Энэ явдалтай нэлээд төстэй явдал өнгөрөгч өдрүүдэд болж байна. МАН-ын залуус намдаа байх ёсгүй авлигачдаас салах болсныг уриалав. “Манай намд авлигачин, луйварчид байна, тэдгээрээс салах цаг болсон” гэж мэдэгдэв. Харин хэвлэлийнхний зүгээс “яг хэн юм бэ, тэр авлигачин чинь” гэж асуухад “бид нэр заахгүй, гэхдээ байгаа” гэж байгаа нь Тунгалаг тамирын ламхайг санагдуулна.
Урилгагүй зочдын зорилго биелсэнгүй
МАН-ыг шинэчлэгчид болоод даалгавраар дуугардаг ламхай нарын хооронд ялгаа бий эсэх нь удахгүй тодорхой болно. Ямартаа ч МАН-ын шинэчлэх залуусын одоогийн гол зорилго нь намын Бага хурлыг наадмаас өмнө долдугаар сарын 8-ны дотор хуралдуулахыг шаардах, ингэснээр Бага хурлаар МАН-ын шинэчлэлийн Их хурал буюу 27 дугаар их хурлыг зарлан хуралдуулах аж. Хурал хуралдана гэдэг нь “намын удирдлагыг өөрчилнө” гэх утгатай. Мэдээж удирдлагыг өөрчлөхийн тулд гол бурууг тэдэнд наах хэрэгтэй. Өмнө нь хэвлэлээр өнөө шинэчлэгчид маань “намын 100 мянга гаруй гишүүнийхээ итгэлээр тоглож 100 гаруй хүний эрх ашгийн төлөө үйлчилдэг, тэднийг тэжээж тэтгэдэг механизм болгож хувиргасан нь хэдхэн хүнтэй л холбоотой” гэж байсан зоригтнууд маань өчигдөр орой намынхаа Их хуралд “урилгагүйгээр зочлон” орчихоод “энэ бол авлигач, энэ хүн луйварчин, энэ хүнийг шалга” гээд хэлчих зориг мөн л хүрсэнгүй. Тэдний энэ зориггүй байдлыг Ц.Нямдорж хүртэл хараад “манай залуучууд зориггүй” гэж дүгнэв. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат албан тушаалаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэн нь зориг гэхээс илүүтэй нурах нь тодорхой байшингаас гүйж гарч буй мэт харагдав. Гэвч эдгээр эсэргүүцлийн ажиллагааны үр дүн нь өчигдрийн хувьд гарсангүй. Намын дарга Ө.Энхтүвшин наадмаас өмнө Бага хурлыг хуралдуулж өгнө гэсэнгүй.
Оройхон хуралдсан хурлаас хэдэн цагийн өмнө МАН-ын залуус хэвлэлийн хурал хийсэн юм. МАН-ын залууст байтугай хошин шогийнхонд Тусгаар тогтнолын ордон олддог. Хэвлэлийн хурал хийчих боломжтой олон өрөөтэй, хурлын хэд хэдэн танхимтай энэ ордонд МАН-ын залууст ганц өрөө олдсонгүй юу, ямартаа ч тэд гадуур хэвлэлийн түрээсийн танхимд мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хурлын гол баатрууд МАН-ын залуу гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ болоод НАМЗХ, НИТХ-ын төлөөлөгчид, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, Оюутны холбооны нөхөд байв. Хэвлэлийн хурлын гол мессеж “Авлигын гэмт хэрэгт холбогдсон намын нэр бүхий зарим гишүүдээс болж МАН-д итгэх ард түмний итгэл дэмжлэгийг алдсан нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, улс төр, ёс зүйн хариуцлага тооцон авлигагүй нам болохыг намын бүх шатны байгууллагууд удирдлага, сүүлийн хоёр сонгуульд дараалан ялагдуулсан намын удирдлагууд бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх” гэдэг байв.
Даваа гариг бүрт УИХ дахь намын бүлгүүд тус тусын хуралдаанаа хийж, уг хурлынхаа дараа хэвлэлийнхэнд товч мэдээлэл өгдөг жишиг бий. Гэвч өчигдрийн хувьд намын бүлгийн хурлын дараа МАН-ын бүлгийн удирдлагууд ум хумгүй гарч гүйлдэв. Хэвлэлийнхэнд “дараа нь яриа өгнө” гэчихээд амласандаа хүрсэнгүй. Хэрэв тэд хэвлэлийнхэнтэй уулзсан бол хамгийн эхний асуулт “МАН-ын залуусын шинэчлэлийнх тухай, удирдах зөвлөлийнхөн үүнд ямар байр суурьтай байгаа тухай” байх байв. Гэвч Ө.Энхтүвшин нарын хувьд өчигдөр үдээс өмнө хэлчих тодорхой байр суурь байхгүй байсан болоод л хэвлэлийнхэнээс зугтсан гэж ойлгов.
Уг нь бол МАН-ын шинэ даргаар Б.Бат-Эрдэнийг тавихыг тэднээс шаардах эрх бий. МАН-ынхан улс орныг удирдаж чадна гэж Б.Бат-Эрдэнийг дэвшүүлж чадсан юм чинь, ганц намыг удирдаад явчих хүн гэж үнэлэхгүй байвал өмнөх шийдийг нь “тэгвэл яах гэж Б.Бат-Эрдэнийг улсыг удирдана гэж дэвшүүлсэн юм бэ” гэж амыг нь асуухаас аргагүй. Хэрэв Б.Бат-Эрдэнийг намаа удирдаж чадахгүй гэж голж байгаа бол, намын хэмжээнд гологддог нөхрийг ерөнхийлөгчид зүтгүүлсэний хариуцлагыг МАН хүлээх ёстой.
Улс төрийн хариуцлага хүлээнэ гэдгээ одоогийн удирдлага нэгэнт хэлчихсэн, хэн ч суудлаа өгөхгүй гэж зүтгээгүй, хэн ч би буухгүй гээгүй. Харин хэн шинэ удирдлагад орох вэ гэдэг л яригдаж байгаа.
Улс төрийн нүүдлээр нь харвал энэ хөдөлгөөн У.Хүрэлсүх мэт улс төрчдөд хамгийн ашигтай. МАН-ын шинэчлэл ярьж буй залуусын зорилго тодорхойгүй хэвээр. МАН –ынхан өнгөрсөн жил шинэчлэлийн тухай ярьж л байсан, түүнээс өмнөх жил шинэчлэлийн тухай ярьж л байсан, энэ жил ч мөн ярьж л байна. Өчигдрийн Удирдах зөвлөлийн хурал дээр ч үүнийг намынх нь нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар “Бидний шинэчлэл аль эрт эхэлсэн шүү дээ” гэж хэлж байх вэ дээ. Энэ бүхэн эцэстээ, МАН-ыг шинэчлэх хөдөлгөөн үү, эсвэл У.Хүрэлсүх нарыг эргүүлэн авчрах төлөвлөгөө юу?