Улаан буудайн үнийг тогтоохыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Улаан буудайн үнийг тогтоохыг хүсчээ

Улаан буудайн үнийг 380 мянган төгрөгөөр тогтоохыг тариаланчид хүсч байна

Хавар зуныг их ажлын нүргээнд үддэг тариаланчид түр амсхийж байна. Гэхдээ ажил дуусах яагаа ч үгүй. Тэд улирал дамнан борви бохисхийлгүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг намрын ургацтайгаа хамт хураадаг болохоор урган соёолох тариа бүрийнхээ төлөө тэнгэрийн байдлыг ажин цаг завгүй яваа.

Энэ жилийн хувьд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг өнгөрсөн тавдугаар сарын 4-30-ны хооронд зохион байгуулжээ. Зургадугаар сарын 15-25-ны өдрүүдэд тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажил өрнөж 12 аймгийн 300 шахам мянган га улаанбуудайн талбайг хамруулснаас нийт тариалсан талбайн ная гаруй хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарчээ.ҮХААЯ-ны Газар тариаланг дэмжих хэлтсээс мэдээлж байгаагаар тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд нь чанар сайтай  явуулах, энэ салбарт хэрэгжүүлж  буй арга хэмжээг сурталчлах, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, тариаланчдад мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор Төв,  Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Өвөрхангай аймагт тариаланчдын зөвлөгөөн, Архангай аймагт “Хангайн бүс 2012” техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулж 13 аймаг, нийслэлийн 1800 гаруй иргэд, тариаланчдыг хамруулсан байна. Бэлтгэсэн уриншиндаа бүрэн тариалах, тариаланчдад учирч буй санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор нийтдээ  500 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 1600 орчим тонн  шатахуун, 100 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 3000 шахам тонн буудайн үрийг тус тус  30 хувийн урьдчилгаатайгаар гэрээ байгуулан зээлээр олгожээ.

Мөн ургацын чанарыг сайжруулах, өвчин хортонтой тэмцэх ажлын хүрээнд есөн  мянган литр үр ариутгалын бодис, 100 орчим мянган тонн үр тарианы гербицид, 400 гаруй мянган литр уриншийн гербицид, 1500 тонн эрдэс бордоог аж ахуйн нэгж, иргэдэд 40 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох ажлыг авч хэрэгжүүлсэн аж.Энэ мэтчилэн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд газар тариалангийн салбар нэг үеэ бодвол сэргэж байгааг тариаланчид дуу нэгтэй хэлж байна. Гэхдээ шийдвэл зохих асуудал мундахгүй олон байгааг салбарын гал тогоонд нь ажиллаж, саар сайныг нь амсаж яваа тэд хэлж байгаа юм. Тариаланчдад тулгарч байгаа бэрхшээл, энэ жилийн тариалалтын талаар газар тариалан эрхлэгчдийн санал бодлыг сонслоо.


“Хос бэрс” ХХК-ийн захирал Н.Сүхбаатар:

-Малчин тариачин хоёрын хоорондын асуудлыг төрөөс бодлогоор зохицуулмаар байна. Олон хүний хөлс хөдөлмөрөөр ургаж байгаа тариан талбай руу малчид малаа туугаад оруулчихдаг. Хэлэхээр “Би өөрийнхөө нутагт өөрийнхөө малаа хариулж байна” гээд хүлээж авдаггүй. Уг нь адилхан Монгол хүмүүс, нэг л эх орныхоо төлөө ажиллаж, нэг нь малаа өсгөх гэж, нөгөө нь тариагаа ургуулах гэж зүтгэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Газар тариалангийн гол бүс Төв, Сэлэнгэ, Булган аймгуудад мал аж ахуй эрхэлж байгаа малчдын тоог цөөлөх журам хэрэгжиж эхлэх тухай сураг сонсогдсон. Нэгдсэн шийд гараагүй л байна. Ер нь бол малчдын тоог цөөлөх, ядаж тариа ургах цагаар айлуудыг талбайгаас тодорхой хэмжээгээр холдуулдаг, ойрхон байхаар бол фермерийн зохион байгуулалтанд шилжүүлэх хэрэгтэй. Манай компанийн талбай Төв аймгийн Жирмийн цагаан нуурын урд байдаг. Өмнө нь малаа оруулсан айлд эхний удаа сануулга өгөөд хоёрдахь удаагаа хашдаг байсан бол одоо тэгж болохгүй гэсэн. Малчны хотонд ороод малыг нь буудах, тариан талбай руу мал оруулаад буудай идүүлэх хоёр үндсэндээ адилхан шүү дээ. Гэтэл малчид үүнийг ойлгохгүй байна. Төмөр утсаар хашаа хийхээр шөнө очиж бахиар задлаад малаа оруулчихдаг. Тиймээс төр малчин, тариачин хоёроо хагаралдуулахгүйгээр аль алиныг нь дэмжээд явах журам боловсруулмаар байна.Энэ жил ургацын байдал давгүй байгаа. Саяхан бороо ороод үер бууж 50-60 га газрынхаа ургацыг урсгачихлаа. Гэхдээ ургац арвин байх болов уу гэж найдаж байна.


