
АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 16-нд болсон бразил жиу-жицу бөхийн USA Open тэмцээнээс ОУХМ Д.Сүлдбаяр мөнгөн медаль хүртжээ. Тэмцээнд 20 гаруй орны 500 гаруй тамирчин хүч сорьсноос эрэгтэйчүүдийн 76 кг-ын жинд зодоглосон Д.Сүлдбаяр дөрөв дараалан ялж, аваргын төлөө “Marcelo Garcia” академийн бөх Марсия Херад ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон байна. USA Open тэмцээнд түүнээс гадна эмэгтэйчүүдийн 56 кг-ын жинд самбо бөхийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, ОУХМ С.Мияасүрэн оролцож, нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Дашрамд сонирхуулахад, Монголын жиу-жицучид энэ сарын 30-нд АНУ-ын Сан Франциско хотноо болох USA Cup тэмцээнд оролцохоор 28-нд эх орноосоо мордох гэж байна. Баг тамирчдын бүрэлдэхүүнд Г.Дашдаваа, О.Болд-Эрдэнэ /хоёул “Хилчин” спорт хороо/, Б.Ариун-Эрдэнэ, Д.Мөнхбаясгалан /хоёул “Женко” клуб/, С.Батгал /”Хүч” спорт хороо/ нар багтжээ.
С.Цэлмэг