
К.Сайрааныг ямар шалтгаанаар шалгах тухай сануулахад, Бүгд Найрамдах Казакстан улсын Тагнуулын газрын “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбековын гаргасан тодорхойлолтод Монголын Элчин сайд К.Сайрааныг Кувейтэд Казакстаны тагнуулаар ажилладаг байсан, ингэхдээ Алтай хэмээх нууц нэрээр тагнуул, туршуул хийж байсан тухай дурьдсан байдаг юм. Хэрэв К.Сайраан Эрүүгийн хуулийн 79.1-т заасны дагуу Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдвол 16-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх учиртай.
Гэхдээ К.Сайрааныг буруугүйд тооцож, ял шийтгэлгүй өнгөрөх үндэслэл бас бий. Энэ нь К.Сайраан нь гадаадын албатай холбоотой болохоо төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн эсвэл гадаад улсын тагнуулын албанд элссэн боловч авсан даалгавраа биелүүлэх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй бол хариуцлага, ялаас чөлөөлөх хуулийн заалттай гэнэ.