“Алтантошлой” ХХК-ийн захирал Ш.Хандсүрэн:

-Төрийн дэмжлэгээр газар тариалангийн салбар нэг үеэ бодвол сэргэж л байна. Шатахуун, үр тариагаар хангаж байна. Зээл олгож байна. Ингэж олон чиглэлээр дэмжиж байгаад нь талархдаг. Гэхдээ буудайны жишиг үнийг сүүлийн жилүүдэд хэт багаар тогтоож байгаа нь арай гэж хөлөө олж байсан бидэнд хүндхэн цохилт боллоо. Үүнийг жаахан нэмээд дор хаяж 350 мянган төгрөг болговол тариаланчид бидэнд том дэмжлэг болно. Энэ жил хур бороо элбэгтэй болохоор ургац одоохондоо сайн байна. Ажлын үр дүн намар тийшээ л мэдэгдэнэ дээ.


“Газрын ундарга” ХХК-ийн захирал Ш.Мардаан:

-Нэг үеэ бодвол газар тариалангийн салбар төрийн дэмжлэг туслалцаанд өндийж байна. Гэхдээ хөл дээрээ зогсох яагаа ч үгүй. Улаан буудайн дундаж борлуулалтын үнэ өнгөрсөн жил хэтэрхий доогуур байсан. Тариаланчид бид арайхийж өртгөө барьж авсан. Энэ байдлаараа газар тариалангийн салбар хөгжиж сайжирна гэхэд хэцүү. Улаан буудайн үнийг тонныг нь дор хаяж 360-380 мянган төгрөгийн хооронд байлгавал жаахан ашигтай ажиллах болов уу. Буудайг багаар үнэлээд байхаар тариаланчид ашигтайг нь бодоод тосны ургамал тариалах сонирхолтой болсон нь үнэн. Тосны ургамал олон жил таривал хөрсний үржил шим алдагддаг. Өвөрмонголчууд ийм байдлаар хөрсөө шимгүй болгосон “туршлага” байгаа. Тэгэхээр буудайны үнийг нэмэгдүүлж, тариалалтаа өсгөхгүй бол тосны ургамлаас болоод хөрсөө эвдээд зогсохгүй, хүнсний хангамж муудах аюултайг хаа хаанаа бодолцох хэрэгтэй.

“Уушгийн газар” ХХК-ийн захирал Ц.Алтансүх:

-Төрийн зүгээс зах зээлийг чөлөөт болгоод өгөөсэй гэж боддог. Ялангуяа улаанбуудай газар тариалангийн зах зээл чөлөөт байх ёстой. Манай компани улаан буудай, малын тэжээл тариалдаг. Гэтэл манай тарьдаг тосны ургамлыг гадагш нь гаргахыг хориглосон. Би сая Өвөрмонгол явж туршлага судаллаа. Хятадууд баруун руу монгол хонины мах гэж нэрлээд хайрцаг сав, баглаа боодлыг нь монголоор хийсэн мах экспортолж байна. Бид өөрсдөө махаа экспортолж чадаагүй байхад тэд ашиглаад эхэлчихлээ. Манай зах зээл чөлөөт биш байгаагаас олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ гадагш нь гаргаж чадахгүй байна. Зөвхөн тосны ургамлаас гадна кали, кальци ихээр агуулсан сайн чанарын малын тэжээлийг манайд тариалах боломжтой. Тариалаад цай шиг шахмал хэлбэрт оруулах юм бол өндөр үнээр авъя гэсэн хүсэлтээ Япон Солонгосчууд ирүүлсэн. Гэтэл манайх гаргах боломж байдаггүй. Энэ мэт асуудлыг жаахан өөрөөр хараад үндэсний үйлдвэрлэлээ гадагш нь чиглүүлэх тал дээр анхаарал хандуулаасай.


