөн газрыг ганц ч см-ийн зөрүүгүй хийж чаддаг тийм гайхамшигтай эзэмшсэн хүмүүс. Манай усжуулахынхан маань маш их эвсэг хамт олон. Бид хамтдаа Төв, Сэлэнгэ аймгийн сумдууд, Хэрлэнбаян Улаан зэрэг Улаанбаатарыг тойрсон бүх услалтын системүүдийг барьж байгуулсан. Тухайлбал Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант, Борнуурын сангийн аж ахуйн зэрэг услалтын системийн суваг, нууруудыг нь байгуулсан. Сэлэнггэ аймгийн Цагаан Толгой, Алтанбулаг зэрэг олон газрын суваг шуудууг татаж ажиллуулсан. Дархан хотын энэ хиймэл нуурыг байгуулахад хамт олонтойгоо хийхэд гол үүргийг гүйцэтгэж байсан нь саяхан мэт санагдаж байна. Манай энэ сайхан хоёр найзын маань хөдөлмөрийг үр хүүхдүүд ингэж сайхан алдаршуулж услалтын системийн хамт олны ажлыг мөнхөлж байгаад баяртай байна гэв.
Эх сурвалж: http://darkhanith.mn