“Хонгор нарс” ХХК-ийн захирал Ц.Сэржмаа:

-Бидэн шиг жижиг аж ахуй нэгжүүдэд урт хугацаатай бага хүүтэй зээл их хэрэгтэй байна. ХАА-н техник, тоног төхөөрөмж өндөр үнэтэй, энэ салбарт ажиллагсдын цалин хангамж эрүүл ахуйн нөхцөл, нийгмийн халамж гээд бодолцох зүйл их байгаа учраас хөнгөлттэй зээлийг ахиухан гаргаж, хийх хүсэлтэй эздэд нь олгох хэрэгтэй.

“Шинэстэй” ХХК-ийн захирал Н.Сэлэнгэмөрөн:

-Өнгөрсөнхавар, дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан “Газар тариалангийн шинэчлэл” сэдэвт улсын зөвлөгөөний үеэр газар тарилан эрхлэгчид ер нь алдагдалтай ажиллаж байгаа учраас улаан буудайн тонн тутмын үнийг 380 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх саналаа дэвшүүлсэн. 2011 онд нэг тонн улаан буудайг 300 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол өнгөрсөн оноос эхлэн 20-50 мянган төгрөгөөр буурч 250-280 мянган төгрөгөөр худалдаалдаг болсон. Энэ бол бидэнд хамгийн ашиггүй хувилбар болж байгаа юм. Засгийн газраас тариалан эрхлэгчдийг дэмжиж улаан буудайн тонн тутамд нь урамшуулал олгож эхэлсэн. Гэвч үүнтэй зэрэгцэн гурилын үйлдвэрүүд улаан буудайн худалдан авалтынхаа үнийг бууруулсан нь биднийг  ашиггүй болгоод байна. Жил ирэх бүр улаан буудайн үнэ  буурч байгаа. Бид ашиг олох нь битгий хэл, алдагдал хүлээдэг боллоо. Тэгэхээр салбарын маань ирээдүй их бүрхэг байгаа биз дээ. Өнгөрсөн сард Монголын Үр тариа эрхлэгчдийн холбооныхон нэг тонн улаан буудайг 380 мянган төгрөг болгох саналаа шийдвэр гаргагчдад хүргүүлсэн. Хамгийн гол нь Засгийн газраас тариаланчдад урамшуулал олгож байгаа ч эргүүлээд гурилын үйлдвэрүүд улаан буудайн үнийг бууруулж байгаа нь чанарын ямар ч ялгаа байхгүй болчихож байгаа юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц олох ёстой. Газар тариалан бол өртөг өндөртэй, багадаа хоёр жил уйгагүй хөдөлмөрлөж, хөрөнгө зарж байж үр шимийг нь  хүртдэг салбар. Тэр ч утгаараа тариаланчдын хөдөлмөрийг үнэлж улаан буудайн үнийг тонн тутамд 380 мянган төгрөг болговол энэ салбар хөгжихийн зэрэгцээ  тариалан эрхлэгчид ч зардлаа нөхөх боломжтой болно.

Хамгийн гол нь Засгийн газраас тариаланчдад урамшуулал олгож байгаа ч эргүүлээд гурилын үйлдвэрүүд улаан буудайн үнийг бууруулж байгаа нь чанарын ямар ч ялгаа байхгүй болчихож байгаа юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц олох ёстой болоод байна.Төрийн зүгээс зах зээлийг чөлөөт болгоод өгөөсэй. Ялангуяа улаанбуудай газар тариалангийн зах зээл чөлөөт байх ёстой.

Эх сурвалж: “БИЗНЕС ТАЙМС” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж